Ингэний сүү нь хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү гэгддэг байна. Хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ингэний сүүг хэрэглэхийг зөвлөдөг.

Түүнчлэн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх ньчихрийн шижин, сүрьеэ, харшил, шарлалт, астма зэрэг суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Аутизмтай хүүхэд ингэний сүүг уусны маргааш эерэг шинж тэмдгүүд илэрч, энгийн үеэсээ илүү сайн амарч, тайван болдог аж.

Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар “Ингэн тагш” компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-“Ингэн тагш” компанийн үйл ажиллагаа хэр явагдаж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд юу саад учруулж байна вэ?

-“Ингэн тагш” компани 2009 онд байгуулагдсан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрладаг. Бид 10 гаруй жил ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэвч энэ жилээс үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, яг одоогийн байдлаар үйлдвэрлэл зогссон байна

Энэ бол цэвэр байгаль цаг уурын таагүй байдал, инфляцийн үнийн өсөлттэй холбоотой. Учир нь бүтээгдэхүүний түүхий эдийн тогтвортой байдал алдагдсанаас болсон. Хур бороо орж,цаг сайхан дэлгэрэхгүй байгаагаас үндсэн түүхий эд болох ингэний сүү ховордсон. Хүн бүр ингэний сүүний гайхамшгийг мэддэг боллоо. Энэ чиглэл рүү томоохон үйлдвэрүүд болон хувь хүмүүс маань орж ирж байна. Малчдаас авахад нэг литр сүү 15 мянган төгрөгийн үнэтэй болохоор үйлдвэрлэгч бид аваад нэмүү өртөг шингээгээд, натурал бүтээгдэхүүнийг гаргахад хүнд цаг үе бий болоод байна.

-Баянхонгорт байрлах “Ингэн эрдэнэ” үйлдвэр нэг литр ингэний сүүг 10 мянган төгрөгөөр авдаг тухай өмнө нь сонсож байсан. Ингэний сүүний үнэ өссөн гэсэн үг үү?

-Ингэний сүүний үнэ жилээс жилд өсч байна. Ковидын үеэс эхлээд сүүлийн жилүүдэд Баянхонгор ч юмуу, Өмнөговь, Дорноговь гээд говийн тэмээтэй нутгаар цаг дэлгэрээгүй. Үүнээс болоод сүү саалийн үнэ их нэмэгдсэн. Саяхан нийт нутгаараа бороо хур орлоо. Одоо л сүү саальтай залгаж үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэж, үнэ ханш нь ч буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Та бүхэн ингэний сүүгээр хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн бэ. Бүтээгдэхүүнийхээ гол онцлогийг дурдвал?

-Ингэний сүүгээр хийж болох бүх бүтээгдэхүүнийг хийж ирсэн. Тодорхой хэмжээнд цаг үеийн хүнд байдлаас үүдэн бүх бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ард иргэддээ зориулж технологийн жаахан өөрчлөлт оруулан боловсруулсан, янз бүрийн хольцгүй органик буюу натурал, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн нь бидний гол онцлог юм. Цаашид энэ хольцгүй, цэвэр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээ алдахгүйгээр үйл ажиллагаагаа явуулахад л бид анхаарч байна. Бүтээгдэхүүн маань өртөг өндөртэй үйлдвэрлэгддэг учраас ард түмний худалдан авах чадварт ч хүнд тусдаг. Цаг дэлгэрээд сүү сааль элбэгшиж, үнийн хувьд тогтворжихын цагт бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, худалдаанд гаргах бодол бий.

Ингэний сүүгээр аарц, ааруул, архи, ундаа зэргийг үйлдвэрлэдэг.Мөн ингэний сувиллын сүү, хоормог, бяслаг хүртэл хийж байна. Технологийг нь сураад авчихсан. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход түүндээ таарсан тоног төхөөрөмж, сав баглаа боодол, ард иргэддээ таниулах зэрэгт санхүүгийн бэрхшээлтэй асуудал их тулгардаг. Өөрсдийн бор зүрхээр зүтгэдэг бидэнд хүү өндөртэй зээлүүд чинь их хэцүү. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч байгаа ч гэсэн хаанаа ч хүрэлцдэггүй.

Малчны хотноос түүхий эдээ аваад янз бүрийн юмтай хольж, ард түмнээ хуурсан бүтээгдэхүүн гаргах юм бол эргээд энэ бүтээгдэхүүний нэр хүнд унана. Хятадын зах зээл дээр Шинжаан, Уйгар ч гэдэг юмуу ингэний сүү гээд маркетинг хийдэг хэрнээ натурал байдлаар хийхгүй хольцтой байдлаар гаргаснаас нэр хүнд нь унах жишээний. Бид өнөөдөр 500 мянга хүрэхгүй тэмээтэй, эндээс саалийн чиглэлээр хэчнээн ингэ сааж, сард, жилд хэчнээн мянган литр сүү авах боломжтой гэдэг судалгаанууд нь бий л дээ. Манай нэлээд том, том үйлдвэрүүд ийшээ анхаарлаа хандуулаад, дэлхийн олон улсын гэрээний жил гээд манай улс зарлачихсан. Хамгийн гол нь үүн дээр зөв бодлогоор нэгдэж явахгүй бол эрсдэлтэй байна. Монголынхоо цөөхөн ард түмнийг малын гаралтай эрүүл хүнсээр хангах чиглэлээр тодорхой амьжиргааны түвшинд нь нийцүүлэн, үнийг тогтвортой барих бодлогуудыг боловсруулахгүй дэлхийн зах зээл яриад байдаг. Дотоодынхоо зах зээлийг хангахгүйгээр дэлхийн зах зээл рүү гарна гэдэг өрөөсгөл ойлголт юм.

-Ингэний сүүний үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахад яг ямар бодитой дэмжлэгийг төр засаг, орон нутгаасаа хүсч байна вэ?

-Манайх Өмнөговь аймгийн харьяа. Энэ нутагтаа 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, ажлын байрыг бий болгож ирсэн. Яг үнэндээ Өмнөговь аймгаас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байгаагүй. Бид өөрсдийн бор зүрхээр л явдаг. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогоор яг энэ үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Дэмжих гэдгийг шууд мөнгөтэй холбон буцалтгүй тусламж үзүүлэх зэргээр ойлгож болохгүй. Бодлогын түвшинд мал аж ахуй, цаг үед нь нийцүүлэн шийдвэр гаргах юм. Энэ талаар ярихад их зүйл бий ч товчхон ярья. Сүүний чиглэлийн тэмээний шинэ омог үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Цаг уурын таагүй уур амьсгалаас хамааралтай биш. Тэгэхээр биотехнологийн эрдэмтэн багш нарын дэмжлэгийг авч, ямар нэмэлт тэжээлийг өгөх шаардлагатай вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Гэхдээ бүтэн эрчимжсэн биш, хагас эрчимжсэн байдлаар саалийн чиглэлийн ингэнүүдийн сүүний гарцыг тодорхой хэмжээнд сайжруулдаг, чанарт нь нөлөөлөхгүй, тэжээлийн асуудлыг шийдэж, тариалж байх чиглэл рүү явах ёстой. Ерөнхийдөө хоршоолол гэдэг маань зөв л дөө. Цаг уураас хамааралтай биш, сүүний чиглэлийн ингэнүүдээсээ тогтмол түүхий эд болох сүүгээ тогтмол авч байх нь үйлдвэрлэл тасралтгүй явагдах нөхцөлийг бий болгоно.

Өмнөговь аймаг улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа. Манай аймаг тэр чигтээ уул, уурхайн аймаг болсон. Гэсэн хэдий ч нэгдүгээрт, сум орон нутагт ажил хийх хүн олдохгүй. Мэргэжлийн боловсон хүчин дутуу. Хоёрдугаарт, улс орноороо эх орны хишиг зэрэг уул уурхай дагасан халамж руу чиглэсэн. Тэр утгаараа байгаль дэлхийгээ сүйтгэсэн. Түүнээс болоод цаг үе нь дэлгэрэхээ байлаа. Хоёр бөхт сайхан тэмээнийхээ ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээл рүү өрсөлдөх нь зөв. Гэхдээ бид монголчуудаа юуны түрүүнд органик бүтээгдэхүүнээр хангах ёстой. Бороо орсонгүй, өвс ургасангүй гэж суулгүй хоршоолол байдлаар зөв ажиллах ёстой.

Орон нутгийн томоохон Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн компаниудын хөдөлмөр хамгаалал дээр заасан байдаг. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Хортой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчид сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой гэдэг ч ингэнийхээ сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэмжиж авч ажилладаггүй. Бүтээгдэхүүн авсан ч баяр ёслолын үеэр багахан хэмжээгээр авдаг.Бид өмнө нь үе, үеийн төр засгийн удирдлагууд, нам засгийнхантай уулзаж, дэмжлэг туслалцаа хүсч л байсан. Олигтой үр дүнд хүрч байгаагүй. Улаанбаатараас 600 орчим километрийн цаанаас бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, тээвэр ложистикоо шийдээд нийслэлд авчирдаг. Бид бүтээгдэхүүнүүдээ нэмүү өртөг шингэсэн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Бүтээгдэхүүнүүд маань үнэндээ ард түмний гар дээр өндөр үнэтэй ирж байгаа.

-Нэг үеэ бодоход хүмүүс ингэний сүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлын талаарх ойлголт сайтай болжээ. Өндөр үнэтэй худалдаалж буй ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авах чадвар иргэдийн хувьд хэр байна вэ?

-Би түрүүн хэлсэнчлэн тасралтгүй органик, ямар ч хольцгүй цэвэр бүтээгдэхүүнээр олон жилийн турш ард иргэдээ хангаж ирсний хувьд байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Хэрэглэгчдийн маань тоо ч нэмэгдсэн. Манай үйлдвэрийн утас руу залгаад “Хэрэглэдэг бүтээгдэхүүн маань тасарсан. Үнэхээр хэцүү байна. Хэзээ гарах вэ” гэж асуух хүмүүс ч олон байна. Эрүүл мэндээ мэддэг, тодорхой хэмжээний орлоготой, боломжтой нэг хэсэг хүмүүс авч байгаа. Эсвэл зайлшгүй хэрэглэх эрүүл мэндийн шаардлагатай, үр дүнг нь мэдсэн хүмүүс авахаас өөр аргагүй гэдэг байдлаар манай бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Энэ нь эм биш ч гэсэн тодорхой хэмжээнд хүний эрүүл мэндийг дэмждэг. Танай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч. Даанч үнэ нь нэмэгдээд байх юмаа, үнээ бууруулах боломж байхгүй юу гэдэг хүсэлтийг худалдан авагчийн зүгээс тавьдаг.

-Та дотоодын иргэдээ ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангачихаад, дараа нь гадагшаа экспортлох нь зүйтэй гэлээ. Та бүхэнд гадны орнуудаас бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт тавьдаг уу. АНУ-ын Аутизмын холбооноос Баянхонгорт байрлах “Ингэн эрдэнэ” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авах санал тавьсан байсан.

-Солонгос, Хятад, Америк, Япон гээд гадны компаниудын төлөөлөл бидэнтэй холбогдсон. Гэхдээ энэ том гүрнүүд чинь асар том хэмжээнд ярьж байна. Сардаа хэдэн зуун мянган ширхэг бүтээгдэхүүн авахаар ярих жишээний. Өнөөдөр бид Монголынхоо зах зээлийг бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж чадахгүй, үйлдвэрлэл нь зогсонги байдалтай, түүхий эдийн доголдолтой энэ үед гадны зах зээл рүү орно гэдэг худлаа юм. Үйлдвэрлэлийн тогтвортой байдал гэдэг хамгийн чухал учраас би гадныханд амлалт өгч чадахгүй. Хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ гадагш гаргах боломжтой гэхээр гадны байгууллагуудын зүгээс дистрибьютор байдлаар манай бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүртээ зарах хэмжээнд ярьдаг.

-Үнээний сүүнд олгодог шиг ингэний сүүнд улсаас урамшуулал өгдөг үү?

-Үгүй. Яг хэзээ ингэний сүүнд урамшуулал олгодог болох нь тодорхойгүй. Ингэний сүүнд урамшуулал өгдөг болох талаар яригдаж байгаа.

Хоёр бөхт тэмээгээрээ аялал жуулчлалыг, тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий. Тэмээтэй холбоотой арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж болно. Миний хувьд ингэний сүүний сувиллыг бий болгох бодол байна.

Л.МИНЖМАА