Хариуцлага алдсан эмч нарт 1.6 жил хорих ял шийтгэлээ
2014/06/29
Нийслэлийн 3 дугаар амаржих газарт 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Э.Хонгорзулд кесарев хагалгаа хийлгэж төрүүлэх үедээ эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нар түүний хэвлийн хөндийд марль үлдээснээс хохирогчийн биед хүндрэл өгч 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хагалгаа хийлгэж гэдсээ тайруулсан байна.
Түүний биед ийнхүү хүнд гэмтэл учируулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, дүүргийн нэгдүгээр прокурорын газраас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Дээрх хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарыг гэм буруутайд тооцож, тэдний эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил, 6 сар хорих ял оногдуулан, уг оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Зочин · 2014/06/30
маш их баярлалаа