УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг эсэргүүцлийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авчээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгааг шүүх байгууллагаас мэдээллээ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн юм.