Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох замын хучилт болон гүүрэн байгууламжийн ажил үргэлжилж байна
2024/09/07
Өнгөрсөн оны наймдугаар сарын мэдээллээс харахад Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байсан байна.
Түүнчлэн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан өмнө нь ярихдаа “Гэмтлийн эмнэлгээс “Содон” хороолол, “Толгойт” хүрэх авто зам зургаан эгнээтэй, хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Энэ зам ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон” гэж байв.
Уржигдар “20 минутын хот” арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Ард Аюушийн гудамжийг Содонгийн уулзвартай холбох авто замын ажил нэг, хоёр айлаас болоод гацсан. Бид зохиогч автортой нь яриад айлын үл хөдлөхтэй давхцаад байгаа хэсэг дээр замын трассыг есөн метрээр шилжүүлье гэж ярьсан боловч тохиролцоонд хүрээгүй. Өнөөдөр хамгийн сүүлийн замын трасст өртсөн айл дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Тэр дөрвөн тэрбум төгрөгийг нь Төсвийн тодотголын дараа өгье гэдэг байдлаар ярьж байгаа. Нийтдээ 260 нэгж талбар өртсөн. Ихэвчлэн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг өртөг үнэтэй ийм зүйлүүд байгаа.
Энэ айлтай зөвшилцөл дууссан учраас маргаашнаас эхлээд гэрээгээ хийгээд, айлаа нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэнэ. Ингэх юм бол бид есдүгээр сардаа багтаж, Ард Аюушийн гудамжийг хучиж дуусгаад зорчих хөдөлгөөнөө нээнэ. Явган зам болон бусад ажлуудыг араас нь үргэлжлүүлж хийх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, авто замын засварын ажлыг сурвалжиллаа.
2022 оны зургадугаар сараас замын бүтээн байгуулалтын хүрээнд х ийгдэж буй газар чөлөөлөлтийн ажил нь явагдаж, өнгөрсөн оны долдугаар сард эхэлсэн гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын засварын ажил үргэлжилж байна.
Хархорингийн 32-ын автобусны буудлаас хойш эргэсэн замаар хэсэг яваад, гүүрээр гараад дээш өгссөн замаар алхсаар дөрвөн замын уулзвар дээрх зам засварын ажил хийгдэж буйтай таарлаа. Одоогоор замын хучилтын ажлууд хийгдэж эхлээгүй, хучилтын өмнөх дөрөв, таван дамжлагат бэлтгэл ажил үргэлжилж байсан юм. Энэ уулзвараас баруун тийш “Содон” хороололтой, зүүн тийш Гэмтлийн эмнэлгийн замтай холбогдох аж. Уулзварын хоёр талд хоёр гүүрэн байгууламж буюу хоёр нүхэн гарц баригдсан байв. Нийт зам талбайн ажилд өчигдрийн байдлаар 30 гаруй хүн ажиллаж байгаа гэв.“Монгол зам групп”ХХК-ийн талбайн инженер залуу “Тодорхой мэдээллийг захиалагч тал болох Нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулах шаардлагатай” гэсэн юм. Зам засвар хийж буй болон ойролцоох оршин суугчдаас газраа чөлөөлж амжаагүй айл байгаа эсэхийг тодруулахад “Энэ хавиар газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдсэн. Гэмтлийн тэр хавьд байх магадлалтай” гэснээр тийш зүглэлээ.
Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын баруун талд гүүрний ажил мөн хийгдэж байлаа. Баригдаж буй гүүрний зүүн талд байрлах үйлчилгээний төвүүдээр оров.
