Төв Азийн хоцрогдсон ядуу буурай Монгол орон, нүүдэлчин малчин ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнол, эрүүл мэнд, соёл боловсрол, хөгжил дэвшил, тайван амгалан амьдрал, аз жаргал авчирсан Ардын хувьсгалын түүхт 103 жилийн ойн их баяр наадам сайхан болж өндөрлөөд сар л болж байна.

Гэхдээ их баяр цэнгэл тойрсон хөөр хөдөлгөөн намдаж, сонин содон сэтгэгдэл, яриа хөөрөө татарч, намрын урт амралт, зугаалга, аялал жуулчлал хавтгайрч 100 жилийнхээ ойг тэмдэглэж буй олон сумдын наадмын тоосонд бүдгэрч байж ч магадгүй. 

 

Уг нь “Наадмын маргааш намар” гээд л орон даяар отор нүүдэл, мал таргалуулах, хашаа хороогоо сэлбэж засах, хадлан тариа хураах, аргал түлээгээ бэлтгэх гэхчилэн намрын их ажил хаа сайгүй өрнөдөг сөн. Тийм сүртэй, хэрэгтэй ажил сүүлийн гуч гаруй жилд бараг байхгүй болсон. Яагаад гэвэл манайх чинь “Эрх чөлөөтэй, ардчилсан орон” болоод тэр.

 

Гэвч туршлага сургамжийг, эрх чөлөө ардчилалтай андуурдаг ихэнх байгууллага хүмүүс, байгалийн гэнэтийн аюулд барьц алдаж, зуд турхан, хариуцлагагүйн гамшигт үзэгдэл мэтэд нэрвэгдэж өөдөө харах сөхөөгүй, зүг чигээ олохгүй сандарч мэгдэж явтал нэг л мэдэхэд нөгөө ирэх жилийн наадам хаяанд ирж, хамарт тулсан байх нь бий. Тэгээд бодохоор Ардын хувьсгалын 103 жилийн ойд зориулсан Улсын баяр наадам өндөрлөсөн ч, их наадмын дуйлаанд хөөрч хөвсөлзсөн сэтгэгдэлээ дарж, элдвийг бодож болгоох, санаж дурсах, засч залах, анхаарах сургамж, хийх ажил, онцлон шийдвэрлэх цөөнгүй асуудалтай тулгараад байх шиг. “Ирэх жилийн наадам хол байна” хэмээн тайвшрах аргагүй мэт. Учир иймд наадмаас үзсэн дуулсан, төрсөн бодол сэтгэгдлээ олонтойгоо хуваалцах санаатай өтөл буурал, өвгөн бичээч миний бие вээр үзэг цаасхан үрэлдүүлж сууна.

 

Яахав, Монголын нэгэн сайхан наадам сайн болоод саар, боломжтой болоод болохгүйтэйгээ түүхэн баримт болж үлдэг гэсэн хэрэг. Хэзээ хойно эргүүлж тойруулж харахад сонин л байж таарна. 

 

“Энэ жилийн наадам өндөрлөсөн, ирэх жилийн наадам хол байна, хол байна” гэцгээх боловч дөнгөж өндөрлөсөн наадам бүрийн сонин хачин, жилийн турш нялхаараа, өвлийн шөнийн уртыг гэтлэн хөөрөлдсөөр ард олны дунд үлгэр мэт уртын урт насалж бүр домогшиж мөнхөрдөг нь Монгол наадам бүрийн онцлог жам. Сайхан шүү.

 

Наадам бүр сайхан, энэ жилийнх ч сайхан боллоо

 

Монголчууд цаг агаар тавтай сайхан, хүүхэд морь эсэн мэнд, хүчит бөхийн барилдаан будилаан найраагүй, идээ цагаа элбэг дэлбэг байвал, наадам дүүрэн дэлгэр боллоо гэцгээдэг. Энэ жилийн наадам, ажил хариуцсан албан тушаалтнуудын харицлагагүй, санаачилгагүй, арчаагүй байдлаас үүдэлтэй зарим нэг дэгэн догонг эс тооцвол сайхан болж өндөрлөсөн. Ардын хувьсгалын 103 жилийн ойн их баяр наадмын тухайд миний бие, хүчит бөхийн барилдааныг урьдын адил голлон анхаарч, харин хурдан морьдоос соёолонгийн уралдааныг түлхүү тогтож харав. Монгол морь ч мөн хурдан амьтан юм даа. Соёолонгийн уралдааныг гарааны зурвасаас даган тайлбарлахыг сонсож, дэлгэцэнд гарч байгаа цахим тоо хэмжүүрүүдийг харахад, соёолон эргээд 11 минут явж байхдаа 38-44 километр цаг, Цагаан Хөтөл давж уруудах үедээ 40-42 километр цагийн хурдтай уралдаж, барианы зурхайгаас дөрвөн килметр орчим дутуу явахдаа, магнайн соёолонгууд 35-40 километр цагийн хурдтай явсаар барианд орж байв. Энэ бол манай төрийн нэгэн тэргүүний анх харж болгоон сүрхий дуу алдсан бялууны дэргэд жинхэнэ гайхамшиг юм аа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд соёолонгийн гарааны зурхайн төхөөрөмжийг тун боловсронгуй, ямар ч будилаан гарахгүйгээр хийж, уралдааныг чадварлаг сайн зохион байгуулж байгаа нь таалагдсан.

 

Бөхийн барилдаан ба “хулхи ногоон”-ы хуудуу

 

Энэ жилийн наадамд уламжлалаараа 512 хүчтэн зодоглосны 96 нь улсын цолтой бөхчүүд байв. Харин тэднээс нэг, хоёрын даваанд 32 нь өвдөг шороодсон гэж байгаа. Энэ нь аймаг, цэргийн цолтой болон шижигнэсэн сайхан залуу бөхчүүдийн шинэ үе түрэн орж ирж байгааг харуулж буй хэрэг. Наадмын өмнө, энэ жилийн баяр наадамд Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын арслан Ц.Бямба-Отгон нарын зэрэг бөхчүүдийг дээгүүр сайн барилдаж өндөр дээд цолонд хүрнэ гэсэн таавар зонхилж байв. Наадмын нэг онцлог нь гурвын давааны төгсгөлд Аймгийн арслан цолтой 14 бөхийг хэн ч амлалгүй үлдэцгээж өөр хоорондоо цолны эрэмбээрээ барилдацгаасан хэрэг. Харин хамгийн сүүлд Аймгийн хурц арслан Л.Энхсаруул, Аймгийн арслан У.Батцоож нар тунаж Л.Энхсаруул давав.

 

Энэ жил М.Амарсанаа, Д.Төрболд, Г.Дармаажанцан, Т.Довчинсэмбээ, Э.Мөнхжаргал, Л.Энхсаруул нар Улсын начин цол хүртэж, Э.Ууганбаяр, Т.Сайханжаргал нар Улсын харцага, Д.Хүдэрбулга Улсын заан болж Далай аварга Н.Батсуурь Улсын их баяр наадмын дөрөвдөх түрүүгээ авч Ардын хувьсгалаас хойшхи 103 жилийн түүхийн 10 дахь Дархан аваргаар тодров.

 

Нутаг нугаа гэсэн сэтгэлтэй, бөхийн хорхойтон өвгөн миний харж ажиглаж өөрийн үр хүүхэд шиг бодол сэтгэлээ бэлчээж явдаг бөхчүүдээс минь, манай хашир туршлагатай, өөрийн тогтосон арга барил бүхий жигд сайхан барилдаантай Монгол Улсын начин А.Алтанхуяг хоёрын даваанд Булган аймгийн харьяат Аймгийн арслан М.Эрхэмбаяртай хүч үзэж сайн барилдсан. Жаахан будилсан, дахиж барилдаад өвдөг шороодов. Бие хаа тэгш, сайн бөх болох болов уу гэмээр М.Эрхэмбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор дөрөв давж, тавын даваан Улсын аварга О.Хангайд унана билээ. Харин Э.Даш маань, санасанд хүрсэнгүй. “Сэргээш”-ийн хэл ам дагуулсан, даваагүй давааны ёс бусаар өгсөн “Харцага” цолноос бүртаг сууж хутаг олсон байж ч мэднэ! Дөрвийн даваанд Аймгийн арслан Ц.Төмөрцоожид унаж бүтэн жилийнхээ бэлтгэл зүтгэлийг хөсөр алдсан нь харамсалтай. Уг нь наадмын өмнө “Энэ жил сайн барилдаж магадгүй төлөвтэй” харагдаж байсан сан.

 

Бас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Аймгийнхаа наадамд хоёр түрүүлж “Хурц” чимэг хүртсэн Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, гурвын даваанд Аймгийн арслан О.Наранбаатартай нэлээн хүч үзэж барилдахдаа давхар шуудагны барьцнаас хүчтэй татан хавсарч байгаа зэргийг нь ажиглахад өсөх ирээдүйтэй гайгүй бөх болох болов уу гэсэн бодол төрүүлэв.

 

Наадмын өмнөх хэд хоногоос цаг агаарын мэдээнийхэн баярын өдрүүдэд “Усархаг бороо орно. Үер болно. Дуу цахилаантай, ширүүн салхитай, аадар бороо орно” хэмээн ул дол болтол зарлаж сэрэмжлүүлсэн ч бараг тийм юм болсонгүй. Тэнгэр бурхан наадамчин олноо ивээж өлзий буянаа хайрлаж, тайван сайхан наадууллаа. Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын “нүд хуурсан” хариуцлагагүй ажлын гай, “Хулхи ногоон дэвсгэр”-ийн балагаар олон сайхан бөх, халтиран зүй бусаар унаж бүтэн жилийнхээ бэлтгэл, хөдөлмөр зүтгэл, барилдах насныхаа нэгэн жилийн хүрэх амжилт, хүртэх цолоо хормын төдийд “шороотой хутган” ноцтой хохиров. Шалтгаан нь наадмын эхний өдөр орсон түр зуурын борооны ус, нийллэг эдээр хийсэн “дэвсгэр” дээр тогтож шалбааг үүсгэснээр бөх барилдах нь бүү хэл, зүгээр алхаж яваа хүн ч тэсч тогтохын аргагүй халтиргаатай болсноос тэр. Лав л нэг хоёрын зэрэг засуул, мөрөөрөө яваа наадамчин халтиран унаж байгаа нь зурагтаар харагдсан. Энэ бол инээдэм биш, гамшиг. Энэхүү гамшгаас болж, өндөр амжилт гаргаж, том цолонд хүрэх “таавар”-т дээгүүр яригдаж явсан ч халтиран унаж хохирогсдоос гурвын даваанд Аймгийн арслан Ө.Сүхбат, Аймгийн арслан Т.Сайханжаргалтай, дөрвийн даваанд Аймгийн арслан Б.Очирхүү, Аймгийн арслан М.Амарсанаатай, тавын даваанд Улсын заан Б.Бат-Өлзий (Яг л цанаар гулгаж байгаа юм шиг халтирсан) Аймгийн арслан М.Амарсанаатай барилдахдаа халтирч унасан. Мөн даваанд Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Аймгийн арслан Л.Энхсаруултай тунаж, Аймгийн арслан Г.Хишигбат, Улсын аварга П.Бүрэнтөгстэй, зургаагийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэл Аймгийн арслан Т.Сайханжаргалтай барилдахдаа халтиран өвдөг шороодох нь тэр. Түүгээрч барахгүй хамгийн харамсалтай нь бөхчүүд ганцхан хормын огцом хөдөлгөөн хийх төдийд л халтиран унах, санаа сэтгэлийн зүйрлэшгүй дарамт дор барилдсан нь энэ жилийн наадмын нэг аймшиг байв. Ямартаа л аливааг гэгээлэг сайн талаас нь голтой нуруутай, бодитой хандаж ярьдаг, Үндэсний бөхийн барилдааны авьяаслаг тайлбарлагч Ц.Батнасан “Энэ нэг ногоон дэвсгэрээс болж мөн ч олон бөх халтиран унаж, хохирч байгааг яах вэ” хэмээн байн байн халаглаж, бөхийн барилдааныг түр завсарлуулах, усыг шавхаж цэвэрлэх талаар удаа дараа санаа өгч, анхааруулж байхав. Хэвлэлийнхэн бүрэн бус байдлаар гуч гаруй бөх “хулхи ногоон”-оос болж зүй бусаар халтирч унасан тухай мэдээлж байлаа. Харамсалтай шүү.

 

сонин mn

“Их баяр наадмын зүлэг ногоон дэнж дээр цөөнгүй жил алхсан даа” Ардын хувьсгалын 77 жилийн ойн их баяр наадмын үеэр. Зүүн талын тэргүүн магнайд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дагавар магнай Улсын заан Д.Сумъяабазар, бөх цоллооч С.Лонцойдорж, Д.Цогзол нар. 1998.07.12.

 

Манай наадамчид, бөхчүүд “Зүлэг ногоон дэнж минь” гэж залбирч биширч байснаас биш “Цэхэр ногоон дэвсгэрээс боллоо” гэж шогширч байсан нь үгүй. Энэ бол Улсын их баяр наадмыг зохион байгуулах хороо, Улаанбаатар хотын төр захиргааны холбогдох байгууллагууд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага гэх хэсэг бүлэг хүмүүсийн хэтэрхий мэдэмхийрдэг зан, хариуцлагагүй байдал, хяналтгүй ажиллагааны гайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнд “гай гамшиг”-ийн дэвсгэр авчирч дэвссэнтэй шууд холбоотой. Тэд хариуцлагагүй үйлдэлдээ бөхчүүд, наадамчид, олон түмнээс хамгийн түрүүнд уучлал гуйж буруугаа хүлээхийн оронд бие биесээ өмөөрч элдэв тайлбар хийж, зарим нь амаа үдүүлсэн мэт таг чимээгүй гүрийж эцэст нь аргагүйн эрхэнд Ж.Энхжаргалаар “уучилна уу” гэсэн үг унагуулсан. Энэ нь хариуцлагагүй байдлаа цайруулсан, гэм буруугаа арилгасан, бусдад учруулсан хохирлыг нөхөн барагдуулсан болж өнгөрөх, тэгсгээд мартах шалтгаан мөн гэж үү. Энэ бол Монголын Үндэсний их баяр наадмын түүхэнд хараар тэмдэглэгдэх том толбо, гашуун сургамж. Тэднээс болж олон бөх бүтэн жилийнхээ бэлтгэл, ид барилдаж яваа насныхаа нэгэн жилийн хөдөлмөр зүтгэлээр хохирох учиргүй. Манайхаас жаахан хариуцлагатай, соёлтой хүмүүс сэн бол хариуцлага алдсан нөхөд “хулхи ногоон”-оос болж унасан бөхчүүдэд нөхөн олговор олгож, өөрсдөө хариуцлага хүлээх ёстой бус уу?! Эсвэл “Бид түлхэж унагасан юм уу, өөрсдөө л халтирч унаа биз.

 

Хохь чинь” гэх царай гаргаад өнгөрөх үү? Халтиргаанд бөхчүүд хохирсон болохоос дарга нар хохироогүй, аливааг хэт одоочлох, шинэчлэх, хялбарчлах гэж туйлширдаг “Ажил хийсэн дүр эсгэж” далимд нь “Илүү харж, билүү долоогч”дын гай түйтгэрийн захын жишээ. Олон ч бөхийг хохироосон.

 

Монгол бөхчүүд хэдэн мянганы турш зүлэг ногоон дэвжээ, хайрга чулуутай дэвсэг дээр барилдаж болоод ирсэн. Тиймээс юуны өмнө Төв Цэнгэлдэх хүрээнгийн хүчит бөхийн барилдааны талбайг байгалийн хөрс шороонд суурилсан зүлэг ногоон дэнж болгоё. Манайх чинь НҮБ-ын индэр дээр амлаж байгаад “Тэрбум мод тарьдаг, тэнгэрлэг ард түмэн”. Тэгэхээр тэрбум мод тарьж байгаа юм чинь хэдэн бөхөө барилдах жаахан тайлбайг зүлэгжүүлэх нь, ажил албандаа сэтгэлээсээ ханддаг хүмүүст бол юухан байх билээ?! Тэгж чаддаггүй юм бол өндөр хөгжилтэй орнуудаас Хөл бөмбөгийн талбайд ашигладаг хиймэл зүлгийг авчирвал яасан юм бэ? Яагаад болохгүй гэж. Манай дарга нар баян, тэр байтугайг авчирч тансагладаг хүмүүс. Хөлбөмбөгийн талбайн зүлэгний материал, байрлуулдаг арга технолог, хийдэг хүмүүс нь ч манайхаас арай өөр байдаг байх. Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багуудын нэг удаагийн тоглолтод хорь гаруй залуучууд оролцдог. Тэгээд тэмцээн хичнээн хоног үргэжилдэг билээ. Тэр талбайд олон залуучууд, хэдэн арав хоногийн турш адуу шиг тачигнаад байхад ер ажирдаггүй юм билээ. Тоглогчид халтирч гулсаж унаад байгаа нь тэр бүр харагдадгүй. Зүлэг талбай нь муудаж халцарсан зүйл байдаггүй. Тэгэхээр гайгүй эд байх аа...

 

Бахтай сайхан барилдаан олон л харагдлаа

 

сонин mn

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг”-ийн баяр наадамд Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж билээ. Хөлийн гол. 2001.08,03. 

 

Улсын аварга П.Бүрэнтөгс тавын даваанд барилдахдаа Аймгийн арслан Г.Хишигбатын гарыг нь уургалж, урдуураа хөнтөрч, шилэн дээр нь дарж байгаад гуд татаж орхисон бол зургаагийн даваанд Аймгийн арслан М.Амарсанааг мөн урдуураа хөнтөрч шилдэн дарж, өндийхөд нь хонгодон хөөж давсан. Харин долоогийн даваанд Улсын начин Э.Ууганбаяртай барилдахдаа хоёр сэнжигний барьцнаас шууд гуд татаж өвдөг шороодуулсан зэрэг нь биерхүү чацтай, лагс том биетэй бөхөөс тэр бүр гараад байхааргүй хурд, хөдөлгөөн, уран сайхан барилдаанууд байв. Бараг Дархан аварга А.Сүхбатын ид үеийн барилдааныг сануулж байна билээ. П.Бүрэнтөгс аварга бол бие хаа тэгш сайхан, бэлтгэл сургуулилтаа жигд чамбай хийдэг, яаж ч барилдсан цуцаж ядардаггүй, бусаддаа үлгэр дууриалалтай төлөв даруу сайхан бөхчүүдийн нэг.

 

Өвгөн сэтгүүлч миний хувьд Дархан аварга А.Сүхбат, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын харцага Б.Зоригтбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын начин Д.Амарсайхан нарын зэрэг шүтэж биширч явдаг, уран төгс барилдаантай олон сайхан бөхчүүд бий. Тэднийхээ уран гоё барилдаанаас таашаал авч баярлан хөөрч бахархаж явдаг хүн.

 

Энд Улсын арслан Б.Орхонбаярын талаар хэдэн үг хэлье. Тэрвээр ноднингийн наадмаас хойш, бэртэл гэмтлийн улмаас нэлээд хугацаанд барилдаанаа завсарласан хэдий ч энэ жил бэлтгэл сайтай, сэтгэлийн тэнхээ өндөр, хурдтай дайчин, одтой сайхан барилдаж наадамчин олноо баярлуулан цэнгүүллээ. Б.Орхонбаяр гурвын даваанд Аймгийн арслан Д.Бямбасүрэнг зүүн талаас нь хонгодохоор дайрснаа суун тусч гуд татаж орхисон бол дөрвийн даваанд Аймгийн арслан Н.Баяржаргалыг, тавын даваанд Аймгийн арслан Д.Бадамгаравыг мөн л зүүн талд нь хонгодож хөөдөг дархан мэхээ даацтай хийсэн. Зургаагийн даваанд Аймгийн арслан Г.Дармаажанцанг мөн л хонгодон хөөж даваад, долоогийн даваанд Улсын харцага Г.Ганхуягтай сүрхий сөрж, давшинсан дайчин гоё барилдаан үзүүлэв. Г.Ганхуяг харцага бол хазах хайрахаас бусдыг хийдэг өвөрмөц барилдаантай бөх. Тэр вээр өөрөөсөө арал чацаар хол илүү арслантай барилдахдаа хоёр ч удаа хөлд нь сууж сандаргах шиг болсон. Бас л дайчин барилдаан. Тэгээд Орхонбаяр арсланг хонгодож хөөх агшинд нь мөн дагуулж ачих гээд ардаа алдаж унах шиг болсон. Харин Ганхуяг харцага тахимаа өгөхгүй жаахан удсан нь “Орхонбаяр арсланг зүүн сэнжигнээс давхар барилаа” гэсэн байж магадгүй. Б.Орхонбаяр арслан наймын даваанд Улсын аварга П.Бүрэнтөгсийг бүс уяаны барьцнаас татаж мушгин тэнцвэр алдуулаад мөн л хонгодон хөөдөг дархан мэхээрээ давсан нь аваргаас нэлээн илүүрхүү болж байгаа юм байна гэсэн бодол төрүүлэв.

 

сонин mn

Өөр нэг содон дурсууштай барилдаан бол Улсын арслан Б.Орхонбаяр, Далай аварга Н.Батсуурь нарын есийн давааны буюу түрүү үзүүрийн барилдаан юм. Б.Орхонбаяр арслан, тэр хүчтэй хашир, жин ихтэй, хийгүй барилддаг, хүний алдаа сул талыг чадамгай ашиглаж, хийсэн мэхийг нь бүр өөрийн мэх, барилдаан болгон хариулж барилддаг туршлагатай Н.Батсуурь аваргатай сайхан барилдсан. Жаахан тогтож хүлээцтэй барилдсан бол Батсууриас дутуу юм огтхон ч харагдаагүй. Харин ч илүүрхэж, санаачилгыг барилдааны турш өөртөө авч идэвхтэй давшиж барилдана билээ. Тэр хоёрын барилдаан, бараг цаг орчим үргэлжилсэн. Бага хугацаа биш. Орхонбаярын хувьд хэт давшиж, жаахан яарсан тал байж магадгүй. Залуу арслан маань сөрж давшиж, аль ч талаараа илүүрхэж байснаа хүчтэй туршлагатай аваргын зайлж хавирдаг дархан хавираанд орсон. Харин ч Орхонбаяр тулдаа, тэр агшинд чухамдаа унаж явснаа аваргын тулгуур хөлийг тавхайгаар нь шүүрч ямар ч өршөөлгүй хаяж явахдаа өөрөө түрүүлэн сунаж өвдөглөсөн.

 

Энэ барилдаан нь Улсын арслан Б.Орхонбаярын үнэхээр хараатай, гайхамшигтай дайчин, уран барилдаанч бөх болохыг батлаж Монгол Үндэсний бөхийн барилдааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц тод сонин баримтуудын нэг яах аргагүй мөн. 

 

Б.Орхонбаярт нас байна, ир хурд байна, бяр хүчээр хэнд ч ааглуулдаггүй чанар, даруу хүмүүжилтэй, ухаалаг соёлтой зан төлөв гээд Монгол бөхийн олон сайхан онцлог шинжийг нэгэн биедээ цогцоор нь авч төрсөн бөх мөн. Чиний өмнө аварга, даян аварга, дархан аварга хэмээх их алдар хүндлэл тосоод ирчихсэн одоохондоо алганд чинь орж гараад л байх шиг. Хичээгээрэй, дүү минь! Жаахан хүлээцтэй барилдаж, учраа бөхийнхөө хий зай, сул тал, илүү гишгэлт, дутуу алхам бүрийг улам сайн харж, анзаарч барилдахад илүүдэхгүй мэт санагдах юм аа.

 

Муу ёр далалсан муухай үйлдэл

 

 Уралдаан тэмцээнд амжилт гаргаж даваа авч ялалт байгуулсан хэн ч баярлалгүй аяахав. Гэхдээ баярлахад учир бий. Тухайн тамирчин, спортын хаанахын ямар уралдаан тэмцээн, ямар төрөлд оролцож байгаагаас шалтгаалж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байх. Энэ бол мэдээж хаана ч байдаг асуудал. Монгол үндэсний бөхийн барилдаан ч гэсэн амжилт ялалт, бодол сэтгэгдлээ илэрхийлэх өөрийн онцлог бүхий үйл хөдлөл, ёс төртэй. Илүү дутуу хөдөлгөөн, ааш авирыг цээрэлдэг. Гэтэл сүүлийн үед манай үндэсний бөхөөр барилдаж байгаа зарим бөх давахаараа “Нохой зодоонд нэгийгээ ялсан (Бараг хөнөөж байгаагаар кинонд харуулдаг шиг) мэргэжлийн зодоочин учраагаа нам цохиж орхиод гараа гозогонуулан дэвхцэж, үзэшгүй муухайгаар орилж бахирч гүйдэг гадаадынхныг дуурайсан гаж үзэгдэл олонтаа харагддаг болсон нь харамсалтай. Манай нэг нэр төртэй сайн бөх асан Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмын наймын даваанд учраа бөхөө өвдөг шороодуулангуут хоёр гараа зангидан тэнгэр өөд чичиж учиргүй хашхирч дэвхцэж цовхчин (Монгол үндэсний бөхийн барилдаанд анх ажиглагдсан гаж үзэгдэл, одоо бол сүрхий дэлгэрч газар авч байх шиг) гүйж байж билээ. Тэр бөх түүнээс хойш олигтой барилдалдаагүй, сайн ч үг сонсоогүй байх. Билэг дэмбэрэл, сайн сайхан бүхнийг эрхэмлэдэг Монгол үндэсний бөх давхаараа хоёр гараа гозогонуулж гүйх нь манай үндэсний бөхийн хийх үйлдэл, бахархах гайхуулах зүйл биш. Ёс төртэй, амгалан тайван, жудаг хүмүүжилтэй монгол бөхчүүд давахаараа үзэмж төгөлдөр айван тайван сайхан дэвж, тахимаа хүндэтгэлтэй авдаг эртний мундаг уламжлал бий. 

 

Харин сая улсын их баяр наадмын үеэр манай бас нэг нэртэй том бөх мөн учраагаа даваад гараа зангидан гозогонуулан занаж ч байгаа юм шиг байдал харуулсан нь эвгүй байна билээ. Ер нь Монгол Улсын Дархан аваргууд зэрэг том цолтой юм уу, ахмад бөхчүүдээс тийм нэг санаатай санаандгүй зохисгүй үйлдэл бараг гардаггүй сан.

 

Харин энд өөр нэг сонин барилдааны талаар дурдахад Дархан аварга Н.Батсуурь, тавын даваанд Далай аварга цолтой байхдаа өөрөөсөө 11 насаар ах Улсын аварга Г.Эрхэмбаярыг амлаж авсан. Тэгэээд Далай аварга Н.Батсуур, Улсын аварга Г.Эрхэмбаяр нар нэлээд удаан барилдаж, барьц булаалдаж байснаа барьцаа тавилцсан, Эрхэмбаяр аваргыг бүс уяагаа чангалаад зогсож байхад нь Батсуурь аварга гэнэт хавсран цохиж унагаад, юу ч болоогүй юм шиг алхаад явчихсан. Түүнийг нь нийгмийн сүлжээ, сошиол ертөнц, мэдээллийн хэрэгслэлээр дахин дахин янз бүрээр харуулсныг үзэж харсан, элдэв коментыг уншсан үзэгчид, наадамчид, зүгээр л ах зах, ёс зүйн талаас нь өнгөцхөн ухаарч Батсуурь аваргыг буруутгаж “Жудаггүй, хүний мөсгүй, бараг аав шигээ хүнийг тийм муухай байдлаар унагалаа. Ах захаа мэддэггүй, дээрэлхүү аархуу, танхай хүмүүжилгүй” гэх мэтээр шүүмжилж багагүй баалж балбаж бүр өнгөрсөн хойно ч амны бохь болгон “зажил”-саар байгаа нь харамсалтай. Харин ч Н.Батсуурь аварга, Г.Эрхэмбаярыг амлаж барилдсаны хувьд ямар нэг буруу зүйл байхгүй гэдгийг онцлон хэлье. Манай ихэнх үзэгчид, хоёр аваргын барилдааны төгсгөлийг, нөгөө л Батсуурь аварга, Эрхэмбаяр аваргыг зогсож байхад нь хавсарч унагасан үйлдлийг хэдэн зуу, мянга дахин харуулсан сошиол ертөнцийн бичлэг мессежээр төсөөлөн ойлгоод байх шиг санагдсан. Тэгвэл тийм биш. Батсуурь аварга, Эрхэмбаяр аваргыг яг унагахдаа, тахимдан түрж хөөн мушгиад л өвдөг шороодууллаа гэж би ойлгосон. Энэ бол байдаг л барилдаан.

 

Тэгээд ч Монгол Үндэсний бөхийн барилдааны дүрэм, түүхэн уламжлал талаасаа бол хэн хэзээ, хэнийг амлаж барилдах нь, тухайн үед барилдаж байгаа хамгийн өндөр цолтой бөх, бага цолтой бөхөө амлан авч барилдах, чухамдаа том цолтой бөхчүүдэд, олон зуунуудын нугачаа хугачаа, сорилт шалгалтын явцад тунгааж дээжлэн авч ширгээж хандлан хүртээсэн халдашгүй дархан эрх, зөвхөн Монгол үндэсний бөхөд заяасан эрхэм дээд хайр хүндлэл юм шүү гэдгийг давтан хэлмээр байна. 

 

Харин цэл залуухан Монгол Улсын Далай аварга хүү, харьж яваа Монгол Улсын аварга ахыгаа тийм доор даваанд амлаж авснаараа Монгол Үндэсний бөхийн хувьд энэ зууны ховор тохиолдлуудын нэг байж магадгүй. Ер нь “Мөнх”-ийн асуудалтай хоёр Мөнх дархан аваргууд дээр үед нэг удаагийн багахан шиг барилдааны үед Ж.Мөнхбат аварга, Х.Баянмөнх аваргыгаа амлаж авч байсан. Тэгэхэд хүмүүс “Дархан аварга, Дархан аваргыгаа амлаж барилдсан бараг анхны тохиолдол” гэцгээж байв. Тэр бол хэн нь, хэнийгээ давахдаа гол нь биш. Монгол үндэсний бөхийн эрэмбэ гэж нэг аугаа том философи байдгийг хойч үедээ сануулж байсан хэрэг” байж мэдэх юм. Энэ тухай “Аварга аваргаараа төрдөг” номын хоёрдугаарт тухайлан өгүүлэх болно.

 

сонин mn

“Зураг түүх өгүүлнэ” Ардын Хувьсгалын 74 жилийн ойн их баяр наадмын үеэр Дархан аварга Х.Баянмөнхөөс яриа авч байгаа минь. Төв цэнгэлдэх хүрээлэн. 1995.07.11.

 

Би олон жил бөх сонирхож, бөхөд жаахан ойр сэтгэлтэй яваа хүний нэг. Тэгээд ч бөхийн тухай элдвийг эргэцүүлэн бодож олон сайхан бөхийн тухай өдий төдий нийтлэл, тэмдэглэл бичиж, ярилцлага сурвалжлага цөөнгүйг хийж, хэд хэдэн ном бичиж тэрлэсэн ч энэ Н.Батсуурь хүүгийн талаар ер бичээгүй юм байна. Бичих нь бүү хэл уулзаж ярьж хөөрч байгаагүй. Холоос харж, зурагтаар үзэж байснаас цаашгүй. Түүнийг сонин хэвлэлд янз бүрээр бичиж, олон түмний ойлгож, дүгнэж байгаа байдлаас, ялангуяа 2024 оны их баяр наадмын дараа олны санал бодол, уур амьсгалыг харж ажиглаж байхад ороо бусгаа, олон талтай асуудал мэр сэр байдаг л бололтой. Тэр тухай үл өгүүлэн онцолж хэлэхэд Намсрайжавын Батсуурь нь эдүгээ цаг дор Монголын үндэсний бөхийн алдар цолны ноён оргил болох Дархан аварга цол хүртээд явж байна. Дархан аварга гэдэг цолыг хүссэн хүн болгон авдаггүй. Аварга хүн гэдэг бол байгалиас ч юм уу, “Дээд хөх тэнгэр”-ээс илгээсэн байх гэхээр онцгой хүмүүс байдаг гэж мөхөс би вээр бодож итгэж явдаг. Тийм ч учраас өөрийнхөө хоёр ч номыг “Аварга аваргаараа төрдөг” (Байгалаас цаанаасаа хүн төрөлхтөнд өгсөн өгөгдөл гэсэн санаа юм. Нэгдүгээр ботийг 1996 онд хэвлүүлсэн. Хоёрдугаар боть маань мөдхөн гарна) гэж нэрлээд байгаа юм. Миний хувьд Н.Батсуурь аваргыг тавьсан зорилгодоо тууштай, түүнийхээ төлөө мэрийж зүтгэдэг, үндэсний бөхийн жинхэнэ төрмөл авьяас өгөгдөлтэй, асар их хөдөлмөрч, ямар ч үед тийм амар цуцдаггүй, ядарч хялайдаггүй, нэлээд ядарч бараг л “хөл нь гуйваад байгаа юм уу даа энэ чинь” гэж харж байхад л хийе гэсэн мэхээ гайхалтай хийдэг. Мэхэндээ даацтай хүчтэй. Дахин онцолж хэлэхэд хүний мэхийг хариулах чадвар өндөр, чухамдаа хүний хийсэн мэхийг өөртөө ашигтай, бүр өөрийн мэх болгож барилддаг өвөрмөц онцлогтой бөх гэж бодож явдаг. Аварга хүний намба жудаг, өөрийгөө болоод төр түмний хайр хүндэтгэл, хишиг буян, үзэгч олноо дээдлэх эрдэм ухаан бол бөх хүний хамгийн эрхэм нандин чанар байдаг билээ. Залуу аварга маань энэ мэтийг бодож болгооход илүүдэхгүй биз ээ.

 

 “Хөлийн цэц”-дийн хөгтэй, хөөтэй явдал

 

Ер нь Монголын Үдэсний бөхийн холбоо, одоогийн “Хөлийн цэц”-ийн бүтэц бүрэлдэхүүнийг эргэн харж бодож үзэх, жаахан шинэчилмээр болсон юм биш үү. Энэ хэдэн начингууд маань цагтаа өөр өөрсдийн хэр хэмжээгээрээ барилдаж сайхан л явсан. Одоо хорвоогийн жамаар харьж жаахан насжиж яваа байх. Нөгөө Бямбын Ринчингийн “Сайд буухаараа элчин, буряад буухаараа хэлмэрч” гэдэг шиг “Начин буухаараа хөлийн цэц” байж, зарим талаараа боломгүй юм шиг харагдана. Иймд тэд Бөхийн өргөөний цолтой бөхчүүд залардаг хүндэтгэлийн суудалдаа, мань М.Мижиддорж начин шиг налайтал тухлан ярьж хөөрч, бөхөө үзээд л явж байвал яасан юм. Чадахгүй байж “Хөлийн цэц”-ээр ажилласан болж барилдаан үймүүлж, хүмүүсийн хараал идэж явахын хэрэг юу байна. Бөхөө, барилдаанаа, дүрмээ сайн мэддэг, хариуцлагатай шударга, өндөр шаардлагатай, том цолтой юм уу хэрүүл, хэл амтай бөхөөс халирдаггүй, хэлэх үгээ хэнд ч хэлж шаардлага тавьдаг, спортын шүүгчийн анхны мэдэгдэхүүн, зохих туршлагатай, өөрөө уран сайн барилддаг үлгэр жишээ болж явсан хүмүүсийг хөлийн цэцээр (Боломжийн сайн хөлс урамшуулал өгөх хэрэгтэй. Хөлс цалин сайн байна гэдэг бол хариуцлага өндөр байна үг) ажиллуулмаар байна.

 

Өнөөдөр “Цэц”-ээр ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь дээр дурдсан наад захын шаардлагыг хангахгүй байгаа юм биш үү? Үүргээ биелүүлж чадахгүй атлаа бас барилдаан үймүүлж будилаан хутгадаг нөхөд ч мэр сэр байж магадгүй. Ер нь хамаг будилааны эзэд бол “Хөлийг цэц”-ээр ажллаж байгаа хэдэн нөхөд гэж ярьж байгаа хүмүүс цөөнгүй байна шүү.

 

Наад захын жишээ гэвэл, сая Ардын хувьсгалын 103 жилийн ойн их баяр наадмын нэг таагүй будилааны эзэд хэн хэн байв?! Баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороо, Үндэсний бөхийн холбоо шалгаж буруутай этгээдийг олж тогтоон хариуцлага тооцож олон түмэнд мэдээлэх учиртай юм биш үү?! Тэрхүү барилдааныг эргэн саная. Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Улсын заан Б.Пүрэвсайхан, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат Аймгийн арслан М.Буяндэлгэр нарын барилдаан үзэгчид наадамчдын анхааралд өртөж сайн муу үг, таамаг маргаан, эргэлзээ гайхал дагуулсаар байна. Энэ барилдаан сүрхий будилсан. Эхлээд “Пүрэвсайхан давж Буяндэлгэр уналаа” гэсэн төдхөн “Улсын заан Б.Пүрэвсайхан унаж учраа бөхдөө тахимаа өгснөөр “Аймгийн арслан Буяндэлгэр тав давж Улсын начин цолны болзол хангалаа. Өмнийн цэнхэр говиос Улсын цолтон нэг төрлөө” гэж радио, зурагт болон мэдээллийн бүх суваг, эх сурвалжаар орон даяар зарлаж, шинэ цолны эзэн М.Буяндэлгэр Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрон дэвэн дэлж ёслол хүндэтгэл үйлдсэн. Хөөрхий тэр залуу яасан их баярлаа бол...! Гэтэл “Үгүй ээ, Пүрэвсайхан давсан, Буяндэлгэр унасан” юм болж албан ёсоор зарлах нь тэр. “Хүнд бэртэл аваад эмнэлэг рүү явах болсон Пүрэвсайхан зааныг Н.Батсуурь аварга амлаж авлаа” гэцгээсэн. Тэгээд л “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур...”-т Батсуурь аваргыг буруутгаж “Энэ удаад дахин барилдахааргүй хүнд бэртсэн Пүрэвсайханыг зургаагийн даваанд амлаж, гар амар даваа ахиулахын тулд Пүрэвсайханыг давсан болгох хуйвалдааныг Батсуурь зохион байгуулсан” гэсэн ойлголт яриа үзэгчид, наадамчдын дунд өргөн хүрээтэй тарж, өөр хоорондоо мэдэмхийрцгээж эхэлсэн. Монгол үндэсний бөхийн эртнээс мөрдөж ирсэн нэг онцлог бол хүчит бөхийн барилдааны явцад, хэн нэг бөх барилдаж чадахгүй болох зэргээр бөхийн тоо сондгойрсон нөхцөлд хамгийн том цолтой бөх нь гоц мөргөж хий даваа авдаг эртний уламжлалтай.

 

Тэгэхээр Батсуурь аварга тийм юманд орооцолдож зохион байгуулж байх ямар ч шаардлага баймааргүй сан. Энэ бол хэн бүхний мэдэх энгийн ойлголт. Гэтэл яагаад энэ ойлгомжтой асуудлыг зориуд будилаан болгож, хэл яриа үүсгэж, барилдааныг үймүүлэх ашиг сонирхол, чухам хэнд хэрэгтэй байв??? 

 

Миний үзэж харж ойлгосноор Пүрэвсайхан, Буяндэлгэр нарын барилдаанд ямар ч маргаан байхгүй Буяндэлгэрийн өвдөг эхэлж газар хүрч (Хожим нь бичлэгийг удаашруулан үзэхэд тодорхой харагдаж байв), харин дараа нь Пүрэвсайханы хөл хоёр тийшээ тэлж гулссаар газардсан нь (Энэ бол мөн л “хулхи ногоо”-ны балаг байсан) дэлгэцэнд бэлээхэн харагдаж байгаа. Тэгвэл энэ будилааныг хэн санаачлан зохион байгуулж, хөөрхий залуу сайхан бөх М.Буяндэлгэр болон наадамчдаар тохуу тоглоом хийв? Будилааны жинхэнэ эзэд хэн бэ? Харин үзэгчид, наадамчид бол “Хөлийн цэц”-ээр ажиллаж байсан хүмүүсийг л гэж ойлгож байгаа юм билээ. Баяр наадмын бөхийн салбар хороо, Монголын Үнэдэсний бөхийн холбоо энэ асуудлыг тоохгүй орхих юм уу, зориуд мартаж болохгүй. Тэд хариуцлагагүй хандсан уу, хэн нэгний нөлөөнд автаж зориуд будилуулсан уу гэдэг нь асуулт хэвээрээ нээлттэй байгаа... “Хөлийн цэц”-ээр ажиллаж байсан хүмүүс биш юм бол жинхэнэ эздийг тэд л мэдэх учиртай. “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна” гээд орхих хэрэг үү?!

 

“Допинг” хэмээх “долоон булчирхай”

 

Энд олон сайхан бөхчүүдийн “эрлэг” болж эрх ашгийг нь хохироож буй допинг гэгчийн тухай хэдэн үг хэлмээр байна. Би, энэ асуудлыг “Үгээ барж, үзгээ элэгдтэл...” хэлж бичиж яваа хүний нэг. Хүн төрөлхтний бүтээж туурвиж ирсэн аливаа бүтээл, мянга мянганыг элээн боловсорч төгөлдөржсөөр хөгжлийнхөө дээд шатанд хүрч төлөвшөдгийн сонгодог жишээ бол Монгол Үндэсний бөхийн барилдаан мөн. Үүнийг цагийн байдалд тохируулан өөрчлөх одоочлох боломжгүй. Монгол Үндэсний бөхийг хөгжүүлнэ, шинэчлэнэ, боловсронгуй болгоно, социалилист тогтолцоонд тохируулна, ардчилал капитализмын нөхцөлд нийцүүлнэ гэж хийрхэгчдийн оролдлого бүхэн богино настай байдгийн учир энд л байгаа юм. Монгол Үндэсний бөхийг “Ам авч барилдуулахгүй, сугалаар барилдууах” гэж үзсэн (1955 оноос) бүтээгүй. Өнгөрсөн зууны ерээд оны үеэс их шинэчлэгчид Монгол үндэснийг бөхийг “Цагаар барилдуулна, барьц сонгуулна, хаялцах барьцаар барилдуулна, идэвхээр даваа өгнө, даваа бүрийг цолтой болгоно, допингийн шинжилгээ авч цэвэрлэнэ” гэхчилэн элдвээр оролдон туйлширч байна. Гэвч тэр бүхний зарим нь амьдрал түүхийн шалгалтад бүдэрч уламжлалт тогтолцоондоо түрүүчээсээ орохоос аргагүйд хүрч байх шиг. Харин энэ бүх бүтэлгүй оролдлогууд арилсан цагт Монгол Үндэсний бөх жинхэнэ цэвэршиж өөрийн түүхэн удамжлал жам хуулиараа явах болно.

 

Эдгээр оролдлогууд Монгол Үндэсний бөх үүсч хөгжиж, боловсронгуй болж ирсэн жам тогтолцоо, суурь шалтгаан, түүхэн уламлал, дүрэм дэг жаяг, онцлог мөн чанарт сөргөөр нөлөөлж устаж үгүй болох аюул руу түлхэж байгаа юм. Өчүүхэн төдий өөрчлөлт оруулах гэж оролдох аваас Монгол Үндэсний бөх устаж оронд нь “Монгол бөх”, “Ардчилсан бөх”, “Шинэ бөх” гэх мэт барилдааны ямар нэг тэс өөр төрөл нөгөө “Хасу барилдаан” гэдэг шиг юм болж хувирна.

 

Үүнийг л би устаж үгүй болох, мөн чанараа алдах гэж ярьж бичээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд ийм зам руу нэн идэвхтэй түлхэж, дээр хэлсэнчлэн миний бие “Үгээ барж, үзгээ элэгдтэл...” ярьж бичээд байгаагийн учир энэ. Хүмүүс үнэнийг ойлгох, ухаарах цаг ирнэ гэдэгт би итгэдэг. Манай шинэчлэгчид, бусдыг дуурайн туйлшрагчдын сүүлийн 30 гаруй жилд хийх гэж оролдож байгаа нэг “лут том” ажил бол Монгол үндэсний бөх, харваачдаас (Бүр уралдааны морьдоос шинжилгээ авах гэж хэнээрснийг яана) “Сэргээш”-ийн шинжилгээ авч тэдгээрийг “цэвэршүүлэх ариун дайн” юм. Тэдгээр оролдлого сунжран үргэлжилсээр, гайгаа чирсээр Ардын Хувьсгалын 103 жилийн ойн их баяр наадмыг ч тойрсонгүй. Энэ жил (2024 он) мөн л шөвгийн 32 бөхөөс “Сэргээш”-ийн шинжилгээ авсан. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын (МОНАДА) гаргасан баримтыг үндэслэн Хууль зүй дотоод хэргийн яамнаас (Эх үүсвэр: “Ikon.mn. Б.Манлай” 2024.07.27) Аймгийн арслан Г.Хишигбаяр, М.Буяндэлгэр, Цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн бодис, Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц гарсан гэж мэдээлсэн бол 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар домогт “допинг”-ийнхаа асуудлыг нэг тийш болгож шийдвэрлэж чадаагүй, иргэд цахим хэрэгслээр, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороо “Юу хүлээгээд байгаа юм. Энэ асуудлаа нэг тийш болгооч. “Амьтны хүүхдийг алаг үзэх”-ээ болиоч” гэж шаардсаар л байгаа бололтой.

 

Би, энд хамгийн гол нь нас, жин, нурууны өндөр хязгаарладгүй Монгол үндэсний баяр наадмын тамирчдад тэр “допинг мопинг” чухамдаа хамаагүй, олимп дэлхийн аваргын гэх мэт олон улсын ангилалтай спортын төрөлд хамаардаг тэмцээний мэргэжлийн спортын тамирчдаас авдаг шинжилгээг манайхан дуурайн туйлширч Монгол Үндэсний баяр наадмын бөх, харваачдаас “Допин”-гийн шинжилгээ гэгчийг авч, олон сайхан бөхчүүдийн нэр төр, ажил амьдралаар тоглож байгаа завхралыг санаачлагчид, зохион байгуулагчид, гардан хэрэгжүүлэгчдийг “Энэ бусармаг үйлдлээ болиоч” гэж үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэн бичиж байгаа юм. Өмнө нь ч зөндөөн бичсэн. Бусдыг дуурайж туйлшран завхруулагчид Монгол үндэсний бөхийн барилдаан, сурын харвааг боловсронгуй болгож сайжруулах биш “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон”-той адил ажил хийсээр гучаад жилийн нүүр үзэж байна. Ямар нэг үр дүн алга. Харин хэрүүл хараал дагуулж байна. Тэгэхдээ энэхүү бусармаг оролдлого нь яван явсаар, зарим нэр төр хөөцөлдөгчид юм уу, дарга даамалд таалагддаггүй, хэн нэгний амжилтыг эвдэж болзошгүй, залуу сайн бөхчүүдийг голлож намнадаг “зэвсэг” болгон ашиглахыг оролдож байж ч магадгүй.

 

Би “Яг тэгдэг гэж хэлээгүй шүү, магадгүй” гэлээ. Ийм маягаар “Допинг мопинг” хэмээн давхиж, мөнгө үрж, өсч яваа залуу сайхан бөхчүүдийн амжилт хувь заяаг харлуулж байхын оронд, өнөөдөр нийгмийн сүлжээ сошиол ертөнцөөр давалгаалж байгаа онц ноцтой үзэгдлийн илрэл гэж хэлж болох зарим бөхөөс нэлээд түгээмэл ажиглагддаг “Барилдаж байгаа бөхтэйгээ ёс бусаар харьцах, хөлийн цэц, засуул нарынхаа үгийг үл тоох, унагасан бөхийнхөө толгой дээгүүр зориудаар алхах, өрсөлдөгч бөхийнхөө хоёр нүдэнд хуруугаа хийж нүүрийг нь баздаг, аманд нь эрхий хуруугаа хийж хазаарлан жавьждаж татдаг, тархиар нь газар мөргүүлж хаядаг, бүс уяагаа чангалах юм уу өмсгөлөө засч, гутлынхаа ногт баглааг янзлаад зогсож байгаа учраа бөхөө гэнэт хөлрүү нь өшиглөж унагадаг, мөн заримых нь хуруу хумсыг хугалдаг, барилдаж байгаа бөхөө унагаад өвдөглөж тохойлддог, дээрээс нь биеийнхээ жингээр, цээж хэвлий орчимд зориуд дарж унадаг (Эн тэнцүүхэн барилдаад давахдаа биеэ татаж авч чадалгүй дарах, хүчиндээ санаандгүй мөргөлдөх байдлаар нэг нь нөгөөгөө гэмтээх, гишгэх зэрэг өөрийн эрхгүй үйлдэл гардаг ганц нэг тохиолдлыг энд хамааруулж буруутгаагүй шүү), зангидсан гараар нухаж нитгэрдэг, нүүр нүд орчимд нь цохидог, амандаа гарч ирсэн насанд хүрээгүй хүүхдийг хөлөөрөө өлгөж өндрөөс тархиар нь газар мөргүүлэн хаядаг (Саяхан сум аймгийн юм уу, нэг наадмын үед цэнхэр зодог шуудагтай бөхөнцөр жаахан хүүхдийг тэгж харигсалж байгааг мэдээллийн хэрэгслээр хичнээн ч олон удаа харуулав. Бас нэг наадамд барилдаж байгаа бололтой хэдэн бөх, улаан цайм гурвалжин дөрвөлжин зодолдож байгаа нь харагдсан) зэрэг нь бөх хүнд байшгүй зохисгүй муухай үйлдэл юм. Тэгвэл энэ мэтчилэн Монгол Үндэсний бөхийн дэг жудаг, хүн чанарт үл нийцэх, хүмүүжил ёс суртахуунгүй, танхай балмад, харгис хэрцгий зарим бөхийн санаатай үйлдлийг яах билээ гэдгээ сайтар бодох, хууль дүрмэндээ өөрчлөлт зохицуулалт хийх, тэдэнтэй хатуу тэмцэх, хариуцлага тооцохыг өнөөгийн нөхцөл байдал нөгөө “допинг”-оос чинь илүү ноцтой том асуудал болоод байгаа юм биш үү?! Ядахдаа манай дарга нар, ганц сайн чаддаг, бөхчүүдийн барилдах эрхийг хэдэн жилээр ч хамаагүй хасдаг хүнлэг биш аргаа чухам тийм харгис хэрцгийчүүдэд хэрэглэмээр байна.

 

Бөхчүүдийн бие биетэйгээ эвгүй харьцдаг, эсвэл цолны наймаа хийж найрдаг, наадамчид үзэгч дээ үл хүндэтгэсэн танхай балмад явдлыг арилгах хатуу цээрлүүлэх асуудлыг нэн даруй хуульчилж, чанд мөрдөж ажиллах цаг болсон юм биш үү?! Юунаас, хэнээс айгаад дөлж хулгаад байгаа юм бэ?

 

Бүр онцолж хэлэхэд энэ мэт Монгол үндэсний бөхөд байшгүй бусармаг, бузар муухай үйлдлүүдийг арилгаж цэвэрлэчхээд “допинг, сэргээш” гэж сэвбэл яасан юм. Энэ асуудал хоосон ярьдаг хоолойноос чинь даваад тархинд чинь тусч байгааг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон онцгойлон анхаарна уу хэмээн хүсэх байна!!!

 

Мөн түүнчлэн “Допинг” гэгчтэй тэмцэж байгаа арга, хийж буй ажил чинь хүн бүрд адил тэгш үйлчилдэггүй, аль нэг дарга даамлын үзэмжээр алагчилдаг байдал ноёрхсоор байгаа юм биш үү?! Зарим бөх, нөгөө “допинг” гээчийг чинь хэрэглэчихээд олон түмнээс уучлал гуйсан дүр эсгэж барилдах эрхээ хэдхэн сараар, сайндаа ганц нэг жилээр хасуулсан болоод өнгөрдөг. Гэтэл нөгөө заримыг нь 2-4 жил цаашилбал бараг барилдах насны хэмжээнд нь тултал барилдах эрхийг хасдаг арга чинь шударга явдал мөн үү?! Сэргээштэй тэмцэгч эрхэм дарга нар минь энэ байдлаа засч залж арилгчихаад “Допинг”-ийнхоо тухай ярил даа! Яг үнэндээ бол та нарын улиглан ярьж, сүр бадруулаад байгаа “сэргээш” гэдэг чинь Монгол Үндэсний бөхөд чухам ямар хамаатай болохыг онцлон асууж лавламаар байна. Энэ бүгдийг учирлахын ялдамд дараах цөөн саналыг сонордуулж байна. Нэгдүгээрт “Сэргээш”-ийн төрлийн бодис гэдэг чинь энэ дэлхийн элдэв эмчилгээний болон мансуурах төрлийн бодисыг хамж чихдэг “хар уут” биш гэдгийг бодож тал талаас нь харж үзмээр байна. Яг үнэндээ бол монгол үндэсний өдөр дутмын хоол хүнсэнд байдаг тамир тэнхээ оруулдаг, тэжээллэг чанар өндөртэй зарим бүтээгдэхүүн, өвчин намдаах ойр зуурын эм тариа зэргийг “Сэргээш”-ийн (Мансууруулах төрлийн бодис хийдэг хар уутандаа хамж чихсээр байх уу) төрөлд багтаан үзэж хүнийг хилсдүүлэн хохироодог ойлголт, яриа, авах арга хэмжээгээ сайтар анхаарч судлаж ангилан тунгаах цаг болсон юм биш үү?! Тэгэхдээ Олон улсын уралдаан тэмцээнд зайлшгүй хориглодог, түрхэн зуур хүч тамир оруулдаг, яваандаа тухайн тамирчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг цөөн төрлийн гол бодисыг Монгол Үндэсний бөхөөс шинжилдэг болвол яасан юм.

 

Ер нь тамирчин бэртээд мэргэжлийн эмчид үзүүлдэг, эмч нь эм бичиж өгдөг. Эмчийн өгсөн зөвлөсөн эмийг уусан тамирчинг төдхөн “сэргээшчин” болгодог энэ сонгомол арга замаа эргэж нэг харвал яасан юм бэ?

 

Түүнээс биш “Сэргээшийн төрлийн бүх бодисыг энэ асуудалд хамааруулан үздэг. Ямар нэг ноцтой бодис илрээгүй бол “Энэ нөхдүүдээс тийм бодис илэрсэнгүй. Тэгвэл энэ нөхөрт өөр ямар нэг сэргээшийн төрлийн бодис байх ёстой. Түүнийг эрж хайж шинжилж олно. Тэр болтол шинжилгээний хариу, эцсийн дүнг хэлэхгүй” гэсэн хачин сонин байдлаар хандаж бөхчүүдийг санаа сэтгэлийн хувьд дарамталдаг байж болно гэж үү? Энэ жилийн наадмын дундуур бараг л “48 цагийн дотор шинжлээд хариуг нь хэлнэ” гээд байснаа, өөр ямар нэг бодис олох, тодруулах юм болж баахан цаг үрсээр сүүлдээ, нөгөө нөхрөөс чинь “Тийм нэг төрлийн бодис” илэрлээ хэмээн ярьдаг хөгийн арга барилаасаа салвал яасан юм бэ?! Хоёрдугаарт: Тийм л хэрэгтэй, аминд тулсан асуудал юм бол хөрөнгө мөнгөө гаргаад (Манайхан тэр байтугай л мөнгийг хулгайлж, хуувилдаж үрэн таран хийж байгаа тухайгаа бүр УИХ дээрээ ярцгаадаг), техник багаж хэрэгслээ олоод, мэргэжилтнээ бэлтгээд өөрийн оронд бүр Монгол Үнэсний бөхийн онцлогоос шалтгаалсан байж болох юм уу, эсвэл олон улсын хэмжээнд (Монгол үндэсний бөхийн хувьд заавал олимп юм уу дэлхийн аваргын тэмцээнийн хэмжээнд үзэж хандах шаардлага байхгүй) зайлшгүй хориглодог тодорхой нэр төрлийн, цөөн бодисыг хамааруулан шинжилж илрүүлдэг өөрийн лабораторитой болох хэрэгтэй. Тэгээд бөхчүүдийг бүр дэргэдээ зогсоож байгаад “За чамаас тийм ийм бодис илэрлээ шүү” гэж ил тод хэлдэг болмоор байна. Ядахдаа энэ жилийн наадмаар сүр бадруулаад байсан “Алдарт 48 цагийнхаа дотор хатуу хяналтын дор шинжлээд хариуг нь зарладаг” болооч. Түүнээс биш гадны нэг лабораторт хэдэн хүний шээс явуулчихаад, араар нь янз бүрий худлаа үнэн юм ярьж монгол бөхчүүдээ хол ойрд гутааж, сэтгэл санаагаар дарамталж тоглож байдгаа зогсоохыг хүсье. Шинжилвэл шинжилсэн шиг шинжилж, чадахгүй юм бол Монгол Үндэсний баяр наадмын бөх, харваачдаас “Допинг”-ийн шинжилгээ авсан нэр зүүж төсөв зардал үрж, хэрүүл маргаан мандуулж байдгаа болимоор байна. Гуравдугаарт: Монгол Улсын төрийн тэргүүн, баяр нааадмаа хаахын өмнө түрүүлсэн үзүүрлэсэн, шөвгөрсөн шинээр улсын цолны болзол хангасан бөх, харваачид, уяачдад алдар цол хүртээхээр зарилга гаргаж хүндэтгэлтэй гардуулдаг Төрийн их ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь бөхчүүд, үзэгчдэд чухамдаа наадмын хэдэн өдөр хоногийн бус насаараа дурсаж явах хөөр баяр, сайхан дурсамж үлдээдэг. Гэтэл тийнхүү алдар цол шагналаа гардуулчихаад бараг маргааш нь “Тэр энэнээс “Сэргээш” илэрсэн Ерөнхийлөгч өө! нөгөө өгсөн алдар цолоо буцааж аваарай” гэж гонгинодог. Наадамчид үзэгчид, олон түмнийг, бөхчүүд харваачдыг төдийгүй Монгол Улсын Төрийн тэргүүнийг эвгүй байдалд оруулдаг хошин шогийн үзэгдлээ зогсооно уу. Зогсоохын тулд нөгөө “Допинг”-ийнхоо шинжилгээний хариуг баталгаатай болсны дараа л дээрх алдар цолыг олгуулах тухай саналаа Ерөнхийлөгчид өргөн барьдаг болмоор байна. Энэ бүхнийг сайд С.Амарсайхан, дарга Б.Нямбаатар, Н.Мягмар нар минь онцгойлон анхаарч, болгооно уу!!! Би, бөхийн мэдлэгтэн, “допинг”-ийн мэргэжилтэн биш. Зөвхөн үндэсний соёл, спортоо хүндэтгэн дээдэлдэг, энэхүү өвөг дээдсийн өглөг буян, үнэт баялаг маань ариун дагшин оршиж наадамчин олон түмнээ үеийн үед баярлуулан цэнгүүлж, элдэв буртаг тортоггүй байгаасай хэмээн залбирч, сэтгэл зүрхээ зориулж явдаг жирийн нэгэн сэтгүүлч буурай болой. Буруу зөрүү ярьсан бичсэн байх аваас хүлцэл уучлалыг түмэнтэй гуйя!

 

 

 

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин