Судалгаа: Хүүхдийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ хурдацтай нэмэгджээ
2 цагийн өмнө
Эрдэмтэд хийжүүлсэн ундаа, энергийн ундааны хэрэглээг хязгаарлах цогц арга хэмжээ авахыг уриалж байна. Дэлхийн бараг бүх орны хүүхдүүд хийжүүлсэн ундаа болон бусад чихэрлэг ундааг урьд өмнөхөөсөө илүү ихээр ууж байна. Үүнийг дагаад хүүхдийн таргалалтын түвшин нэмэгдэж байна. Эдгээр нь 185 улсыг хамарсан 20 жилийн судалгааны үр дүн юм.
Хүүхдүүд 2018 онд долоо хоногт дунджаар 3.6 порц сахартай чихэрлэг ундаа хэрэглэж байсан нь 1990 оноос хойш 22.9 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдийн дунд хэрэглээний өсөлт хамаагүй бага байв. Үр дүнг нь BMJ сэтгүүлд нийтэлсэн ба судалгааг АНУ, Грек, Канад, Мексикийн эрдэмтэд хийжээ. Хэрэглээний өсөлттэй зэрэгцэн насанд хүрээгүй хүмүүсийн дунд илүүдэл жингийн хувь нэмэгдсээр байна. Өдгөө дэлхий даяар 160 сая орчим хүүхэд, өсвөр насныхан таргалалттай байна.
“Бидний дүгнэлт дэлхийн бараг бүх улс оронд түгшүүр төрүүлэх ёстой”- Дариуш Мозаффаран судалгааны хамтран зохиогч.
Судлаачид хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, жимсний ундаа зэргийг багтаасан элсэн чихэртэй ундааг судалжээ. Судалгаанд 100 хувь жимс, ногооны шүүс, илчлэггүй ундаа, мөн чихэрлэг сүү, цай, кофе зэргийг оруулаагүй болно.
Өмнөх судалгаагаар чихэрлэг ундаа нь залуучуудын дунд таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь насанд хүрсэн үед чихрийн шижин, зүрхний өвчин, зарим төрлийн хорт хавдар зэрэг олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой болохыг харуулсан.
Мюнхений Людвиг Максимилианы нэрэмжит их сургуулийн хүүхдийн эмч, Европын академийн ерөнхийлөгч Бертольд Колецко “Энэ нь хүний эрүүл мэндэд маш өндөр өртөгтэй, хүүхэд насандаа төдийгүй урт хугацааны туршид нийгэмд маш хор хөнөөлтэй” гэв.
Уг тайланд дурдсанаар ахлах сургуулийн насны хүүхдүүд болон өсвөр үеийнхний дунд чихэрлэг ундааны хэрэглээ дэлхий даяар бага насны хүүхдүүдийнхээс өндөр байжээ. Ихэнх бүс нутагт энэ үзүүлэлт хот суурин газар болон эцэг эх нь өндөр боловсролтой хүүхдүүдийн дунд өндөр байсан байна.
Латин Америк, Карибын тэнгис, Ойрхи Дорнод, Хойд Африкт ийм төрлийн ундаа хамгийн их хэрэглэдэг. 1990-2000-аад оны эхээр энэ үзүүлэлт Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад буурч, дараа нь дахин өсч эхэлсэн. Судлаачдын үзэж байгаагаар эдгээр өөрчлөлтүүд нь бүс нутгийн эдийн засгийн чиг хандлага, эрүүл хооллолтын кампанит ажлын нөлөөлөл, мөн сүүлийн 30 жилийн хугацаанд элсэн чихэр агуулсан ундааны хэрэглээг хязгаарлах арга хэмжээний талаар салбарын лоббидож байгааг харуулж байна.
“Латин Америк болон хөгжиж буй эдийн засагтай бусад бүс нутагт үндэстэн дамнасан корпорациудын нөлөө, залуучуудад чиглэсэн маркетингийн стратеги асар их байдаг. Чихэртэй ундааны хэрэглээг хязгаарлах зохицуулалтын арга хэмжээ сул эсвэл огт байхгүй” гэж судлаачид хэлэв.
Баруун Европ болон Хойд Америкийн өндөр орлоготой бүс нутгуудын хэрэглээ 1990-2005 онд огцом өссөний дараа 2005-2018 он хүртэл буурчээ. Энэ нь зарим талаараа таргалалтын түвшин нэмэгдэж, чихэрлэг бус бүтээгдэхүүнүүд гарч ирсэнтэй холбоотой байж болох юм. Сахарын цөлөөс өмнөх Африкт элсэн чихэр агуулсан ундааны хэрэглээ судалгааны хугацаанд 106 хувиар нэмэгдэж, 2018 онд долоо хоногт дунджаар 4.2 нэгж болсон байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь чихэртэй ундааг бүс нутагт чухал асуудал болгоод байна.
2018 онд хамгийн олон хүүхэдтэй 25 орны дотор Мексик чихэртэй ундааны хэрэглээ хамгийн өндөр байсан бол Уганда, Пакистан, Өмнөд Африк, АНУ удаалжээ. Үүний зэрэгцээ Энэтхэг, Бангладеш долоо хоногт 0.3 нэгжээр хамгийн доод түвшинд орсон байна.
Дэлхийн ихэнх оронд хүүхдүүд бараг өдөр бүр чихэрлэг ундаа уудаг. Шинжилгээнд хамрагдсан 185 орны 56-д нь хүүхдүүд долоо хоногт дунджаар долоон удаа уудаг байна. Дэлхий даяар 238 сая хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр чихэрлэг ус ууж байгаа нь 10.4 хувь байна.
Вашингтоны их сургуулийн судалгааны хамтран зохиогч Лаура Лара-Кастор хэлэхдээ “хүүхэд насандаа чихэрлэг ундаа хэрэглэхтэй холбоотой сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд зан үйлийг эрт өөрчлөх, боловсролын болон бодлогын зорилтот арга хэмжээ авах шаардлагатай” гэж судалгааны үр дүн харуулж байна гэв. Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр арга хэмжээнд татвар, чихэрлэг ундааны шошго, маркетингийн дүрэм, түүнчлэн хүүхдүүдийн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх эрхийг хязгаарлах сургуулийн хөтөлбөр багтаж болно гэв.
“Бидний харж буй хэрэглээ, чиг хандлага нь нийгмийн эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байна. Ирээдүйн эрүүл хүн амын төлөө бид энэ асуудлыг шийдэж чадна, шийдвэрлэх ёстой” гэж Дариуш Мозаффаран онцолжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 1 цагийн өмнө
ANUSN80955877TSAGR XUCHINDX AXN
Зочин · 1 цагийн өмнө
URN SHINGENE AMSI80955877SEXSYGR