Прокурорын байгууллага 2024 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38,501, мөрдөн байцаалтын 2,469 хэрэгт хяналт тавьж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 397 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 177 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76,
  • Өмчлөх эрхийн эсрэг 44,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
  • Авлига, албан тушаалын дөрөв,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гурав,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр нэг хэрэг байна.   

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон 500,000 төгрөгийг улсын орлого болгохоор хураан авсан нийтийн албан тушаалтан Л.Б, Э.О нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
     
  • Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар анги, Замын-Үүд болон Гашуунсухайт дахь гаалийн газрын алба хаагч 12 хүнд холбогдох Улсын хилээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх зэргээр бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;
     
  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор хураан авсан нийтийн албан тушаалтан Б.М-д холбогдох  хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;
     
  • Гэмт хэрэг үйлдэж олсон 280,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан нийтийн албан тушаалтан У.Д-д холбогдох Монгол Улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журамд заасан шаардлага хангаагүй зөрчлийг таслан зогсоох албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн Ц.Т-ээс хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд,
     
  • Дархан-Уул аймгийн прокурорын газраас, мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаль экологид учруулсан 1.1 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зургаан сая төгрөгийн техник хэрэгслийг улсын орлого болгохоор хураан авсан иргэн С.М нарын есөн хүнд холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.