Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн хуулийн нэг гол заалт нь иргэдийн нэрийн дансыг өргөжүүлэх. Нэрийн данс ярихаар тэтгэврийн талаар ярих нь элбэг. Тэгвэл энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул “Тэтгэврийн даатгалд 17 хувийн шимтгэл төлж байгаагаас 8.5 хувийг даатгуулагч цалингаасаа харин үлдсэн 8.5 хувийг ажил олгогч төлдөг. Үүнээс хоёр хувь нь даатгуулагчийн мөнгөн хуримтлалын данс руу шилжиж орох юм. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 17 хувиас хоёр хувь нь ажил олгогчийн сонгосон банкны дансанд хуримтлал үүснэ гэсэн үг” гэв.

МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН ДАНСЫГ “АШИГЛАХ” БОЛОМЖ

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Байгаль сарын цалин 2.041.363 төгрөгийн цалин авдаг аж. Тэрээр нийгмийн даатгалын шимтгэлд 489.927 төгрөг төлдөг байна. Тэгвэл Г.Байгаль мөнгөн хуримтлалын дансандаа сар бүр 9799 төгрөгийг хуримтлуулах нь. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар тусдаа баланс үүсгээд нягтлан бодох бүртгэлд бичигдэн хуримтлагдах юм байна.

Одоо үйлчилж буй эрх зүйн хүрээнд иргэд нэрийн дансанд хуримтлагдсан дээрх мөнгийг дөрвөн төрлөөр “ашиглах” боломжтой. Нөлөө бүхий банкуудад хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах. Засгийн газрын болон бусад газ­раас гаргасан баталгаат бондууд, Төв­банкны үнэт цаасыг богино хуга­цаанд худалдаж авах. Төрийн санд богино хугацаатай, эргэлтийн байд­лаар хүүтэй байршуулж болох аж.

Өнгөрсөн оны сүүлчээс энэ оны гуравдугаар сарыг дуустал аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодогчид нийгмийн даатгалын системийн шинэчлэлтэй холбоотой нэлээд асуудал үүсгэсэн. Энэ нь зөвхөн ня-бо нарт ч бус өвчний магадлагааны мөнгө, жирэмсэн болон амаржсаны тэтгэмжээ авах хүмүүсийг ч бухимдуулаад авсан. Тэгвэл энэ шинэчлэлийн нэг хэсэг нь тухайн иргэний тэтгэврийн мөнгөн хуримтлалыг дээрх байдлаар бүртгэлжүүлэх ажил байсныг Л.Мөнхзул дарга ярьж байв. Өөрөөр хэлбэл, хуримтлалын тооцооллыг хийх үйл явцыг системийн шинэ программ дээр тусгажээ. Харин энэ аппликэйшн энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр ажиллагаанд орох юм байна.

Даатгуулагчийн зүгээс ямар төрөлд хөрөнгө оруулах талаар Засгийн газраас батлах журмаар зохицуулна. Журам баталсны дараа даатгуулагч иргэн насны бүлгээсээ хамаараад тэтгэврийн хуримтлалаараа ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх сонголтын талаар санал авна. Даатгуулагч иргэн дундаж өгөөжөө тооцоолоод оруулах хуримтлалаа шийднэ. Энэ талын хүсэлтийг харгалзан үзэж хөрөнгө оруулалтын багц руу хуваарилах гэсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж буй ажээ.

ОНЫ ЭЦЭСТ 380 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭРИЙН ДАНСАНД ХУРИМТЛАГДАНА ГЭВ ҮҮ?

Багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд энэ онд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрөх вэ гэдэг анхаарал татах асуулт. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалд хам­рагд­сан хүний тоо сар бүр ялгаатай байдаг. Дунджаар 800 мянгаас нэг сая орчим даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

2024 оны нэгдүгээр улирлын байдлаар даатгуулагчдын нэрийн дансанд 50 гаруй тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүсээд байна. 2024 онд даатгуулагчдын нэрийн дансанд 380 гаруй тэрбум төгрөг хуримтлагдах юм байна.

Нэрийн данс нь байна уу, мөнгөн хуримтлалын данс байна уу гэдгээс үл хамаарч минийх хэмээн өмчлөх сэтгэлгээтэй монголчуудын хувьд мөнгөн эх үүсвэрээ өөрийн дураар ашиглаж, зарцуулахыг хүснэ. Харин үүнийг хэрхэн зохицуулах, ямар байдлаар ашиглах нь тогтоол, шийдвэр, дүрэм журмаар зохицуулагдах учиртай. “Энэ жил дөнгөж дансны үйл ажиллагаа эхэлж байна. Нарийн зохицуулалтын хуулийг УИХ-ын дараагийн чуулганаар батлах болов уу” гэх хүлээлт албаныханд буй ажээ. Манай улс хагас хуримтлалын тэтгэврийн тогтолцооны хэлбэрт энэ жилээс шилжиж байгаа. Аажмаар шилжүүлэх зарчим баримталж буйгаа албаныхан тайлбарласан. Гэсэн хэдий мөнгөн хуримтлалын дансанд энэ жилдээ 400 тэрбум төгрөг, ирэх жил 800 тэрбум төгрөг төвлөрнө гэх тооцоо байгаа юм билээ. Энэ мэтчилэн явсаар 3-4 жилийн дараа нийт тэтгэврийн сангийн зардал 30 орчим хувьд хүрнэ гэж тооцоолсон тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярьж байв. Энэ нь тэтгэврийн сангийн бодит мөнгөн хуримтлал харьцангуй хурдацтай өснө гэсэн үг хэмээн тэрээр тайлбарласан юм.

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага монголчуудад бий. Тиймээс мөнгөн хуримтлалын дансанд байршуулсан мөнгө өсөхийн хэрээр эрх зүйн орчноо илүү сайжруулж, нарийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулалтад оруулах санхүүгийн хэрэгслийн тоог ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр нийгмийн даатгалын мөнгөн хуримтлалын сан, тэтгэврийн өгөөжийг хүртэж, инфляциас сэргийлэх боломжтой юм.

Даатгуулагч нэрийн данснаасаа мөнгө хэзээ авч, ашиглах боломжтой талаар эхний ээлжид Засгийн газраас эрүүл мэнд, боловсролдоо зарцуулахаар хуульд тусгажээ. Харин бодит хуримтлалын мөнгөө даатгуулагч хэзээ авахыг хуулиар зохицуулах аж.

Ямартай ч “сан”-гуудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлагыг мөнгөн хуримтлалын данс “эвдэж” эерэг үлгэрлэл үзүүлэх биз ээ.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 88 (7332)