ИЗНН: Бид мэдээлэлтэй болж чадахгүй байна
2024/08/26
Иргэний Зориг Ногоон Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын дарга Б.Батбаатар “ИЗНН нь УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр парламентад дөрвөн суудалтай болсон. Намын дүрмийн зүйл заалтын дагуу УИХ дахь Иргэний Зориг зөвлөл байгуулагдаж байгаа мэдэгдэж байна. Зөвлөлийн анхдугаар хурлаас яг одоо хэлэлцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төсвийн тодотгол зэрэгт ямар саналтай оролцох вэ гэдэг дээр байр сууриа нэгтгэлээ.
УИХ 126 гишүүнтэй. Гэтэл хэт олонх буюу 118-ын бүлэг Засгийн газрыг байгуулсан. Энэ бүлэг Засгийн газарт ямар байдлаар ажиллах вэ гэдгээ “Хурдтай хөгжлийн төлөө зориг” нэртэй гэрээгээр тодорхойлсон. Бид энэ гэрээг УИХ-ын гишүүдэд ирүүлэхийг хүссэн ч ирээгүй байна.
Нэгэнт 118-ын бүлэг болчхоод одоо болтол бүлэг байгуулалгүйгээр МАН олонх, АН цөөнх гэж яваа. УИХ-ын 11 байнгын хорооны даргыг МАН, АН хувааж авсан. УИХ ард түмний төлөөлөл учраас УИХ-д суудалтай бүх нам эвслийг оролцоотой байх тал дээр анхаарах ёстой.
Одоо хуралдаж буй ээлжит бус чуулганы дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дарааллыг хэлэлцэх гэж байна. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд ИЗНН болон Үндэсний эвслийн төлөөлөл байхгүй учир бид мэдээлэлтэй болж чадахгүй байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулах нь зүйтэй. Зөвхөн 118-уулаа асуудлыг шийдээд яваад байж болохгүй.
Иргэний Зориг Ногоон Нам С.Зориг агсны үзэл санааг тээгчийн хувиар түүний амиа алдсан асуудалтай холбогдуулан түр хороо байгуулах саналыг гаргаж, миний биеийн ахалж ажиллахыг манай намын улс төрийн зөвлөлөөс даалгасан. Бид УИХ-ын даргад энэ шийдвэрийг уламжилна. Энэ хэрэг нэг талдаа гарах ёстой.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Чуулганы хуралдаанд үг хэлэхийн тулд өмнөх өдөр нь гишүүний албан бланк дээр хүсэлт явуулдаг. Манайх эко минималист нам. Гэтэл цаасан дээр хүсэлт бичиж өдөр бүр явуулах шаардлага тулгарч байна. УИХ энэ байдлаасаа салах хэрэгтэй.
Төсвийн тодотгол дээр 2023 оны төсөв 20.2 их наяд байсан. Төсвийн төсөөллөөр 2024 оны төсвийг 22.7 их наяд төгрөгөөр батална гэж үзэж байсан. Яг батлахдаа 5 их наядаар нэмэгдүүлсэн. Гэтэл өнөөдрийн төсвийн тодотголоор 3 их наядаар нэмэгдүүлж 30.2 их наяд болж өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад мөнгөний бодлого хатуурна, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр олдохоо болино гэдэг дүгнэлтийг бид хийж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх асуудал оруулж ирж байна. Үүнийг буруу гэж үзэж байна” гэлээ.
Зочин · 2024/08/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono