Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм: Иргэдийн бухимдалтай тулгарсан шийдвэрийг гаргасан нь такси үйлчилгээтэй холбоотой нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд орсон өөрчлөлт байлаа. 

Энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхэлж такси үйлчилгээ үзүүлэх иргэд болон ААН-үүд хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг болно. Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, ААН-ийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ хэмээсэнд олон иргэд бухимдлаа. Гэхдээ ингэснээрээ такси үйлчилгээ сайжрах, зах зээл дээр өрсөлдөх компаниуд бий болсоноор  монополь байгаа байгууллага үнэ өртгөө буулгах гээд олон давуу тал бий. Нөгөөтэйгүүр, зөвшөөрөлгүй таксинд суусан иргэдийг гэмт хэргийн хохирогч болох тохиолдолд ч буурна гэж албаныхан үзжээ.

Мөн иргэдийн өдөр тутамдаа бухимдах болсон шалтгаан нь замын халтиргаа, гулгаа. Он гарсаар замын халтиргаа гулгааны улмаас олон иргэд гэмтэж, бэртэж эрүүл мэндээрээ хохирч байна. Замын халтиргаа гулгаанд дүүргүүдийн Засаг дарга нараас хариуцлага нэхье!!!

"Ногоон автобус"-ыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоож, хэргийг нь прокурорт шилжүүлжээ. 

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" хэмээн мэдээлсэн юм.

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан байна.

Улс төр: Ирэх хаврын сонгуульд нэр дэвших улс төрчид өөр өөрсдийнхөө хүрээнд дахин хүч үзэхээ илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байдаг. Тэгэхээр олон намын өрсөлдөөн биш хоёр намын хооронд өрсөлдөөн илүү өрнөх байх. 

Монгол Улсын асуудлыг шийдвэрлэе гэвэл Улаанбаатар хотын асуудлыг түрүүлж ярих ёстой. Гэтэл энд сонгогдох гишүүдийн тоо цөөн байгаа нь буруу. Мөнгөтэй, олонд илүү танигдсан хүмүүс сонгогдох магадлал өндөр болно.  Дөрвөн жилийн өмнө Ардчилсан Нам(АН)-аас хассан тул бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа намаасаа өрсөлдөхөөр төлөвлөж байна.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Нэр дэвшинэ. Намын түдгэлзсэн асуудал нь цаг хугацааных. Хэрэг хийсэн хүнийг түдгэлзсэнд тооцдог. Нүүрсний хулгайч гэж зарлагдлаа. Та нар мэдэж байгаачлан зарлагдаагүй, шалгагдаагүй зүйл байхгүй. Бүх зүйл дээр шалгагдаад дууссан. Одоо нэрээ цэвэрлэж авна.

Томсгосон тойрог гэдэг бол ажил хийсэн хүнд л зөв бодлого. Монгол Улс аймаг, дов жалганы бодлогоосоо гарч чадахгүй байна. Тийм учраас томсгосон тойрог бодлогын хувьд зөв. Өөр аймагт очоод тухайн хариуцаж байсан аймагтаа юу хийсэн бэ гэдгээ хэлж ярихад малчид, сонгогчид ойлгоно. Томсгосон тойрог бол хөгжлийн нэг том алхам болж байгаа. Рейтингтэй, юм хийсэн хүн л явна.

Улс төрд энэ жил их халуухан өрнөх нь тодорхой болоод буй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж өөрийн биеэр УИХ-ын даргад бараалхаж, шаардлага өгч уулзлаа. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Ч.Хүрэлбаатартай хувийн ямар ч өс хонзон байхгүй. Түүний санаачилсан хуулийн төсөл нь Монголынхоо газар нутгийг харийнханд өгөх хууль болох гээд байгаа учраас эсэргүүцэж байна.

Миний буруугаас болоогүй зүйл байхаа болилоо. Бараг нэг хүн халтираад унасан ч Баттулгаас боллоо гэдэг болж байна. 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдөр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болгосон цоорхой хууль болох нь. Иргэдээрээ хэлэлцүүлээч. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч ээ гэдэг асуудлагы Ерөнийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын гишүүд, залуучуудын төлөөлөлтэй хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авч байна. Хүлээж авах ёстой. Гадны хөрөнгө оруулалт гэж юу вэ гэхээр, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирэхэд "Өмнөговьд байдаг Тавантолгойд хөрөнгө оруулна" гээд санамж бичиг зурж байсан. Санамж бичиг зураад "Япончууд хөрөнгө оруулах юм байна" гэсний дараахан асар том довтлогоо болсон. Та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудал дээр очиж, над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт хийсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Японы хөрөнгө оруулалтаа ингээд зогсоож байсан. Мөн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байх үед Тавантолгойд олон улсын консерциум орох шийдвэрийг больж, ганцхан шийдвэрээр БНХАУ-ын Шинхуа компанид өгөх болж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгэдэг. Иймээс энэ тал дээр эргэн анхаараач гэх саналтай.

Эдийн засаг: Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

2023 оны 12 дугаа р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбааатардүүрэгт хамгийн өндөрбуюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна.

2023 оны 12 дугаа р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.

Спорт: ОУХМ Э.Даваахүү, О.Есүгэн, Н.Баяраа нар "Парис 2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

 

Индонезын нийслэл Жакарта хотод энэ сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.

Тус тэмцээнд ОУХМ Э.Даваахүү  Азийн аварга шалгаруулах тэмцээний "Хүрэл" медалийн эзэн болж, "Парис 2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос манай Н. Баяраа наймд шалгарч "Парис 2024" олимпийн эрхээ хүртлээ.

Ийнхүү ирэх зун Францад болох зуны Олимпийн наадамд одоогийн байдлаар Монголын гурван буудагч ( О.Есүгэн, Э.Даваахүү , Н.Баяраа) цэц сорихоор болж байна.

Соёл урлаг: Дуучин А.Хишигдалай, Гинжин нарын дуулсан "Хадын оройгоор" дуутай холбоотой дуулиан энэ долоо хоногт ч өрнөлөө

Дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудсаар дамжуулж түүхээр оролдчихсон гэдгээ ойлгоод уулчалт гуйсан юм. Дахиж олон ястны өв шингээсэн дуу дуулахгүй хэмээсэн.

Харин өчигдөр "Алтан хан буриад зон" тоглолтыг зохион байгуулж буй дуучин Э.Цэнгэлмаа хэвлэлийн хурал хийлээ.  Тэрбээр "Хадын оройгоор дуу бол буриад зоны хувьд эмгэнэлтэй түүх өгүүлсэн бүтээл. Энэ дууг А.Хишигдалай судалгаагүй дуулсан нь буруудсан байх. Цахим хуудсаар янз бүрийн мэдээлэл гарч, буриад зон олон талцаж байгаа мэтээр яриад байна. 

Би ийм дуу байдгийг А.Хишигдалайгийн уран бүтээлээс л мэдсэн. Ахмад буриадууд маань энэ дууныхаа түүхийг залуучуудад ярьдаггүйгээс бид түүхээ мэдэхгүй байна. Тэр утгаараа ийм дуу бий гэдгийг олон түмэнд таниулсанд нь талархах хэрэгтэй. "Алтан хан буриад зон" тоглолт тун удахгүй болно. Энэ тоглолтод А.Хишигдалайг албан ёсоор урьж байна. Бид дуучин А.Хишигдалайг цэнгүүн дээрээ урьж авчраад өндөг, гурил цацаж, харлуулах гэсэн зүйл байхгүй" гэлээ.