Бизнес эрхлэгч С.Алтансүх, сэтгүүлч Болдко нар “Үнийн хөөрөгдлөөс гарах гарц” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: "Сүүлийн жилүүдэд Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хөгжүүлье гэдэг уриалгууд явагдсан. Үүний үр дүнд иргэд бараг бүгдээрээ ямар ч үед дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эхлээд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авья гэдэг зүрх сэтгэлтэй болж хэдий нь амжсан.

Гэтэл өнөөдөр та бүхэн дэлгүүрт ороод үзэх юм бол хамгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүн юу вэ? гэхээр монголын бараанууд байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа нь сайхан боловч бидний бүтээсэн үндэсний үйлдвэрлэл яагаад ийм их үнэтэй байна вэ?

Гадаадад очоод худалдан авалт хийхэд тухайн улс орны үндэсний үйлдвэрлэл нь хямд үнэтэй байдаг. Сүү, гурил, талх гээд 3 бүтээгдэхүүн дээр ярихад л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байна. Европын холбооны ихэнх улс тариа буудайгаа өөрсдөө тариалдаггүй, гадны улс орноос авдаг хэр нь Монгол улсад үйлдвэрлэсэн гурилнаас илүү хямдаар зардаг юм байна. Европын холбооны улсуудад 1кг гурилын үнэ дунджаар 40-50 цент буюу Монгол төгрөгөөр 1700-1800 төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголын маань гурил яагаад 2700-3100 төгрөгийн үнэтэй байгаа юм бэ? Монгол улс 70 сая малтай гэсэн хэр нь 1литр сүү яагаад 4000-5000 төгрөг байгаа юм бэ? Гуравхан сая монголчууд яагаад нэгнээ шулж, тонож, дээрэмдэж амьдраад байгаа юм бэ?

Бид хамгийн хямд сүүг уух, хамгийн хямд талх идэх, хамгийн хямд гурил хэрэглэх боломжтой шүү дээ. Зардал өндөр байна гэж тайлбар хийж магадгүй. Хэрэв тийм өндөр өртгөөр үйлдвэрлэж байгаа юм бол үйлдвэрлэх шаардлага байгаа юм уу? Бусад орноос сүүгээ 1700 төгрөгөөр худалдаад авчихая л даа. Гурилаа 1800 төгрөгөөр худалдаад авчихая. Ийм учраас уриалга гаргаж байна. Ард түмнээ дэмжээчээ. Ард түмнээ хайрлаачээ.

Ард түмэн чинь та бүхний төлөө олон жил бараа бүтээгдэхүүнийг чинь худалдаж авлаа. Тийм учраас та бүхэн нэг удаа ч болов зуд турхантай хүнд хэцүү цаг үед ард түмнээ хайрлаж, дэмжиж ажиллаачээ. Ард түмнээ бодож бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаачээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, гурил, сүү, талх өндөр үнэтэй байх нь иргэдэд маш хүнд тусаж байна. Европчуудаас өндөр үнээр үйлдвэрлээд байгаа юм бол тийм ашиггүй үйлдвэрээр яах гээд байгаа юм бэ? Та нарын гурилыг Европчууд 3060 төгрөгөөр худалдаж авах уу? Авахгүй байх. 1 литр сүүг Японд ч юм уу 5000 төгрөгөөр худалдаж авахгүй байх. Европын оронд 1 литр сүү 2000 гаруй төгрөгийн үнэтэй байхад Монгол улс 5000 төгрөгөөр нийлүүлж байна. Үүнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж яриад байгаа бол бид мангар болчихсон юм уу? Үйлдвэрлэгчид маань мангар болчихсон юм уу?" гэв.