Шал.мн-ын захирал, иргэн Х.Жаргал:
Би дөрвөн тэрбумыг хоёр жилийн өмнө бага байна гээд зөвшөөрөөгүй. Эхлээд манайхыг нэр мөр нураана гээд би газраа бэлдэхээр байр хайж байсан. Таг болсон. Дөрвөн давхар том байгууламж. Бүгдийг нь карказ цутгаад хийсэн. Юу ч асуухгүйгээр гүүрээ бариад байгааг гайхаж байна. Энэ том бизнесийг явуулахад надад орц, гарц гаргаж өгөх ёстой. Яг нарийн зүйл яриагүй. Иргэн Х.Жаргалын ганц барилга үлдчихээд байна. Бусадтай нь тохиролцсон. Тухайн үедээ манайхыг том болохоор нь хөндөхгүйхэн шиг өнгөөрөөе гэсэн. Тэгээд зургаа өөрчлөхөөр болсон юм. Зургаа яаж өөрчилсөн талаарх хариу ирээгүй. Аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгнө гэсэн ч бид хөдөлгөөн ч хийж чадахгүй л байна. Манайх 2015 онд нээлтээ хийж байсан.Тусгай обьекттой байж гэмээнэ байгууллагын нэр хүндийн баталгаа бэхэждэг. Улсыг бодъё гэхэд иргэн хүн дахиад юм барих хэмжээний юмгүй байж болохгүй. Энд олон хүний амьдрал, эрх ашиг явж байгаа. Уржигдар намайг Газар чөлөөлөлтийн албанаас ирж уулзах хүсэлт тавьсан. Би хөдөө явж байсан тул очиж чадаагүй. Одоо үнэлгээ яаж хийгдсэнийг мэдэхгүй байна. Эхний байдлаар хоёр жилийн өмнө дөрвөн тэрбумын үнэлгээ хийгдэж байсан. Энэ нь манай нэг давхрын үнэ шүү дээ. Та нар бодитоор ирээд үз гэж хэлсэн. Хөндөхгүй байхыг хичээсэн ч манай урд талаас 200 мкв-ыг өгөхийг хүсвэл би зогсоолоо яахав. Зогсоолгүй хийх байсан бол илүү том юм барих байлаа. Барилгатайгаа үнэлэхгүй бол газраасаа өгч чадахгүй гээд байгаа юм. Орц, гарцаа шийдэж өгөхгүй бол би энд том байгууламжтай байгаад ямар ч нэмэргүй. Улс гэдэг иргэнээс бүрддэг. Иргэн нь би болон манай ажилчид. Дээрээс нь бид өндөр татвар төлдөг, банкны өр зээл ихтэй. Би бизнэсээ үнэлүүлье гэж хэлсэн. Яармагт очоод уулзаарай л гэж хэлсэн” гэсэн юм.
“Pruis” сервисийн захирал Д.Чинсанаа:
“Уржигдар зөвшилцөлд хүрч гэрээгээ хийсэн. Яг энэ хэсэг буюу газрынхаа талыг чөлөөлж өгч буй гэсэн үг. Яагаад өдий хүрэв гэхээр орц, гарцны асуудал шийдэгдэхгүй байсан. Надад газраа чөлөөлж өгөхгүй гэж гүрийгээд байсан юм байхгүй. Үлдэж байгаа газрынхаа орц, гарцны асуудлыг шийдэж өгөхийг л хүссэн” гэв.
Ажил хийгдсэнээр “Толгойтын зам” буюу “Содон” хорооллын хойгуур гардаг замаар зорчигчид урагшаа эргэж, I хорооллын арын замд нийлэх шаардлагагүй, шууд зүүн чиглэлтэй зорчин гэмтлийн эмнэлэг орчмоор Ард Аюушийн өргөн чөлөөтэй нэгдэх боломжтой аж. Зам засварын ажил ирэх арваннэгдүгээр сард дуусч магадгүй юм байна.
Зочин · 2024/09/07
бас үнэхээр үнэлэгдэхээр л барилга байна даа мөнгөийг нь улс өгөх л хэрэгтэй дээ ямар хувийн юм гэхээр хямд байх ёстой биш дээ
Зочин · 2024/09/07
ANUSDI80955877