ХЭҮК: Боловсролын салбар багшийн дутагдалд орсон нь цалинтай нь холбоотой
2024/09/27
“Зууны мэдээ” сонин сард хоёр удаа нийтийн эрх ашгийг хамгаалсан эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Бид энэ сард нийгмийн анхаарлын төвд буй багшийн хүрэлцээний асуудал болоод салбарын сайдын хэрэгжүүлэх гэж буй багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг хэр бодитой тухай эрэн сурвалжилж байгаа. Энэхүү сэдвийн хүрээнд хоёр дахь нийтлэлээ хүргэхэд бэлэн боллоо.
Багшид оногдох хүүхдийн тоо стандартаас 10-20-оор илүү
Бид өмнөх нийтлэлээрээ Монгол Улсын боловсролын салбар 4200 багшийн хомсдолд орсон нь яг бодит тоо юу. Эдгээр багшийг 45 хоногийн дамжаа төгссөн багш нараар нөхөх бус дотоод нөөц бололцоогоо ашиглаж, багш мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нар болон гавьяаны амралтдаа эрт гарсан ахмад багш нарын армиар шийдэх гарц, гаргалгаа байна шүү гэсэн асуудлыг хөндсөн билээ.
Тэгвэл энэ удаад багш нар яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэвэл боловсролын салбар багшийн хомсдолыг даван гарах вэ гэсэн асуултын дагуу энэхүү салбарт ажиллаж буй багш нарын байр суурийг хүргэхийг зорьсон юм.
Багшлах боловсон хүчин дутагдалтай болсноор Монголын боловсролын салбар гүн гүнзгий хүний нөөцийн хомсдолд орох эрсдэл өндөр байгааг олон судалгаанаас харж болохоор байна.Тухайлбал, ХЭҮК-ын 22 дахь илтгэлд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн тоо жил бүр нэмэгдэж байхад сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш мэргэжлээр элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар байгааг дурджээ. Үүнээс харахад Монголын төр цаашид багшлах боловсон хүчин бэлтгэх тал дээр бодлогын түвшинд анхаарах цаг болжээ. ХЭҮК-ын судалгаа, илтгэлд боловсролын салбар ийнхүү хүний нөөцийн дутагдалд орсон шалтгааныг нийгмийн баталгаа болон ажлын ачаалал зэрэгтэй холбон тайлбарласан байдаг. Мөн нэг багшид оногдох хүүхдийн тоо стандартаас дор хаяж 10-20 хүүхдээр илүү, нийслэл болон аймгийн төвд анги дүүргэлтэд 40-50 сурагч хамрагдаж байгаа нь багшид оногдох ажлын ачааллыг нэмэгдүүлж, сургалтын чанарыг бууруулахад хүргэж байгааг дурдсан байна. Тэгвэл харьяа яамны зүгээс 40-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллуулна гэсэн шийдвэр гаргажээ. Тэгвэл тэдгээр туслах багш хаана байна вэ. Одоог хүртэл нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт туслах багш өгөөгүй байна. Багш нар 40-45 хүүхэдтэй ганцаараа ажилласан хэвээр байна. Энэ тухай нийслэлийн ерөнхий боловсролын 46 дугаар сургуулийн бага ангийн багш “Манай анги 43 хүүхэдтэй. Одоогоор би ганцаараа ажиллаж байна. Туслах багш байхгүй. Ганцхан манай сургууль ч бус бусад дүүргийн сургуулиудад ч туслах багш ирээгүй байгаа юм билээ. Боловсролын яам яагаад ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй юм бэ. Үнэндээ энэ их ачааллыг даахад хүндрэлтэй байна. Багш нар ч ялгаагүй хүн шүү дээ. Бид хуулиар тогтоосон дүрэм журмынхаа дагуу стандартаа барьж ажилламаар байна” гэсэн юм. Бусад багш нарын байр суурийг хүргэе.
30 дугаар сургуулийн багш А.Наранцэцэг: Эцэг эхийн зохисгүй харилцаа багш дутагдахад нөлөөлж байна
-Боловсролын байгууллагын чадвартай боловсон хүчин ажиллаж байгаад ажлаас гарах, төгсөгч нар багш мэргэжлээрээ ажиллахгүй байна гэдэг цалин хөлс, нийгмийн хангамжийн асуудалтай шууд холбоотой. Мөн дээрээс нь эцэг эхийн зохисгүй харилцаа, дарамт шахалтыг нэрлэж болно. Одоогийн боловсролын байгууллагад тэтгэвэртээ удахгүй гарах гэж байгаа, нөхөр нь гадаадад ажилладаг өөрөө хүүхдээ хардаг, гадаад явах визээ хүлээж байгаа багш нар л ажиллаж байна шүү дээ. Гэтэл салбарын сайд 45 хоногийн сургалтаар багш бэлтгэнэ гэж ярьж байгаа нь зохимжгүй. Хэзээ ч 45 хоногт заах арга зүйг сурна гэж байхгүй. Энэ чинь 4-5 жил судалж байж сурдаг, биеэ даасан шинжлэх ухаан. Сайд ийм боломжгүй юм ярихын оронд багшийн суурь цалин, нийгмийн хангамжийг нэмэгдүүл л дээ. Цалингаа голоод мэргэжлээрээ ажиллахгүй байгаа мянга мянган багш нараа дэмж. Боломжийг нь олго. Цалинг нь нэмчихвэл шинэ боловсон хүчин ч мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй болно. Мөн хөрвөх чадвартай багш бэлтгэх зэрэг бодлого дутагдаж байна. Үүнийг төр, харьяа яам анхааралдаа аваасай.
16 дугаар сургуулийн багш Д.Нямбаяр: Тэтгэвэрт гарсан багш нар эргэж ажиллах хүсэлтэй байдаг
-Монгол Улсад багшийн орон тоо дутагдаад байгаа шалтгаан бол цалинтай холбоотой. Багшийн цалинг сүүлийн 20 гаруй жил доод түвшинд барьсны үр дүн. Тиймээс өнөөдөр 4200 багшийн дутагдал ороод байна. Багшийн цалин бага учраас энэ мэргэжлийг сонгож ажиллах хүн ховордож байна. Хамгийн сурлага сайтай нь гадаад, дотоодод өөр мэргэжил эзэмшиж байна. Мөн багш нараа хот, хөдөө гэж ялгавартай хандаж болохгүй. Энэ 45 хоногийн курст түүхч, математикч гэсэн чадварлаг хүмүүс хамрагдах юм шиг боловсролын сайд буруу ойлгуулаад байна. Тэр сургалтад чинь хуульч, эдийн засагч, цахилгааны инженер ч юм уу мэргэжлээр төгсөөд ажлын байранд гологдож, ажилгүй байгаа хүмүүсийг хамруулах гээд байна. Ингэж багшийн нэр хүнд, боловсон хүчний чадвар, цаашлаад багш мэргэжлийг устах эрсдэлд оруулах далд бодлого явуулж байгаад нь багш хүнийхээ хувьд харамсаж байна. Нэгэнт 4200 багшийн дутагдалд орсон юм чинь тэтгэвэрт гарсан багш нараа ажиллуулахад татгалзах юм байхгүй. Хэрэв тэр ахмад багш нар өөрсдөө боломжтой гэвэл хамгийн их ажиллах хүч тэд юм шүү. Нас туршлагын хувьд ч хамгийн зөв сонголт. Мөн тэтгэвэрт суусан багш нар эргэж орж ирснээр залуу багш нар ч ахмадуудаасаа туршлага судлаад давуу талтай.
16 дугаар сургуулийн багш О.Болор-Эрдэнэ: Боловсролын яам багш нартаа ээлтэй хандахгүй байна
-Багш нарын хувьд цалин хангамжийн асуудал хамгийн хүнд байдаг. Миний хувьд урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөөр амьдарч байна. Манай ихэнх багш нар түрээсийн байранд амьдардаг. Цалин нь бага учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. Гар дээрээ авсан мөнгө нь амьжиргааны зардалдаа ч хүрдэггүй. Энэ шалтгаанаас үүдээд багш нар мэргэжлээрээ ажиллахгүй байна. Мөн эцэг эхийн дарамт, харилцаа хандлага маш хэцүү. Орчин үеийн хүүхдүүд үг сонсохгүй, хүмүүжлийн асуудалтай байна. Багшийн мэргэжил хомсдолтой байгаа шалтгаан нь цалин, ажиллах орчин, хангамжийн асуудалтай шууд холбоотой. Тиймээс л дөрвөн жил сурсан, дуртай ажил, хайртай шавь нараа орхиод аль өндөр цалинтай, таатай газар луу явж байна шүү дээ. Нийслэлийн сургуулийн багш нарыг бодвол хөдөө орон нутагт хангамж сайтай боловч энэ нь гэр бүлийн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлдөг. Залуу багш нар маань хэдий болтол гэр бүл, үр хүүхдээсээ хол амьдрах юм бэ.
