Судалгаагаар Бага тойрууд автомашины зогсоол 130%, Их тойрууд 119%-ийн эрэлттэй байна
2024/09/05
-Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй буюу сар бүр төлбөр төлөх гэрээний үүрэг хүлээсэн иргэн, ААН-ийн 72 авто зогсоол бий. Эдгээр зогсоолын үнэ тарифт зохицуулалт хийхээр санал боловсруулж байгаа талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өглөө.
Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга Л.Рэнцэнханд "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар авто зогсоолыг нэгдсэн удирдлагын системд холбох, программ хангамжтай болгохыг Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт хариуцсан байгууллага хариуцдаг.
Өнөөдрийн байдлаар 72 байршилд нийслэлтэй гэрээ байгуулсан 1,870 төлбөртэй зогсоол үйл ажиллагаа эрхэлдэг.
Авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлж, авто зогсоолын эрэлтийн судалгааг гаргалаа.
Судалгаагаар Бага тойрууд авто зогсоол 130%, Их тойрууд 119%-ийн эрэлттэй байна. Энэхүү эрэлтийг зохицуулахын тулд зогсоолын үнэ тарифыг уян хатан болгох санал боловсруулж НИТХ-аар батлуулна" гэв.
72 зогсоолоос нэг цагийн 1,000 төгрөгөөр бодож нийслэл орлогоо авдаг байна.