Б.Соёлмаа: Хүмүүс зөв хооллож, хөдөлгөөн хийх ёстой гэдэг мөртлөө сэтгэцийн эрүүл мэнддээ хайнга ханддаг
2024/06/18
Архинд донтох эмгэгийн талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн Донтох эмгэг судлалын их эмч Б.Соёлмаа дараах зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Тодруулбал нийгмийн асуудал, биологийн өгөгдөл буюу ферментийн дутагдал, тэр дундаас сэтгэл зүйн дархлаа султай байх нь архинд донтох эмгэгт өртөх томоохон хүчин зүйл болдгийг хэлсэн юм.
Сүүлийн 10 гаруй жилийн ажиглалтаас үзэхэд манай улсад архинд донтох эмгэг нэмэгдэж байна.
Жил, сар, өдөрт хандаж буй үйлчлүүлэгчдийн тооноос харахад тасралтгүй өсөж байгаа.
Орчин үед хүмүүс биеийн эрүүл мэнддээ анхаарах болсон. Зөв зохистой хооллож, хөдөлгөөн хийх ёстой гэдэг мөртлөө сэтгэцийн эрүүл мэнддээ хайнга хандаж байна.
Архинд донтох эмгэг, архины хамаарал, архисах өвчин бүгд нэг ижил утгатай. Архи өөрөө химийн бодис юм.
Химийн донтолт гэдэг нь этилийн спирт эсвэл бусад мансууруулах төрлийн бодист донтохыг хэлнэ. Эдгээр нь ямар нэгэн химийн бодисын агууламжтай учраас ингэж үздэг.
Харин химийн бус донтолт нь зан үйлд чиглэнэ. Тухайлбал тоглоомын дон, мөрийцөх дон, цахим донтолт, ажлын дон, бэлгийн дон, шоппинг дон гэж хүртэл байдаг.
Ажилдаа хэтэрхий шунан дурлах нь нэг талаараа зан үйлийн донтолт болчхоод байна. Мөн ямар ч шаардлагагүй байхад байнга худалдан авалт хийх нь хүртэл нэг бодлоор химийн бус зан үйлийн донтолт гэж үзээд байгаа.
Архины хамаарал бол хүнд өвчин. Үүнийг сэтгэцийн буюу тархины өвчин гэж үздэг.
Архины хамааралд нөлөөлөгч гурван хүчин зүйл байдаг. Хамгийн эхэнд нийгмийн хүчин зүйл нөлөөлж буй.
Энэ нь өсөж торнисон гэр бүл, ажлын орчин, тухайн хүний нийгэмд эзэлж байгаа байр суурь зэрэг нийгмийн бичил орчноос шалтгаалдаг.
Дараагийн том шалтгаан бол биологийн хүчин зүйл. Хүн төрөхөөсөө удамшлын буюу генетикийн өгөгдөлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл элэгнээс ялгарах архийг задлах ферментийн дутагдалтай байх эсвэл тухайн хүний цусан төрөлд архины хамааралтай хүн байсан эсэх нь биологийн хүчин зүйл.
Байгалиасаа ферментийн дутагдалтай, бага уусан ч задалж чадахгүй маргааш нь шарталт, хордлогод өртөнгүүтээ дахин дахин уух шалтгаан үүсэж байгааг биологийн хүчин зүйл гэж тайлбарлаж болох юм.
Багадаа хүчирхийлэлд өртөж байсан эсхүл гэр орны хүмүүжил, хайр халамж дутуу орчинд өссөн зэрэг нь сэтгэл зүйн хүчин зүйлд хамаардаг. Сэтгэл зүйн дархлаа султай, аливаа асуудалд амархан түгшдэг гэх сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлнө.
Дээр дурдсан гурван хүчин зүйл хүнийг архины хамааралтай болгох эрсдэлтэй. Гэхдээ энэ гурван хүчин зүйл гурвуулаа тухайн хүнд давхцаж байж “архинд донтох эмгэг” үүснэ.
Сэтгэлийн тэнхээ муутай, нийгмийн орчин, ойр дотно хүмүүс архины хамааралтай байсан гэх гурван хүчин зүйл давхацсан байдаг. Түүнээс биш уусан болгон архинд орохгүй.
Судалгаануудаас харахад
- Монгол эрэгтэй хүнд 5-10 жилийн хугацаа
- Монгол эмэгтэй хүнд 2-5 жилийн хугацаанд архийг давтамжтай буюу тогтмол хэрэглэснээр "Архинд донтох эмгэг"-тэй болох нь элбэг байна.
Бие махбодод нь дасал болоод ирнэ гэсэн үг.
Эхний ээлжид хүнд сэтгэцийн хамаарал үүсдэг. Өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд тэр хүнд давтамжтай бодогдохыг хэлнэ. Завсар гарвал л уух хүсэл ялимгүй байна гэсэн үг.
Хүндрээд ирэхтэй зэрэгцээд биеийн хараат байдал үүснэ. Өнөөдөр архи хэрэглэсэн байлаа гэхэд маргааш, нөгөөдөр нь үргэлжлүүлээд уухгүй л бол бие нь өвдөнө. Биднийхээр бол шарталтын шинж тэмдэг илэрдэг.
Толгой өвдөж, ам цангана, хөлөрнө, салгална, ядарна. Ингэх үедээ буцаад архиа хэрэглэхээр бие нь хэвийн болоод ирэхийг "биеийн хараат байдал" үүсжээ гэж үзнэ. Донтолтын хоёрдугаар үе шатанд дээрх шинж илэрдэг.
Хүндэрсэн шатанд сэтгэц, биеийн хамаарал аль хэдийн үүсээд зан төрх буюу тархинд өөрчлөлт гарна.
Тэр үед бие махбодод нь архины бүрэн дасал үүсчихсэн байдаг. Архиа хэрэглээд ирэхээр л тайвшраад эрч хүч орох жишээний. Энэ нь хүнд хэлбэрт орсон гэсэн үг.
Мөн "Архинд донтох эмгэг нь эмчилгээ авдаг өвчин. Гэхдээ уг сууриараа бүрэн эдгэрдэг гэж хэлбэл өрөөсгөл.
Сууриараа бүрэн эдгэхгүй боловч эмчилгээ авдаг. Хүмүүс “Би эдгэшгүй өвчин туссан. Уусаар байгаад дуусъя” гэж боддог. Ингэж бодох хэрэггүй.
20 жил архи уусан хүн ч архинаас гарч болдог. Хамгийн гол нь тухайн хувь хүн өөрөө архинаас гарахыг хүсэхгүй бол эмчилгээ авахгүй. Энэ бол өөрөөс хамаардаг өвчин" гэдгийг Б.Соёлмаа эмч хэллээ.
ВИДЕО:
Зочин · 2024/06/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh