Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр (2024.10.29)-нд тохиож байна. 

Тархины харвалт гэдэг нь тархины судас хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж, тархины эдийн өөрчлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм.

Монгол Улс тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд хоёрдугаар байр, хөдөлмөрийн чадвар алдалтаар нэгдүгээрт бүртгэгдсэн.

Тархины харвалтын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн

  • 23.8% нь бие даасан
  • 29.2% нь бусдын тусламж шаардлагатай буюу хагас бусдын хараат
  • 47% нь өдөр тутмын үйл ажиллагааны түвшин бусдын хараат байна.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26 хувийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр тархины харвалтаас үүдэх үр дагавраас сэргийлэх боломжтой юм. 

Тархины харвалт үүсгэх шалтгаан хүчин зүйлсэд цусны даралт ихсэлт, чихрийн шижин, цусан дахь өөх тос ихсэх, тосгуурын жирвэгэнээ, тамхи таталт, таргалалт, судасны эмгэгүүд багтах бөгөөд эдгээр хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлснээр харвалт болох эрсдэлийг 80 хувиар бууруулах боломжтой гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага баталсан байдаг.

Эх сурвалж: НЭМҮТ