Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр мэдэгдлээ.

Зарим телевиз, мэдээллийн сайтаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүдийг гаргажээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Шүүхийн мэдэгдэл бүрэн эхээрээ:

МЭДЭГДЭЛ

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсантай холбогдуулан зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсныг үүгээр мэдэгдэж байна.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР