НОБГ: Үерийн эрсдэлтэй газруудад хайрга, дайрга, шуудайлсан элс байршуулж, бэлэн байдлыг хангаж байна
2024/08/09
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх хоёр удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу алба хаагчид шалган заавар, зөвлөмж өгч, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас үер усны аюулаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Наймдугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас мэдээлсэн.
Гол усны түвшний мэдээлэл:
- Туул-Улаанбаатар голын усны түвшин 216 см үерийн түвшинд
- Тэрэлж-Тэрэлж голын усны түвшин 182 см хэвийн түвшинд
- Сэлбэ-Санзай голын усны түвшин 261 см хэвийн түвшинд
- Сэлбэ-Дамбадаржаа голын усны түвшин 96 см хэвийн түвшин
Мөн Хэрлэн гол үерийн аюултай түвшинд байгаа бөгөөд голуудын түвшин дээрх өдрүүдэд огцом нэмэгдэх хандлагатай байна.
Иймд Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабаас дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/656 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу долоон маршрутаар өдөр бүр НОБГ-аас 49 алба хаагч, долоон автомашин, дөрвөн завьтай, НЦУГ-ын гурав, ГБХХТ-өөс нэг алба хаагч гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна.
- Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюулд өртөх эрсдэлтэй 331 айл өрхийн 1,191 иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж, 42 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас өгч, Туул гол дагуу амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгж, байгууллагуудад иргэдийг эрсдэлд оруулахгүй байлгах зорилгоор үйл ажиллагааг нөхцөл байдлыг үнэлж түр зогсоох чиглэлээр гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.
- Мөн үерийн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн Онцгой комиссоос хайрга, дайрга, шуудайлсан элс, ус ихээр тогтдог газруудад ус сорох насос зэргийг байршуулж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээллээ.