Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид ерөнхийлөгч энэ долоогийн Лхагва гарагт хориг тавьсан. 

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм байна. Цаашдаа төсөв жил бүр 30 хувь өсдөг тогтолцоо хэвээрээ байх уу, яаж өөрчлөх вэ. 

Наймдугаар сард баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр төсөв замбараагүй нэмж болох үүд хаалгыг нээсэн. Гол нь дахиж ийм зүйл гарахгүй байхаар засах нь хууль тогтоох байгууллагын үндсэн үүргүүдийн нэг. 

Ердийн хориг саадуудыг авч хаяагүй байсан бол бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй харьцуулахад төсвийн зарлагын өсөлтийг 6-7 хувиас дээш нэмэх боломж үүсэхгүй байсан.

Наймдугаар сард төсвийг хэт их тэлэх үүд хаалгыг нээчхээд, есдүгээр сарын 1-нд 30 хувь тэлсэн төсөв оруулж ирж баталсан. Үүнд ерөнхийлөгч хориг тавингуут зөв зүйтэй зүйл боллоо гэж ярьж байгаа байр суурь яг ямар учиртай вэ" хэмээн асуув.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Наймдугаар сард хамтарсан Засгийн газрын 2028 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй зэрэгцээд 2024 оны тодотгол өргөн баригдсан. Энэ тодотгол нь Засгийн газрын төлөвлөгөөг цаг алдалгүй биелүүлэх, гараанаас нь амжилттай гаргах байсан. 

Үүнтэй яг зэрэгцээд хамтарсан Засгийн газрын 2025 оны төсөв өргөн баригдсан бөгөөд ойрын жилүүдэд төлөвлөгөөндөө хүрэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилах үзэл баримтлалтай байлаа. 

Тодотгол болон 2025 оны төсөв орсон учраас тодорхой хэмжээний тэлж байгаа. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн дөрвөн жилийн дотор 4.5 дахин өссөн. Гэхдээ төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 3/1 гэсэн байдлаар тогтвортой явж байна. Төсвийн зардал нэмэгдсэн 3.5 их наяд төгрөгт үнийн өсөлт, хууль тогтоомжийн дагуу нэмэгдсэн салбарын үйл ажиллагааны зардал багтсан. 

Засгийн газар өөрийн тавьсан макро зорилтууд дээрээ цаг алдалгүй хүрнэ. Ерөнхийлөгчийн хоригийг харвал ойрын хугацаанд гадаад нөхцөл байдалд өөрчлөлт орж байна. Тиймээс Засгийн газрын хувьд томоохон зорилтдоо яарахгүй, алгуурхан явах, зорилтоосоо ухарч болохгүй гэсэн шаардлага тавьсан гэж харлаа" гэв.