Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноож, нээлттэй хорих ангид шийтгэлийг эдлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. 

Улмаар түүнийг өчигдөр шөнө 22:15 цагт хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. 

Энэхүү шүүхийн шийдвэртэй холбогдуулан Ардчилсан Нам (АН)-ын бүлгээс дараах мэдэгдлийг гаргажээ. 



Тус мэдэгдэлд:

"Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сар хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд бид сэтгэл эмзэглэн хүлээж авлаа.

Ардчилсан Нам бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж ирсэн улс төрийн хүчин мөн. Хараат бус хэвлэл мэдээлэл ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана учраас сэтгүүлчийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, түгээх, чөлөөт үйл ажиллагаа явуулах, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахын төлөөх үйл хэргийг цаашид ч бид тууштай дэмжин ажиллахаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгээс 2023.11.24-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө хууль сахиулах байгууллагуудын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтэд өртсөн асуудлаар мэдэгдэл гарган ажиллаж байсан билээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүсэн сүүлийн хоёр хоногийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй, хаалттайгаар явуулсан нь ард түмний шүүхэд итгэх итгэлд ихээхэн эргэлзээ төрүүлсэн үйл явдал боллоо гэж бид үзэж байна.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно.

Түүнчлэн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулдаг, шүүхийн үйл ажиллагааг нийгэмд нээлттэй, ил тод болгох, сэтгүүлчийн чөлөөт үйл ажиллагааг хамгаалсан хуулийн төсөл болон Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

зураг