Амиа алдсан иргэд байхгүй, эмнэлэгт 10 иргэн байгаагаас гурвынх нь биеийн байдал маш хүн байна
2024/01/24
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн орчимд 60 тонн газ тээвэрлэж явсан машин осол гаргаж, дэлбэрсний улмаас 10 хүн түлэгджээ.
Иргэдийн биеийн байдлын талаар ЭМ-ийн сайд С.Чинзориг "Одоогоор ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн.
Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна.
Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна.
Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.
Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дарга Г.Ариунбуян "Галын аюулд хамгийн их өртсөн нь "Edu Apartment". Энэ байранд ойролцоогоор 180-200 орчим иргэн амьдардаг. Нэг орцтой, 14 давхар байр. Энэ байранд гарсан галыг манай байгууллагын 10 анги, 200 гаруй албан хаагчид гурван цаг гаруй ажилласны эцэст тархалтыг нь зогсоосон.
Бид Цагдаагийн байгууллагатай хамтарч утаашилтын бүсээс оршин суугчдыг гаргах ажлыг шуурхай зохион байгуулснаар иргэдийг "Күүпер Плаза" зочид буудал руу шилжүүлсэн.
Шатсан орон сууцанд үзлэг явуулаад хоёр өрхийн иргэнтэй холбогдох боломжгүй байсан ч сүүлд нь холбоо тогтоосноор Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өөр гэмтэж бэртсэн иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэсэн юм.
Мөн УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
-
Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн онцгой байдлын байгууллагын албан хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян удирдан ажиллана.
-
Ослын үед бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээний асуудлыг хариуцах ажлын хэсгийг ЭМ-ийн сайд С.Чинзориг ахлан ажиллаж байна.
-
УОК-ын дэргэд Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд шатах материал, шатахуун, хийн түлшний чиглэлээр ажилладаг ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх комиссыг байгуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхэллээ. Хууль зөрчсөн, стандарт зөрчсөн бол үйл ажиллагааг нь зогсоож, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
-
Галд 60 айлын орон сууц, 28 машин шатсан. Энэ айлуудын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр байршуулж, байранд нь яаралтай засвар хийх ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлыг хэсэг хариуцахаар боллоо.
Шадар сайд С.Амарсайхан “Үе үеийн Засгийн газар онцгой байдлын албан хаагчдын эрсдэлгүй байх, ард түмнээ авран хамгаалахад нь зориулж хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч ирсэн. Гэхдээ үе шаттай тавьж байгаа хөрөнгө оруулалт хангалттай биш. Үүний улмаас тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, техникт хүндрэл бэрхшээл учирч байгаа.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн ч ахуйн ослоос эхлээд байгалийн гамшиг байнга нэмэгдэж байна. Тиймээс онцгой байдлын албан хаагчдаас гар татаж болохгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрт нь тавих ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв.