Х.Хонгорзул: Хамгийн аюултай нь тэдний хийсэн эмчилгээ, үзлэгүүд нь халдвар тараах, хүний амь эрсдэх нөхцөлийг бий болгож байна
2024/07/25
Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж халдвар тараах эрсдэл үүсгэж буй талаар тус сумын шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Түүнтэй тухайн үссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэнтий аймгийн Биндэр суманд хэр удаан ажиллаж байна вэ?
-Намайг Хүрэлдоржийн Хонгорзул гэдэг. Би Хэнтий аймгийн Биндэр суманд гэрээт шүдний эмчээр ажилладаг. Би улсаас цалинждаггүй. Сумын хүн эмнэлгийн кабинетыг нь ашиглан, иргэдэд төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Жижигхэн шүдний хувийн эмнэлэг байгуулсан гэсэн үг. Надад Биндэр сумаас ажлын санал тавьснаар ирж ажиллаад, гуравхан сар болж байна. Би энэ нутгийн удирдлага болоод хүмүүсийг нь сайн танихгүй. Нутгийн хүмүүс ч намайг сайн мэдэхгүй.
Би “Ач” анагаах ухааны их сургуулийг шүдний эмчээр 2014 онд төгссөн. Мөн АШУҮИС-ийг Хүүхэд, нүүр амны нарийн мэргэжлийн эмчээр 2017 онд төгссөн. Би 10 жилийн туршлагатай эмч хүн. Өмнө нь Цэргийн төв эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байсан.
-Хэнтий аймгийн Биндэр суманд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Долдугаар сарын 18,19 буюу хоёр өдөр солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ. Бүх юмнуудаа хурааж, кабинетаа суллаад өгөөрэй гэж надад эмнэлгийн зүгээс хэлсэн. Би багаж, тоног төхөөрөмжүүдээ хурааж, кабинетаа суллаж, хүлээлгэж өгсөн. “Солонгос эмч нар долдугаар сарын 18-ны 08:00 цагаас эхэлж үзлэг хийнэ” гэсэн зарыг тавьсан байсан. Тэр зар оруулсан цагтаа солонгос эмч нар үзлэгээ хийж эхэлсэн байх. Тухайн хоёр өдөр би ажиллахгүй болохоор амрах төлөвлөгөөтэй өөр тийшээ явах гэж байснаа больсон юм.
Гадны эмч нараас туршлага судлах, тэдэнд туслах зорилгоор шүдний кабинет руугаа очсон. Хоёр өрөөнд нийтдээ гурван эмч ажиллаж байсан. Намайг очиход нэг өрөөнд нь нэг эмч шүдний эмчилгээ, нөгөө өрөөнд нь хоёр эмч шүд авч байлаа. Би эмчилгээ хийж буй өрөөнд нь орсон. Шүд авч буй өрөөнд нь над дээр дадлага хийж буй АШУҮИС-ийн төгсөх курст орох оюутан орсон юм. Намайг эмчилгээний өрөөнд ороход бүх зүйлд ямар нэг ариутгал, халдваргүйтгэл гэх тийм зүйл, стандарт бол юу ч байхгүй. Өөрсдөө багаж, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэлтэйгээ ирнэ гэчихээд бүх юмаа солихгүйгээр салфеткаар арчаад л байгааг анзаарсан. Шүдний эмчийн багаж хэрэгсэл гэдэг халдварын өндөр эрсдэлтэйд тооцогддог. Манайд нэг хүнд хэрэглээд тэр үзлэгийн багажийг солих шаардлагатай байдаг юм. Тухайн багажинд хүний цус, шүлсээр дамжсан бүх төрлийн халдварууд наалдсан байдаг. Ариутгах үйлчилгээтэй ямар ч сайн салфеткаар арчсан ч тэр халдварууд арилдаггүй. Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү зэрэг эдгээр өвчнүүдийн халдвараас сэргийлж, заавал халдваргүйжүүлэх уусмалаар багажаа угааж, олон дамжлагаар тодорхой хугацаанд битүү орчинд, битүү чанагч шиг уураар +130 хэм хүртэл ариутгадаг ариутгалд орсны дараа ямар ч вирус, нян бактеригүй болж, ариутгагдлаа гэж үздэг. Гэтэл түүнийг салфеткаар арчаад л дахин, дахин хэрэглэж байгаа нь байж болохгүй зүйл.