Багшийн цалин бүх нэмэгдлийг нэмээд ч 2.5 сая хүрэхгүй
Багш нарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь цалин хөлсний хэмжээ. Шинэхэн багш нар одоогоор 1.4 сая төгрөгийн цалин авч байна. Үүнээс нийгмийн даатгал, олон татвараа төлөхөөр гар дээр хэдэн төгрөг авах вэ. Гэтэл салбарын сайд П.Наранбаяр багш нар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа гэж мэдээлсээр байх уу. Энэ талаар ерөнхий боловсролын сургуулийн багш Энхтуул “Боловсролын байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байгаа хүний хувьд цалингийн бодит мэдээлэл өгье. Боловсролын сайд П.Наранбаяр 1000 багш 3.8 сая төгрөгийн цалин авч байна гэсэн. Гэтэл ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт 55000 гаруй багш байна. Гэтэл 3.8 сая төгрөгийн цалинтай хүмүүс бүх багшийг төлөөлж чадах уу. Энэ чинь зөвхөн бүх багшийн 1.8 хувь нь л шүү дээ. Гэхдээ ихэнх нь хувийн сургуулийн багш нар байгаа. Улсын сургуулийн бүх багш нар 1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай. Бүх нэмэгдлийг нэмээд ч 2.5 сая хүрэхгүй. Гэхдээ энэ хэмжээний цалинг цөөхөн багш авч байгаа. Энэ бүх нэмэгдлүүд 1996 оноос хойш өөрчлөгдөөгүй. Харин ямар нэгэн нэмэгдэлгүй залуу багш татвараа төлөөд 1.1 сая төгрөгийн цалин авна. Ийм цалин авч байгаа багш амьдралаа хэрхэн босгох вэ” гэв. Тэгэхээр багшийн хомсдолыг багасгах хамгийн зөв алхам нь 45 хоногийн сургалт бус багш нарынхаа нийгмийн хангамж, цалинг л сайжруулж, боловсролын салбар тогтолцоондоо, хуулиндаа өөрчлөлт хийх шаардлага тулгараад байгааг эдгээр багшийн ярьснаас харж болохоор байна.
“Тэтгэвэртээ гарсан багш нарт дахин ажиллах чин хүсэл байдаг”
Ажиллах хүсэлтээ өгсөн ахмад багш нар:
Дундговь 13
Говьсүмбэр 2
Говь-Алтай 3
Сүхбаатар 14
Баянхонгор 16
Орхон 24
Завхан 4
Баян-Өлгий 2
Дорнод 2
Төв 9
Ховд 19
Өмнөговь 1
Харин “Зууны мэдээ” сонин багшийн хомсдолыг бууруулах өөр нэг арга нь гавьяаны амралтдаа гарсан ахмад багш нарыг дахин ажилд урих гэсэн өнцгийг өмнөх нийтлэлээрээ санал болгосон. Зөвхөн Монголд ч бус дэлхий нийт өнөөдөр багш мэргэжилтнээр дутагдаад байгаа юм. Тиймээс зарим улс боловсролын хуулиндаа өөрчлөлт оруулж, багшийн тэтгэвэртээ гарах насыг 60 болгон өөрчилж байна. Тиймээс Монгол Улсын хувьд ч үүнийг дагаж, ахмад багшийн армийг дахин дайчлахад болохгүй зүйл байхгүй. Учир нь гавьяаны амралтдаа гарсан багш нарын 80 хувь нь эргэж ажиллах хүсэлтэй байдаг тухай Ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар бидэнд хэлсэн. Мөн Монголын ахмад багш нарын холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат багш Ц.Амгалан “Тэтгэвэртээ гарсан багш нар эргэж, үргэлжлүүлж ажиллах хүсэл сонирхол их байдаг. Монголын ахмад багш нарын холбоо, Боловсролын яамтай хамтраад 21 аймаг болон Улаанбаатар хотынхоо ахмад багш нараас судалгаа авч байна. Энэ судалгаа нь тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлэн ажиллаж байгаа болон ажиллах хүсэлтэй багш нарын тоог гаргаж ирэх зорилготой. Одоогийн байдлаар 10 орчим аймгаас урьдчилсан байдлаар тоо ирсэн байна. Тэтгэвэртээ гарсан багш нарт ажлын дадлага туршлага, хүүхдийн төлөө цохилох чин хүсэл сэтгэл байдаг. Тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлэн ажиллаж байгаа багш нарын хажуугаар ажиллах хүсэлтэй маш олон хүн байна. Тэр дундаа эмэгтэй багш нар илүү идэвхтэй байгаа ажиглагддаг. Одоогийн багш дутагдалтай байгаа нөхцөлд чин хүсэлтэй ахмад багш нарыг ажиллуулах нь зөв арга замын нэг. Тиймдээ тэр багш нарын нийгмийн асуудлыг шийдэж, сургуулиудтай гэрээгээр холбож өгөх ажлыг Боловсролын яамд хүргүүлэх бодолтой байна. Өмнөх нийгмийн үед багш нарын нэр хүнд, цалин өндөр байсан. Харин одоо эсрэгээрээ болсон байна. Багшийн мэргэжил бол маш нарийн ухаан шаарддаг. 45 хоногийн сургалтын багш нарыг тэр хэмжээнд хүрэхгүй гэж харж байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг тэтгэвэртээ гарсан багш нарыг эргүүлэн ажиллуулах нь зөв арга” гэсэн юм.
Тэгэхээр өнөөдөр боловсролын салбар 45 хоногийн сургалт гэхээс илүү өөрийн нөөц боломжийг ашиглаж, салбар дотор байгаа боловсон хүчнүүдийг мэргэжлээр нь ажиллуулах, одоо ажиллаж байгаа багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдээд өгвөл 4200 багшийн хомсдолыг хялбархан шийдэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/09/29
UILCHLD80955877SEKSDD
Зочин · 2024/09/29
SHAALTSX80955877XUSELTEI ERD
Зочин · 2024/09/28
ANUSN80955877