Тухайн хүн урд төрөлдөө хэн байсан, ямар амьтан байсныг зурхайд “тодорхой заачихсан” байдаг. Гэтэл зурхайн заалтанд Далай ламтан итгэдэггүй гэдгээ цөөнгүй удаа хэлсэн байх юм.

Гэхдээ Далай ламтан өөрөө бусдын хойд дүрийг тодруулдаг хүн шүү дээ! Хойд дүрийг тодруулнаа гэдэг чинь урд дүрийг нь мэдэж байна гэсэн үг. Энэ байдлыг би олон дахин сонссон хэдий ч тодорхой нэг хүнтэй холбож буюу аль нэгэн аргаар худал, үнэн алин болохыг нь шалгах гэж ер боддоггүй байв.

 

Гэтэл саяхан өөрийгөө зурхайч гэж танилцуулдаг нэг эрхэм надад их сонин зүйл ярьлаа. Тэр эрхэм өөрөө зурхайд, цаг тооны бичигт ер итгэдэггүй юм байна. Гэхдээ зурхай, мэрэг төлөг, 49 чулуу таслах мэтийн аргаар мөнгө олж болдог учраас л “зурхайчийн ажил” гэрээр эрхэлдэг гэнэ.

 

Тэр эрхэм хэлэхдээ “...Урд төрлийн талаарх зурхайн заалт болон хойд дүрийн талаарх төвдийн шашны үзэл, тодруулдаг зан үйлийн аль аль нь худал, заль мэх. Хутагт, хувилгаадын хойд дүрийн нь урд төрлийг зурхайд үзэхлээр зарим нь амьтан байжээ гэж гардаг. Тэгэхлээр зурхай ч худал, Далай ламын тодруулга ч худал болчихож байгаа юм. 14-р Далай лам урд төрөлдөө 13-р Далай лам байжээ гэж зурхайгаар нотлогдохгүй. Манай Богд нар ч ялгаагүй. Хөөрхий сүсэгтнүүд ийм булхай, залийг ямар мэдэх биш. Өрөвдмөөр байгаа биз дээ?!!!” Ингэж хэлээд эгдүүтэй нь аргагүй инээгээд, угсруулаад ханиасаар яваад өглөө. Би яарч явсан болохоор мөн л замаа хөөн одсон юм. Харин тэр оройдоо энэ талаар би олныг эргэцүүлэн бодлоо. Түмэн зүйл л толгойд эргэлдлээ. Монголчууд бид чинь тун ч их хууртамтгай ард түмэн юм уу ч гэж сэжиглэлээ. Яахлаараа тэр билээ гэж шалтаг, шалтгааныг нь ч эрэлхийллээ.

 

Цайлган, гэнэн, хөнгөн, хийсвэр, тэнэгхэн, туршлагагүй, хашраагүй, тун ялигүй зүйлд хууртдаг, багаахан өгөөшинд дэгээдэгддэг, “заяа муутай, урд төрлүүддээ нүгэл их үйлдсэний хариу” залхаалт, мухар сүсгийн гай... гэхчилэн янз янзаар л өө сэв эрэлхийллээ.

 

Оюу толгойн гэрээгээр хууртсан л гэх юм, урагшаа нефть ачуулж залилууллаа л гэх юм, нүүрсчдэд мэхлүүллээ, ЖДҮ-чдэд чадууллаа, сахал Эрдэнэбилэгт луйвардууллаа л гэх юм, цаг тооны бичиг, зурхай худлар дүүрэн л гэх юм, ардчиллын алтан хараацай, мөнгөн жараахайд итгээд дээрэмдүүлчихлээ л гэх юм, МАН-ын акулуудад залгиулчихлаа л гэх юм, өнөөдрийн баячууд дундаас итгэл хүлээх хүн байхгүй л гэх юм, эртхэн үедээ бол ерөнхийлөгчийн үзмэрчид итгээд алдлаа, өөрөөсөө гал гаргадаг бүсгүйд эрдэмтэд нь хүртэл молигодууллаа л гэх юм, өөр ч өчнөөн л хууртсан, залилуулсан баримтыг хуруу дарам тооллоо. Эцэст нь толгой эргэж, дотор муухайрлаа. Харин хэсэг хугацааны дараа нэг сонин бодол төрж байх юм. Далай лам нарын хойд дүрийн урд төрлийг зурхайгаар шалгахад бүгд л Далай лам байжээ гэж гарах ёстой. Мөн 10 Богд гэгээний тус бүрийн урд дүр зурхайгаар үзэхэд бүгд л Богд байжээ гэж л гарах учиртай. Хэрвээ шал өөрөөр гарах юм бол зурхайн буруу болох уу, хойд дүр олж тодруулдаг нь худал болох уу? Аль нэгэн хутагтын хойд дүрийн нас, төрсөн жил, сар, өдрөөр нь аваад үзэхлээр зурхайд энэ хүн урд төрөлдөө бүр аль нэгэн амьтан байжээ гэж байвал яах билээ? Шарын шашин ба зурхай хоёрын алинд нь итгэх болж байнаа? Аль аль нь л худалч болчихож байгаа юм. 14 дүрийн Далай лам, 10 дүрийн Богд гэгээн гээд 24 хүн дээр (зурхайд бүгдэд нь урд төрөл нь зөв гарах ёстой) урд урд төрлүүд нь яаж гарах бол оо?

 

Далай лам, Банчин богд нар хүний хойд дүрийг хэрхэн, яаж тодруулах талаар хичээл үзэж, ном заалгаж, шалгалт өгч, нарийн мэргэжилтэн болоогүй, мөн нэр зард гарсан үзмэрчид ч (Ванга авгай шиг) биш шүү дээ?

 

Богд гэгээний хойд дүрийг тодруулах гэдэг хуурамчлалаа орхиод “нэгэн цовоо сэргэлэн хүүхдийг сонгон авч багаас нь бэлдэж, сургаж, өргөмжилдөг” хэмээн үнэн утгаар нь ойлгож заншвал яасан юм бэ? – гэж ч бодогдлоо. Худал, хуурмаг бүхэнд ирээдүй үгүй шүү дээ! Тэр тусмаа энэ ил тод цаг үе, орчин нөхцөлд! Дэлхийн хэмжээнд, 4000 орчим шашин, шашны урсгалууд дотор хойд дүр тодруулдаг нь зөвхөн л Төвдийн ламын шашин. Төвд, Монгол хоёр л төөрөгдөлд автчихсан гэж үү? 4000 дотор зөвхөн ганцаараа гэдэг баримт л худлаа болохыг нь гэрчилж байна шүү дээ. Аль эсвэл 3999 нь энэ талын мэдлэггүй юм уу? Буддагийн сургаал, номлолыг, мөн түүнд суурилсан Монголын буддизмыг би хүндэтгэн үздэг. Гэхдээ манай буддизм уг эхдээ, Буддагийн сургаал, номлолдоо ойрхон байгаасай, үнэтэй, үнэн бүхнийг нь уламжлахаар барахгүй бүр хөгжүүлж байгаасай гэж хүсдэг юм. Үнэ цэнтэй бүхнээс нь холдоод, мухар сүсэгрүү ойртуулаад л байх юм бол алсдаа Буддагийн нэр, алдар доор хоргодохын ч аргагүй болно. “Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээдэг” гэх үг буй. Өнөөдрийн лам нар л маргаашийн хувь заяа, нэр нүүрээ тодорхойлно. Ирээдүйгээ та нар л бүтээнэ. Монголын буддизм гэж юу юм бэ? гэдгийг итгэмээр, дээдэлмээр, бүр сүсэглэн дагамаар болгох үүрэг, хариуцлага та нарт оногдож байгаа билээ. Ингэж бодох, тооцох нь зөв биз дээ?

 

 

Судлаач Д. Чулуунжав