Шүд авч байсан өрөөнд би ороогүй л дээ. Дадлагажигч охин намайг тухайн өрөө рүү дуудаж, харуулахад нүүр гарын алчууран дээр бахьнуудаа ярайтал ил задгай тавьчихсан байсан. Бахь зэрэг нэг удаагийн багаж хэрэгслүүд нь бүгд пакеттай байх ёстой. Пакетан дээрээ хэзээ ариутгасан болох талаарх тэмдэглэгээтэй байдаг.
-Та өөрийн зүгээс шүлс соруулагч зэрэг зарим зүйлсийг нь гаргаж өгсөн гэсэн. Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоох гэж таныг эмнэлгийнхээ удирдлагатай зөрчилдсөн гэж сонссон?
-Хэдийгээр би суманд ажиллаж байгаа ч гэсэн Монгол Улсын стандартын дагуу ямар ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм баримталдаг түүнийг л мөрдлөг болгож ажилладаг. Эмч бүр хаана ч ажилласан Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын стандартад нийцүүлэн ажиллах ёстой. Гэтэл улайм цайм мэргэжлийн эмч хүний нүдэн дээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөн олон үйлдэл хийхэд нь та нар ингэж ажиллаж болохгүй гээд аргаа барахдаа өөрөөсөө зарим юмнуудыг нь гаргаж өгсөн. Нэг удаа хэрэглэх зүйлийг яагаад дахин, давтан хэрэглээд байгаа юм бэ гэж тэр эмч нарт ч хэлсэн.
Сумын ИТХ-ын дарга зэрэг олон дарга нартай яриад тэр хүмүүсийн ажлыг шууд зогсоох эрх мэдэл надад байхгүй. Шат шатныхаа дарга нарт хандаж, эд нар ийм, ийм буруу зүйл хийгээд байна гэхэд эмч нартай нь ярилцъя гэсэн. Тэгээд солонгос эмч нарт манай энэ эмчийн хэлснээр ариутгалыг нь хийгээд, үзлэгээ үргэлжлүүл гэж байгаа юм. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн дарга амралтаа авсан байсан тул байгаагүй. Би “Яаж болох юм бэ. Эд нар чинь мэргэжлийн алдаа дутагдал их гаргаж байна. Анхнаасаа яг ямар шугамаар ирсэн юм. Зөвшөөрөлтэй юм уу, яг эмч хүмүүс мөн юм уу дарга аа” гэхэд Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлож байсан н.Эрдэнэбаяр эмч “Наадах чинь жижигхэн асуудал. Олон эмч ирсэн дээр бусад чиглэлээр нь хүмүүсээ үзүүлчихмээр байна. Солонгост очиж туршлага солилцох гэх зэрэг хамтарч ажиллах дараа дараагийн олон ажлууд бий. Түүнийг чамаас болж хаамааргүй байна. Чи зүгээр битгий олон юм яриад бай. Чи ер нь яагаад ингээд яваад байгаа юм. Орлогоо алдах гээд байна уу” гэж байгаа юм. Энэ мэтчилэн н.Эрдэнэбаяр эмч бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Миний хувьд хоёрхон өдрийн үзлэг хийгдэхэд эдийн засгийн уналтад орох хэмжээний хохирлын асуудал үүсэхгүй. Намайг мэдээж маш их гомдоосон. Миний хэлсэн зүйлийг огт ойлгоогүй тул солонгос эмч нар ирээд ийм, ийм алдаа дутагдал гаргаад, хэзээ ч хүнд дамжуулан хэрэглэж болохгүй зүйлсийг дамжуулж хэрэглээд байна гээд би Эрүүл мэндийн газар руу хандсан. Гэвч Эрдэнэбаяр эмч “Яах гэж Эрүүл мэндийн газар руу ярьсан юм. Би өөрөө ярья” гэсэн. Хэсэг хугацааны дараа “Би Эрүүл мэндийн газартай ярьсан. Ариутгалаа хийгээд үзлэгээ үргэлжлүүлж болно гэсэн” гэж байгаа юм. Нэгэнт маш олон ноцтой алдаа гаргасан байхад шүү. Манай Монголын нөхцөлд ийм зүйлсийг шууд таслан зогсоох ёстой. Энэ бол байж болохгүй зүйл гэж үзээд би нүүр хуудастаа пост оруулсан. Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо гээд олон газраас надтай холбогдсон. Биндэр суманд болж буй процессын талаар надаас тодруулж, өргөдөл гаргах ёстойг хэлсэн.
-Тэгээд та өргөдөл гаргасан уу?
-Тэр дагуу би Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөлд хандан өргөдлөө бичсэн. Зураг авч болохоор байвал зураг авчих гэсэн. Миний дарсан зурганд багажаа ариутга гэж хэлсний дараа тавиурын дээр нь ариутгасан, доор нь ариутгаагүй багажнууд нь бий.
-Хөдөөгийн сумдад шүдний эмч байдаггүй. Иргэдийн үзлэг оношилгооны талаарх нарийн ойлголтгүйг далимдуулж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн болж таарч байна уу?
-Хэл усаараа ойлголцохгүй, дээрээс нь үзлэг хийж байхад нь орсон болохоор намайг мэргэжлийн шүдний эмч гэж бодоогүй юм шиг байгаа юм. Шүдний эмчилгээ хийж байсан эмч нь “Өөрийг чинь шүдний эмч гэж бодоогүй” гэсэн. Би тэгэхээр нь та “50 настай хүний шүдийг ломбодсон багажаа салфеткаар арчаад манай 4,8,11 настай хүүхдүүдийг үзсэн. Өөрийнхөө хүүхдийг та салфеткаар арчсан багажаар үзэх үү” гэхэд “үгүй” гэсэн. “Яагаад тэгвэл монголчуудад ингэж хандаж байгаа юм бэ” гэхэд “Монголд ингэдэг л юм байх. Ариутгасан багаж маань дууссан учир ариутгах боломжгүй л гэж бодсон” гэх зүйлийг ярьсан.
Тэд шүд авсан элеватороо нэг тагтай уусмалд хийснээ эргэж гаргаж ирээд марлиар арчаад дахиад өөр хүнд шууд хэрэглэж байсан. Уусмал нь бохир, дотор нь байх багаж нь маш олон. Энэ уусмалаа “супер жи” гэсэн. “Супер жи” гэдгийг нь орчуулбал багажны гадаргуугийн бохирдлыг арилгах халдваргүйжүүлэх уусмал. Тэр уусмалд ариутгах нөхцөл нь ч өөр. Тэгэхэд дадлагажигч охиныг харж байхад тэр уусмал дотроосоо шууд багажаа аваад л хүний соёо шүдийг авсан байх жишээний. Энэ үед нь би болиулах гэхэд “Би Солонгосын их сургуулийн профессор. Бид Солонгостоо ч ингэж ажилладаг. Би оюутнууддаа хичээл заахдаа ариутгал, халдваргүйтгэл гэж хоёр өөр юм байдаг. Заавал өндөр температурт ариутгаж шүд авах ёстой гэж заадаг. Гэвч хөдөө орон нутагт юм уу ариутгал хийх боломжгүй нөхцөлд шууд хэрэглэж болно гэж заадаг” гэсэн.
