Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ)-ын тухай хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл энэхүү буцаан олголтын хөнгөлөлт эдлэх хугацаа дуусахад ердөө нэг хоног үлдээд байна. ХХОАТ-ын тайлангийн хүсэлтийг хоёрдугаар сарын 15-н хүртэл татварын байгууллага хүлээн авах юм.

Энэхүү тайлангийн хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн.

Хэрэв та дээрх хөнгөлөлт эдлэх бол цахим татварын систем e-tax.mn хаяг руу нэр, нууц үгээ хийн, тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдэгт холбогдох мэдээллийг хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхжих юм.

Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэд нотлох баримтыг бүрдүүлэх материал цэсэд бүрэн хавсаргахаас гадна өөрийн бүртгэлтэй дансны дугаар, гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг үнэн зөв оруулах ёстой.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх, эсвэл хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.

Хэрэв орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татна гэлээ.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:

Худалдах, худалдан авах гэрээ,  Орлого нотлох баримт, Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

Цахим тайлан гаргах, илгээх e-tax.mn

Буцаан олголт авах хүсэлт цахим тайлангийн хавсралтаар байх аж.

Харин орон сууцыг барилгын компаниаас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.

Гэхдээ оюутнууд төлбөрийн буцаалт авахдаа төлбөр тушаасан баримтаа 2023 онд багтаж авсан бол буцаалт ирэх онд орно. Харин 2024 оны нэгдүгээр сараас хойш төлбөрийн баримт авсан бол 2025 онд шилжих аж.

Гадаадад суралцаж буй бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол Засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна. Хэрэв суралцах хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж.