E-Mongolia, E-Business-ээр дамжуулан 6,717 аж ахуйн нэгж шинээр байгуулжээ
2024/04/17
Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
Иргэдийн цаг, мөнгийг хэмнэсэн төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг гэх томоос том тодотголтой ковидын үеэр аминд орж олонд танигдсан систем. Магад байхгүй бол ус агаар мэт дутагдахгүй ч бухимдаж, цухалдах, санаж үгүйлэх нь тодорхой.
Тэгвэл бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан тусдаа платформыг бий болгосноос хойш мөн л нүд эрмэхийн зуур нэгэн он улирчээ. Энэ хугацаанд E-Business платформыг ашиглан 6,717 бизнес эрхлэгч өрх тусгаарлан шинээр аж ахуйн нэгжтэй болсон бол 33,750 хэрэглэгч өдөр тутамдаа тогтмол ашиглаж байна.
Анх 685 үйлчилгээтэйгээр шинэхэн хуудсаа нээж байсан E-Business платформ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн өнөөдрийн байдлаар 760 үйлчилгээг цахимжуулж 118,499 удаагийн амжилттай үйлчилгээг үзүүлснээс хамгийн олон буюу 45,270 удаа “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах” үйлчилгээг авчээ.
Нэг жилийн хугацаанд бизнес эрхлэгчид маань компанийн үндсэн мэдээлэл, хөрөнгө оруулагчдын мэдээлэл, байгууллагынхаа нэр дээрх тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөл, газар, үл хөдлөх хөрөнгө, татвар, торгууль зэрэг ААН-ийнхээ бүхий л мэдээллийг нэг дороос хардаг, цахимаар авч ашигладаг, мэдээлэлдээ хяналт тавьдаг цахим дадалд суралцсан гэж дүгнэж болох юм.
Тийм ч учраас 2023 оны сүүлчээс эхлээд нийслэл хотод үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг шинээр авах, сунгах, цуцлах хүсэлтээ цахимаар E-Business платформоор авах боломжийг нь бүрдүүлэн ажиллаж байна.
E-Business платформд хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл, өгөгдлүүд ил тод байх бөгөөд хуулийн этгээдийг регистр, нэр болон эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, оюуны өмч, төрийн худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан байдал зэргээр нь хайх боломжийг улам бүр сайжруулсан.
Бизнес эрхлэгчид, ААН-үүд E-Business платформыг ашигласнаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгаас бизнес эрхлэх боломж нэмэгдэхээс гадна өөртөө хариуцлагыг бий болгож, хэн нэгэн төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдлыг багасгаж байгаа юм.
Зочин · 2024/04/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh