2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчим гарсан галын ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 1 үйлчлүүлэгч нас барсан харамсалтай мэдээллийг хүргэж байна.

Анх галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн байна.

Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм.

Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд таван хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой 2 хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх нас барсан үйлчлүүлэгчийн нэр болон насыг хэлэх боломжгүй юм хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.