"Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг МАН-ын бүлгийн хуралд, газрын тосны үйлдвэрийн нөхцөл байдлын тухай танилцуулжээ. 

Тэрээр "Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл огт тасраагүй. Цоо шинэ хүнд аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Дараа дараагийн ийм бүтээн байгуулалтыг эхлэхэд мөн л их хугацаа орно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт замаасаа эхлээд бүх ажлыг шинээр хийж буй. Инженерчлэлийн ажил гэхэд 2-4 жил үргэлжилдэг. ТЭЗҮ боловсруулаад л ажил эхлэдэг гэж ойлгодог. Тус тусдаа 12 үйлдвэрийг байгуулна. Зураг төсөл нь таван үе шаттай байх жишээтэй. Итгэл алдах зүйл байж болохгүй. Энэтхэг, Монгол улсын Засгийн газрын хооронд өндөр хэмжээнд зохион байгуулж байна. 12 улс орон компаниуд энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа.

Манай үйлдвэрийн төслийг МАН-ын бүлэг өөрөө санаачлан хэлэлцлээ. Би ам бардам ашиглалтад орох хугацааг хэлэх боломжгүй. Энэтхэгээс хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэх санал ирүүлэхэд шат шатандаа маш олон зөвшөөрөл шаарддаг. УИХ-ын байнгын хороо, Засгийн газраар орно. Ганц хүн бие даан шийдвэрлэх боломжгүй. Ажилчид Монголд жил жилээр, сар сараар визээ сунгуулан ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар 251 сая ам.долларын санхүүжилтыг зарцуулсан. Энэ төслийн явцыг гадаадын компаниуд хянаж байгаа. Энэ санхүүжилт Монголын банк руу орж ирдэггүй. Гүйцэтгэгч нь Энэтхэг улсын компани учраас шууд тэр компани руу шилжүүлдэг" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn