Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал "2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн болон оюутан багшилж болно" хэмээн тэрбээр мэдэгдэл гаргасан.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах тайлбар, мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Манай улсад өнөөдрийн байдлаар 4,200 орчим багшийн сул орон тоо байна.

Багшийн хомсдол, сул орон тооны тухайд 

  • Англи хэлний багш 11 хувь
  • Физикийн багш 10 хувь
  • Химийн багш 10 хувь
  • Технологийн багш есөн хувь зэргээр багш нарын дутагдал их байгаа. 

Одоо англи хэлийг Ерөнхий Боловсролын Сургуулийн гуравдугаар ангиас заах ёстой. Тэгвэл багшлах орон тоо бий юу. 

Зүгээр гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад суулгаж, багш бэлтгэнэ гэсэн үг биш.

  • Хими
  • Физик
  • Биологи
  • Технологи
  • Англи хэл
  • Математикийн ур чадвар шаардах мэргэжлээр гадаад дотоодын их, дээд сургуулиудыг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллахыг урьж байгаа юм. 

Зөвхөн Монгол Улс багшийн хомсдолд ороогүй. Дэлхийн улс орнууд 20 жил тутамд багшийн дуталд орж буй. Энэ оны хоёрдугаар сард ЮНЕСКО-оос гаргасан тайланд "2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүснэ" гэж дурджээ. 

Дан ганц хөгжиж буй орнууд биш, боловсролын систем нь өндөр хөгжсөн Европ, Хойд Америкийн бүс нутагт ч тохиолдож байгаа үзэгдэл.

Манай улсад багшаас гадна, хөдөө аж ахуй, цагдаа, эмч, лабораторийн мэргэжилтэн, сувилагч зэрэг олон салбарын мэргэжилтэн хомсдолтой байна" гэлээ. 

"Судалгаа хийж, эх хэлнээсээ гадна гадаад хэлнээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг хүмүүст зах зээлээ нээе"

Үргэлжлүүлэн "Энэ асуудлыг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хоёр жил ч химийн багшгүй яваа сургуулиуд бий. Энэ талаарх баримт ч байгаа. Үнэхээр их дээд сургуулиа сайн дүнтэй химичээр төгсчхөөд багшилмаар байгаа ч багшлах эрхийн үнэмлэхгүй гэх шалтгаантай хүмүүс бий.

Эдгээр хүнд үндсэн багшийн үнэмлэх олгож байгаа хэрэг биш. Зөвхөн багшлах эрхийг олгож байгаа гэсэн үг. Цаашдаа дөрөв, таван жил багшлаад үндсэн багш болгоё гэвэл тусгай шаардлага тавьж эхэлнэ.

Сургуулийн удирдлагуудтай уулзаж байхад "Багшийн хомсдолыг хурдан шийдээд өгөөч" гэдэг. Урьд нь багш нарыг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг авч байна хэмээн ярьдаг. 

Түүнчлэн багш нарт ур чадварын дутагдал их байна. Бүх чадварын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байгаа юм. Үнэхээр "та сайн физикч юм бол ирээд заагаад өгөөч ээ”, гэрээт багшаар ажиллаж болно. 

Үнэхээр гадаад дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгсөөд өөрт тань багшлах сонирхол байгаа бол ирээд заагаад өгөөч ээ. 

Судалгаа хийж чаддаг, эх хэлнээсээ гадна гадаад хэлнээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг хүмүүст зах зээлээ нээе. 

Энэ нь багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр физикийн багш дутагдаж байгаа учраас нэг багш давхар олон ангид зэрэг орж байна.

Олон ангид зэрэг заахад хичээлийн бэлтгэл ч хэцүү болно биз. Багшийн ачааллыг зохих хэмжээнд хүртэл бууруулснаар тэнд ЧАНАР гарч ирнэ" хэмээн Боловсролын сайд хэллээ.