Эх дэлхийгээ хайрлах “Хоосон таваг” аян эхэллээ
2024/11/04
Байгаль, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдэн байгальд ээлтэй хэв маяг дэлхий нийтээр дэлгэрч байна. Монгол Улсын хувьд 2022 оны байдлаар нийт төвлөрсөн хогийн цэгт аваачсан хог хаягдлын хэмжээ 3.3 сая тонн байсан нь өмнөх 10 жилтэй харьцуулахад дөрөв дахин өссөн тоо аж. Нийт хог хаягдлын 47 хувь нь хүнснийх байдаг гэж судлаачид бичсэн байдаг. Гэр хорооллын айл өрхийн нийт хог хаягдлын 16.3 хувь нь, орон сууцны айл өрхийн 41 хувь нь хүнсний хог хаягдал байна гэх судалгаа одоогоос таван жилийн өмнө хийжээ. Өнөөдөр энэ тоо өссөн үү гэхээс буураагүй нь лав. Хамгийн гол нь бид өнөөдрийг хүртэл хог хаягдлаа ангилж ялгаж сураагүй, дахин боловсруулж чаддаггүй, булж устгасан хэвээр байгаа юм. Тэгвэл Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна. Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийн хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болор онцолж байв. Дэлхийн дулаарал, цөлжилт, үер усны гамшиг бүхэлдээ хүний буруутай үйл ажиллагаа тэр тусмаа хог хаягдалтай салшгүй холбоотой байгааг эрдэмтэд аль эртнээс л анхааруулсаар байна. Тэгвэл дээрх “Хоосон таваг” аян нь бусад улс оронд 2020 оноос эхлэн хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа юм.
Хятад: Хоол үлдээвэл торгодог
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн 2020 онд Хятадын удирдагч Ши Жиньпин “Хоосон таваг” хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргаж байсан нь өнөөдөр биеллээ олж, Хятадын зарим ресторан зочид буудалд тавгандаа хоол үлдээвэл торгууль хүлээдэг болсон байна. Тиймээс Хятадын рестораны зөөгч нар таны захиалсан хоолыг сонсоод “Та барах уу” гэж асуувал гайхах шаардлагагүй ахиад нэг бодоод үзэх хэрэгтэй байх нь. Зөвхөн Хятад гэлтгүй Азийн зарим орнууд ч үүнийг сайшаан дэмжиж эхэлжээ. Статистик мэдээгээр Хятадын зарим хотын оршин суугчид жилд дунджаар 18 сая тонн хоол хүнс хаядаг бөгөөд нь энэ нь багадаа 30 гаруй сая хүнийг тэжээхэд хүрэлцээтэй. “Тавган дээр буй будааны ширхэг бүрт тариачны хөдөлмөр шингэсэн” гэдгийг Ши Жиньпин хүнсний хог хаягдлыг багасгах тухай кампанит ажил өрнүүлэх тухай хэлсэн үгэндээ онцолж байжээ. Тэрээр 2020 оны наймдугаар сард олон нийтэд хандан хэлсэн үгэндээ, Хууль тогтоох орчин, хяналтыг чангатгаж, үр дүнтэй арга хэмжээ авч, хүнсний хог хаягдалтай тэмцэх урт хугацааны механизм бий болгох шаардлагатайг онцолж байв. Мөн “Иргэдийг сургах, сургах, хуримтлал үүсгэх зуршлыг төлөвшүүлэх, үрэлгэн үйлдлийг ичгүүртэй, хэмнэлттэй байдгаараа бахархдаг болгох хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.
Удалгүй Ухань болон Хятадын хэд хэдэн хотод рестораны холбоод гишүүн байгууллагууддаа N-1 буюу зочдод хүссэнээсээ нэг таваг бага хоол захиалахыг зөвлөхийг уриалав. Мөн тик ток зэрэг нийгмийн сүлжээгээр хэт их идэхийг сурталчлахгүй байхыг үүрэг болгосон аж. Хятад судлаачид энэ арга хэмжээ бол нэлээн эртнээс эхэлсэн зүйл. Хятад 2013 онд төрийн зардлаар хүлээн авалт хийх, тодорхой үнэтэй улаан дарс худалдан авахыг хориглох зэрэг шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Тэгэхдээ намын удирдлагууд тавган дээрээ их хэмжээний хоол үлдээхийг мөн хориглож байсан. Ширээ дүүрэн хоол унд дэлгэж элбэг дэлбэг байхыг Хятадад одоо төдийлэн сайшаахгүй болсон гэж бичсэн байна. Хэдийгээр анх рестораны удирдлагууд үүнд бага зэрэг бухимдаж байсан ч өнөөдөр дадал болгож эхэлсэн гэдгийг Хятадын аль хотын рестораны үйлчилгээнээс мэдэрч болно. Энэхүү хөдөлгөөнийг маш үр дүнтэй болж байгааг гадныхан ч мэдэрч эхэлсэн байна.
Хятадын Шинжлэх ухааны академийн мэдээлснээр нийт хоолны хаягдлын дөрөвний нэгийг будаа гоймон эзэлдэг бол 18 хувь нь мах, махан бүтээгдэхүүн байдаг гэнэ. Ер нь хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал үүсгэж, 80 хувийг нь байгаль хаяж, 20 хувийг дахин боловсруулдаг гэсэн баримт байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono