Гэрийн камераар үйлдэл бүрийг нь хянах, аппликэйшнээр нь мөрдөх зэрэг технологи ашиглан үйлдэж буй хүчирхийллийг хуульчлах шаардлагатай
2024/10/10
“Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар нийгмийн ойлголтоос улбаатай эрх мэдлийн тэнцвэргүй харилцаанаас үүсэлтэйгээр хохирогчийг хүсээгүй байхад нь эдийн засаг, бэлгийн, бие махбод, сэтгэл санааны хохирол учруулж байгааг хэлдэг аж.
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Н.Арвинтариа "Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл гэдэг нь тухайлбал гэртээ камер суурилуулаад үйлдэл болгоныг нь хянаж байна. Хяналтын камерын бичлэгээр дагасаар байгаад танайд ирээд хамгаалах байранд чинь орчихсон байна гээд хүрээд ирж байна. Манай дээр ирчихсэн байсан ч гар утасны аппликэйшнээр нь дагаж, мөрдөж байх жишээтэй.
Манай байгууллага жилд 2,000 орчим хүнд үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрээс 50 орчим хувь нь цахим орчин дахь хүчирхийлэлд өртсөн эсвэл технологийн дэмжлэгтэйгээр үйлдсэн хүчирхийлэлд өртсөн байна.
Иймд технологийн дэмжлэгтэйгээр үйлдэгдэж байгаа хүчирхийллийн төрөл хэлбэрүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэг рүү оруулж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчлүүдийг хуульчлахгүй бол даамжирч илүү хүнд хэлбэр рүү орсоор байна" гэв.
Монгол улсын нийт хүн амын 92 хувь нь цахим сүлжээнд идэвхтэй байдаг аж. Уг цахим хэрэглээг дагаад технологид суурилсан хүчирхийллийн тоо жил бүр нэмэгдэж 2021 онд 4,825, 2022 онд 8,563 буюу 77.5 хувь өссөн үзүүлэлтэй байгаа юм байна. Түүнчлэн 10 хүүхэд тутмын 3 нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг байна.
Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийллийн түгээмэл хэлбэрүүд:
- Цахимаар дээрэлхэх
- Өөрийн хэн гэдгээ нууцлан цахимаар өдөөн хатгах, доромжлох
- Бусдыг дарамталж хувийн цахим хэрэглээний нууц үгийг авч харилцаа холбоо, мэдээллийг хянах, хязгаарлах, мөшгөх дарамтлах
- Зураг ашиглан, дарамтлах, заналхийлэх. Хохирогчийг хүчирхийлэх дарамтлах зорилгоор зөвшөөрөлгүй нууцаар бэлгийн сэдэлтэй зураг авах, бусадтай хуваалцах, хуваалцахаар заналхийлэх, сүрдүүлэх
- Бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох, хүчирхийлэлд бэлтгэх үйл явц
- Хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд түгээх. Өш хонзонгийн сэдлээр бусдын гэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, ажил болон гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, хүүхдийн зураг, сургууль зэрэг хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд нийтлэх
- Цахим орчинд мөшгөх. Бусдын өнгөрсөн болон одоогийн амьдрал, үйлдэл, зан байдлыг хянах, мөрдөх, хүсээгүй байхад нь холбоо тогтоох гэж оролдох, заналхийлэх давтамжтай үйлдэл
Зочин · 2024/10/10
Хуульчлах хэрэгтэй шүү аай дэндүү юм бишүү