“HiPay Cup 2024”морин тойруулгын уралдаан хэд хоногийн өмнө Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо. Тэмцээнтэй холбогдуулан “Монголын Морин тойруулгын клуб”-ын морин уралдааныг зохион байгуулах багийн гишүүн Э.Цолмонтой ярилцлаа.

-Морин уралдаан болсон газар хотоос хэдэн километр зайтай вэ?

-Хотоос ойролцоогоор 60 километрийн зайд байрладаг.

-Уралдаанд хэдэн насны, хичнээн морь давхив?

-Тэмцээнд сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол шүдлэн, монгол их нас, монгол соёолон гэсэн ангиллаар нэг уралдаандаа 12 хүртэлх газар газрын улс, бүсэд айрагдсан хурдан ажнай уралдлаа.

-Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс ямар хүндрэл бэрхшээл тулгарав. Монголд анх удаа ийм төрлийн морин уралдаан зохион байгуулах ямар байна вэ?

-Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулахад хэд хэдэн хүндрэл бэрхшээл тулгарсан. Гэхдээ бид бэрхшээлийг боломж болгон харсан. Орчин үеийн стандартад нийцсэн зорилгодоо чиглэсэн шийдлээр зохион байгуулж, олон нийтийн талархлыг хүлээж чадсандаа баяртай байна.

-Иргэд, уяачид ямар сэтгэгдэл үлдээж байв?

-Тэд тэмцээнд маш их сэтгэл хангалуун байлаа. Үзэгчдийн хувьд уралдааны өмнөх морины танилцуулга, уралдааны үеийн гараа, барианы хажуунаас нь шууд үзэх, тайзны дүрс, тайлбарлалттай үзсэн нь шинэлэг сайхан байсан талаараа дурьдаж байв. Үүнээс гадна Монголын морин уралдааныг олон улсад таниулах боломжийг ихээр үнэлсэн. Түүнчлэн, уралдааны явцад морин спорт, төр нийгмийн зүгтгэлтнүүд оролцсон нь уралдааны цар хүрээг тодорхойлж байна.

-Тэмцээнд оролцох хураамж хэдэн төгрөг вэ?

-Уралдааны бүртгэлийн хураамж нь нэг сая төгрөг. Бүх хураамжийг 100 хувь шагналын санд зарцуулсан. Нэмээд түрүү магнайг спонсорын шагнал буюу суудлын болон ачааны автомашинаар мялаасанд нь уяачид маань тун баяртай байна.

-Морин тойруулгын уралдаан унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын хувьд уламжлалт уралдаанаас дээр байна уу?

-Нэгдүгээрт, бид өөрсдөө уралдааны талаар бодолцож үзэх хэрэгтэй. Монгол адууны хэмжээ, туулах зам, унаачийн жин гээд олон хүчин зүйлс байна.

Бид цаашдаа тогтвортой уралдаан зохион байгуулахын тулд мэргэжлийн унаач, унаачийн үнэмлэх шаарддаг тогтолцоонд орох нь чухал. Энэ удаагийн уралдаанд бид унаачид 12 наснаас дээш, эмчийн үзлэгт болон даатгалд хамрагдсан, каск, хамгааллалтын хэрэгсэл өмссөн байх шаардлага тавьсан.

-Морин тойруулгын цогцолбор тогтмол ажилладаг болвол тэнд олон хүн ажлын байртай болох давуу талтай юу?

Монголын морин тойруулга тогтмол ажилладаг бол олон ажлын байр бий болж, орон нутгийн иргэдэд ажил олгох боломжтой. Тэмцээн зохион байгуулалт, морь уналга, аялал жуулчлал, бооцоо таавар, дуудлага худалдаа, хоол хүнс, мал эмнэлэг зэрэг олон салбарт ажлын байр олноор бий болно.

-Морин тойруулгын уралдаан тогтмол зохион байгуулбал гадны иргэд их сонирхох байх. Эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нь та хэрхэн харж байна вэ?

-Морин тойруулгын уралдааныг тогтмол зохион байгуулснаар гадаадын жуулчдыг ихээр татаж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Цаашлаад гадаад зах зээлд өөрийн уралдааныг экспорт хийж Монголын өв соёлыг дэлхийд таниулах боломжтой.

-Хэдий хэмжээний тойрогт морьд уралдаж байна вэ. Иргэд суудлаасаа бүхий л уралдааны явцыг харах боломжтой юу. Заавал машин, мотоцикльтой араас нь давхилдаад байх шаардлагагүй юу?

-Морин тойруулга нь 4.8 км урттай. Яагаад гэвэл монгол адууны онцлогт нийцүүлэн хурц өнцгөөр хийх эргэлтийг багасгасан байгаа юм. Үзэгчид суудлаасаа уралдааны бүх явцыг тодорхой харах боломжтой. Зориуралтын дрон байхад морьдын уралдааныг бүхэлд нь харахын тулд машин, мотоцикльтой араас нь дагах шаардлагагүй болсон.

-Дараагийн тэмцээнд оролцох хүсэлтэй уяачид хэзээ бүртгүүлэх ёстой вэ?

-Ер нь тэмцээн болохоос өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэлийн хугацаа, зааварчилгааг зохион байгуулагчид тодорхой зарладаг. Шинэ уралдааны талаар Facebook Mongo­lian Turf Club хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.

-Ямар үүлдрийн морь уралдаж байна вэ. Эрлийз адуу уралдаж болох уу?

-Монголчууд бид сэрвээний өндрөөс хамаарч адууг монгол, сонгомол гэж ялгадаг. Бидний зүгээс монгол төрлийн уралдаанаа сэрвээ хэмжигч автомат төхөөрөмжөөр хэмжиж оролцуулсан бол сонгомол төрөлдөө сэрвээг хэмжээгүй уралдуулсан.

Тэгэхээр тойруулгын бооцоот тэмцээнд холимог цусны морьд болон цэвэр монгол адуу аль аль нь уралдах боломжтой. Бид барианд орсон морь болгоны хурдыг хэмжиж байгаа нь цаашдаа ялгарах шаардлагагүйг харуулах, уралдааныг сонирхолтой болгох зорилготой.

-Гадаадын жуулчид болон жирийн иргэд бооцоо тавьж болох уу. Хууль эрх зүйн хувьд ямар боломж байдаг вэ?

-Гадны жишгийг харахад морин тойруурлгын бооцооны орлого нь тухайн бүс нутгийн хөгжлийн тодорхой хувийг эзлэдэг. Сонирхогч, уяач, унаач, эздийг үнэлэх гол үзүүлэлт болох юм. Монгол Улсын хэмжээнд бооцоот таавар зохион байгуулах эрхтэй гурван компани байдаг боловч татварын хэмжээ, нөхцлөөс хамаарч өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа гэж харж байна. Гэсэн хэдий ч шинэ хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь иргэд болон гадны жуулчдад илүү сонирхолтой байх болно гэж найдаж байна.