SOS: Утаанаасаа салахын тулд нэг сарын дотор 282 иргэн угаартаж, дөрвөн хүнээ алджээ
2024/02/02
Нийслэл хотоо утаанаасаа салахын тулд хүн амаа цөөлж буй харамсалтай мэдээг үргэлжлүүлсээр байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд дөрвөн жилийг үдэв. Гэтэл агаарын бохирдол улам нэмэгдсээр...
Энэ хугацаанд угаарын хийнд хордсон дуудлага буурахгүй хэвээр угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэнд, амиараа хохирсон иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Тэгвэл 2024 он гарсаар угаарын хийнд 282 хүн өртөж, эмнэлгийн тусламж авчээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хариуцах албаны хүний мэдээлж буйгаар “Нэгдүгээр сарын 1-ээс нэгдүгээр сарын 27-ны хугацаанд 282 хүн угаарын хийнд өртөж, 232 нь эмнэлгийн тусламж авч гэртээ буцсан. Харин 39 хүн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн.
Харамсалтай нь, угаарын хийн хордлогын улмаас дөрвөн хүн амиа алджээ. Угаартсан иргэдийн 137 нь хүүхэд, 145 нь насанд хүрсэн хүн байсан. Тухайлбал, 282 иргэний 106 нь Баянзүрх, 35 нь Сонгинохайрхан, 37 нь Сүхбаатар, 45 нь Чингэлтэй, 20 нь Хан-Уул, 14 нь Баянгол, нэг нь Налайх дүүрэгт бүртгэлтэй байна. Мөн Баян-Өлгий аймагт 15, Дорнод аймагт есөн хүн угаарын хийнд өртсөн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаар их бохирдолтой хэмжээнд хүрчээ. Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын тоонд 9-р байранд багтсан хэвээр байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байгаа аж.
Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм. Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар бүхий гэсэн байгууллагуудаас бүрдэж байна.
Зочин · 2024/02/02
Choijilsuren psda boliul yasan ym