Үзлэгийн багаж латошкоо хүртэл арчаад өөр, өөр хүн үзээд байсан. Сувгийн эмчилгээ шаардлагатай архаг үрэвсэлтэй хүний шүдийг гэхэд л өрөмдөөд ямар ч эм түрхэхгүйгээр, суваг цэвэрлэх ёстой уусмалуудаас хэрэглэхгүйгээр зүгээр дентин хийгээд таглачихаж байгаа юм.
Гэтэл манай сумын эмнэлэг ашиглалтад ороод жил ч болоогүй, ариутгалын сувилагч, өндөр зэрэглэлийн, стандартын дагуу өрөөтэй, цэвэр, бохир гээд бүх юмандаа холбогдсон.
-Солонгосоос ирсэн эмч нар ямар насны хүмүүс байсан бол. Тантай уулзахдаа тэд юу гэж хэлсэн бэ?
-Миний хувьд “Солонгос эмч нартай чинь уулзъя. Хаана, ямар ямар сургууль төгссөн, яг эмч мэргэжилтэй хүмүүс мөн үү гэх зэргээр надад асуух зүйл байна” гэж “Агапе” эмнэлгийн ахалж явсан эмчид нь хэлсэн. Тэр эмч “Би шүднийхээ эмч нартай дотроо ярилцчихаад, чамтай уулзъя” гэсэн. Би хүлээгээд л байхад тэд хүн нэмж үзээд л байсан байгаа юм. Оройн 23 цагийн үед би солонгос эмч нартай нь уулзсан. Тэдний зүгээс “Юуны түрүүнд уучлаарай. Бид үнэхээр алдаа гаргасан. Ийм их хүн үзнэ гэж бодоогүй. Бид материалаа гамнах үүднээс бээлийгээ савандаж угаасан юм. Шүлс соруулагч байхгүй байсан тул тэгж цэвэрлэгээ хийсэн. Өрөм дээр ч гэсэн яарсандаа л тийм алдаа гаргалаа” гэж алдаа гаргасан шалтгаанаа тайлбарласан. Надаас бол насаар хамаагүй ахимаг насны хүмүүс. Нэг хүн нь 70 гаруй насных. Хамгийн залуу нь миний аав, ээжийн үе гэж бодохоор ийм алдаа гаргасныг нь ойлгохгүй байгаа.
Хамгийн аюултай нь тэдний хийсэн эмчилгээ, үзлэгүүд нь халдвар тараах, хүний амь эрсдэх нөхцөлийг бий болгож байна. Хотоос 400 гаруй километрийн цаана уулын мухарт шахуу байдаг энэ хүмүүст чинь үнэхээр хэцүү. Халдвартай багажаар үзүүлээд халдвар авлаа гэж бодоход нууц үе гэж бий. Дараа нь надад үзүүлэхэд би халдвар тараачихсан юм шиг ийм эрсдэл үүсч буй юм. Би ийм хариуцлагыг хүлээхгүй ээ. Та нар одоо яах бодолтой байна хэмээн тэдэнтэй ярилцахад уучлалт гуйгаад л өнгөрсөн. Хууль эрх зүйн хувьд хүний эрүүл мэндэд нэгэнт хохирол учруулчихсан учир уучлалт гуйгаад өнгөрөх ямар ч боломжгүй асуудал байхгүй юу.
-Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөлийнхөн Хэнтий аймгийн Биндэр суманд хяналт шалгалт явуулж буй талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өгсөн байсан. Хяналт, шалгалт явуулахад нэмэлт зөрчлүүд илэрсэн үү?
-Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо,Халдварт өвчин судлалын үндэсний төв уг асуудлыг мэдээд манай эмнэлэг рүү өнгөрсөн ням гаригт шалгалтын баг ирүүлсэн. Хоёр өдрийн турш солонгос эмч нарын үлдээсэн өвчтөний түүх, хог хаягдал гээд бүх юмнуудыг нь шалгаад уржигдар буцлаа. Солонгос эмч нар бидэнд 25 хүн үзсэн гээд картыг нь үлдээгээд явсан. Бид шүдний эмч нарт үзүүлсэн хүмүүс байвал эмнэлэг дээр ирж шинжилгээ өгөөрэй гээд сумандаа зар тараасан. Шүдний эмчид үзүүлсэн хүний тоо одоогийн байдлаар 50 гаруй болсон.
Эрүүл мэндийн яамнаас шалгаж үзэхэд тэр хүмүүс ямар нэгэн байдлаар Эрүүл мэндийн яам, Хөгжлийн төвөөс огт зөвшөөрөл аваагүй байсан. Манай бүх эмч нар эмчилгээ хийх зөвшөөрөл таван жилээр авдаг. Тэгэхэд тэр хүмүүс Солонгостоо эмчилгээ хийх эрх нь бий ч, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирээд монгол хүнд үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал зөвшөөрөл авсан байх ёстой. Үзлэг, эмчилгээ хийх зөвшөөрөл аваагүй нь анхнаасаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Энэ хүмүүст хэрхэн арга хэмжээ авч, ямар хариуцлага хүлээлгэх нь одоохондоо шийдэгдээгүй байна.
“Агапе” эмнэлэг гэх өөрсдийн гэсэн хаяг шошготой автобустай, 24 хүний бүрэлдэхүүнтэй ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байтал тус эмнэлгийн зүгээс “Солонгос гурван шүдний эмч нь манайд ерөөсөө хамааралгүй” гэж өөрсдийнхөө арьсыг хамгаалсан мэдэгдэл хийсэн байсан.
-Солонгос шүдний эмч нарын үзлэг, эмчилгээнд 50 гаруй хүн хамрагдсан байна гэлээ. Хүүхдүүд мөн энэ үзлэг, эмчилгээнд хамрагджээ. Хамгийн бага нь хэдэн настай хүүхэд байсан бэ?
-Хамгийн бага нь хоёр настай хүүхэд. Мэргэжлийн шүдний эмч хүний нүдээр харах нэг өөр шүү дээ. Есөн жилийн турш Монголд ийм байдалтай үйл ажиллагаа явуулсан гэхээр үнэхээр харамсалтай юм.
Тус суманд дагуулж ирсэн христийн сүмийн хүмүүс нь ард иргэдийг миний эсрэг турхираад үл ойлголцлыг бий болгосон. Юу гэж турхирсан бэ гэхээр “Энэ шүдний эмч орлогоо алдах гээд сайхан сэтгэлээр үнэгүй үйлчилж буй хүмүүсийн үзлэгийг нь хийлгэхгүй байна” гэсэн буруу ойлголтыг хүмүүст өгснөөс надад таагүй хандсан хүмүүс ч бий. Би энэ хүмүүс халдвар хамгааллын дэглэм зөрчин үзлэг, үйлчилгээ үзүүлж байна гэж тайлбарлаад ч тэр бүр ойлгохгүй байсан. Тухайн үзлэг хийх өглөөний дөрвөн цагаас эхлэн нялх хүүхдээ тэврэх нь тэврээд л оочерлосон хүмүүсийн хэл ам ч их байсан. Тодорхой хугацааны дараа Эрүүл мэндийн яамнаас хүмүүс ирэхээр одоо яах вэ, би ямар нэг өвчний халдвар авчихсан уу эмч ээ гээд л асууж ирж байгаа юм. Хэцүү нөхцөл байдал үүсээд байна.
Л.МИНЖМАА
Зочин · 2024/07/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
иргэн · 2024/07/25
хамгийн Аймаар нь бас Дунд голын Бургасыг хядах нь Зөв гэж Солонгосуудаар хэлүүлсэн ш дээ,