Хийдийн хашаан дотор гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
2024/11/07
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Тасганы овоо орчимд өнөөдөр гал гарчээ.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас тодруулахад "Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд гэр шатсан гэх дуудлага өнөөдөр /2024.11.07/ 10:52 цагт ирсэн.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 6 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаар, "Nissan note" загварын автомашины арын гупер, цонх шатаж байсан.
Гал түймрийг 11:45 цагт бүрэн унтраалаа. Гал түймэрт хүн өртөөгүй" гэж мэдээллээ.
Уг гал түймэр хийдийн хашаан дотор гарчээ.
Цахилгааны гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засуулах, ил гал гаргахгүй байх, яндангийн цонолт үүсэхээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.