Нийслэлийн автозамын түгжрэлд үүсэх хүчин зүйлийн нэг бол жолооч нарын хоёрын хооронд үйлдлээс үүдэлтэй жижиг сажиг шүргэлцээн, ар өврөөс нь хүрэх төдий болсон авто ослууд болжээ. Тэдгээр жижиг зөрчлүүд дээр цагдаа ирж үзлэг хэмжилтээ хийх, даатгал нь ирэх гэж ядаж л 30 минут болно. Тэр хооронд замын түжрэл дээд цэгтээ тулна.

Энэхүү жижиг шүргэлцээний цаад талд ердөө ганц секунд зогсчихгүй дайрч орсон жолоочийн тэрхэн зуурын л үйлдэл байдаг. Тэртэй тэргүй урд нь машинтай байхад түр зогсоод туслах замаас аль нэг тийш эргэх гэж байгаа машиныг явуулчихад угтаа ямар ч хохиролгүй л дээ. Гэтэл мөнөөх хэн нэгнийг гаргачихвал доошоо орчих гээд байгаа мэдрэмж нь түлхээд урагшлах төдийд л машинууд нь шүргэлцчихэж байгаа юм.

Тэгээд чиний, миний зөв буруудаа тулж маргаан эхлээд тэр хоорондоо цагдаа дуудах гэсээр байтал тэртэй тэргүй нарийхан зам дээр асар урт үргэлжлэх түгжрэл үүснэ. Нэгэнт үүссэн саатал ойр хавийнхаа бүх замд нөлөөлж гамшиг болсон түгжрэл, удаашрал бий болоод байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр жолооч нар ерөөсөө л замын хөдөлгөөндөө аятайхан оролцдог баймаар байгаа юм.

Бас нэг асуудал байна аа. Нийслэлд, тэр тундаа гэр хорооллуудад зам тавьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр замуудынхаа төв замтай нийлэх хэсгийг инженерийн арай өөр шийдлээр зохицуулахгүй бол болохоо байж эхэлж байна. Баруун тал руу гардаг гол замын нэг Баянхошууны зам.

Уг нь сайхан зам. Даанч сүүлийн хэдхээн жилд түгжрэл нь дийлдэхээ байсан. Шалтгаан нь гэр хороолол дундах замаас төв зам руугаа нийлдэг хэсгүүд. Тэдгээр замуудыг гайгүй байгаа дээр нь зөв шийдлээр шийдэхгүй бол ирээдүйн бас нэг том асуудал тэнд үүсээд байгаа юм. Шийдэл нь мэргэжилтнүүдэд бий биз. Дарга нар нь л асуудлыг дориухан шийдээд өгмөөр байна даа