Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал олны анхааралд байна. Албаныханы тайлбарласнаар энэ хэлэлцээр Монгол Улсад ашигтай гэх. Харин бизнесийнхэн, үйлдэрлэгчид эрсдэл тулгарч байгааг онцолж байна. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

 

-Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх талаар мэдээлэл гарч байна. Монгол Улсын талаас санал тавьсан хэмээн албаны хүн мэдээлэл өгсөн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Евразийн эдийн засгийн холбоонд гишүүн элсүүлэх нь асуудал биш. Бид зөвхөн нэг худалдааны чөлөөт худалдааны гэрээ хийх юм аа гэдэг мэдээллийг өгч байгаа харагдсан. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь 2-3 жил ажилласан учраас гэрээг байгуулах ёстой гээд ярьж байна лээ. Тэгэхээр гэрээгээр хэчнээн нэр төрлийн ямар салбарын бараа бүтээгдэхүүнийг монголчууд экспортод гаргах вэ гэдгээ тодорхой зарламаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын манайд үнэгүйдээд байгаа арьс ширийг эргэлтэд оруулах боломж байгаа эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Түүний дараа тухайн салбаруудад хаана нь алдагдалтай, хаана нь ашигтай юм бэ гэдгийг харж байж хэлмээр байгаа юм.

 

-Тэгвэл энэ гэрээг хойшлуулах эсвэл хийхгүй байх хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?

 

-Мэдээж энэ гэрээг зайлшгүй хийх шаардлага тулгараагүй гэж харж байгаа. Үндсэндээ гурван шалтгаанаар хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, том эдийн засагтай, гаалийн татваргүй, чөлөөт худалдаанд орчихоор манайх шиг хязгаарлагдмал зах зээлтэй, жижигхэн эдийн засагтай улсын хувьд хохирол амсах эрсдэлтэй. Магадгүй үйлдвэрлэж, хийж чаддаг бүтээгдэхүүнээ ч хийхээ болих эрсдэл тулгарна. Цаашилбал энэ хэлэлцээрийг соёрхон баталснаар монголчуудад ямар үр дагавар гарах вэ. Хэчнээн бизнесийн байгууллага, компани дампуурах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй болчихдог юм.

 

Хоёрдугаарт ОХУ өөрөө эдийн засгийн хоригтой байгаа шүү дээ. Тиймээс хоригоос гарах хүртэл нь хүлээмээр байна. Гуравдугаарт төлбөрийн асуудал тулгарна. Орос Монголын хооронд төлбөр тооцоогоо яаж хийх юм бэ.

 

Манай арилжааны банкнууд ОХУ руу шууд гүйлгээ хийж чадахгүй. Яагаад гэвэл, тэд дэлхийтэй харилцдаг. Гэтэл хойд хөрштэй харилцаад эхлэвэл хоригт орчихно. Энэ нь зөвхөн худалдаанд биш манай улсын банкны салбарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл тулж байна. Тиймээс ийм гурван шалтгаанаар хийх шаардлагагүй. Мэдээж хоёр жил ажилласан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж байна. Гэхдээ дайн байлдаан дуустал хүлээзнэвэл яасан юм бэ гэж л харж байгаа юм.

 

-Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг гарал үүслээ маш тодорхой болгосон бүтээгдэхүүн орж ирдэг учраас бид нар чанартай бүтээгдэхүүн хэрэглэнэ гэх тайлбар өгч байгаа харагдсан?

 

-Жишээлбэл, импортоор орж ирэх бүтээгдэхүүнд өндөг багтсан бол манай улсын өндөгний үйлдвэрүүд маш хүнд байдалд орно. Жижиг зах зээлтэй, өрсөлдөх чадвар сул байгаа улсад чөлөөт худалдааны хэлэлцээр маш хүнд тусдаг. Хүүхдээ усанд оруулчхаад баннтай устайгаа цацчихлаа гэдэг шиг юм болчих вий гэсэн болгоомжлол байна. Үнэндээ том эдийн засагтай орны тоглоом болдог юм байна гэдгийг Киргизээс харж болно л доо. Тус улсын жижиг жижиг үйлдвэрүүд нь үндсэндээ алга болчихсон. Евроазийн эдийн засгийн гэрээ гэдэг чинь хил, гаалийн нэг бүсэд орж байна гэсэн үг. Киргиз хэдхэн жилийн дотор жижиг, дунд үйлдвэрүүдийнхээ үүдийг хаачихлаа.

 

Жижиг зах зээл дээр үйлдвэрлэгдэж байсан бараа бүтээгдэхүүн том зах зээлээс татваргүй орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадамжгүй учраас дампуурч байгаа хэрэг.

 

Тэгвэл манай улс энэ гэрээг хийснээр гурилын үйлдвэрүүд хүнд байдалд орно. Энэ бол хүн бүрийн мэддэг хамгийн тод жишээ. Гэтэл бид төдийлөн анзаардаггүй бусад салбаруудад ямар нөлөө гарах гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Жишээлбэл, хөнгөн үйлдвэрүүд, оёмол бүтээгдэхүүнүүд цаашид дотоодын үйлдвэрлэл явуулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт ашиггүй болж байгаа салбарт үйл ажиллагаа явуулах хэрэггүй болж байгаа юм. Тийм учраас энэ удаагийн Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг маш эелдгээр хойшлуулах хэрэгтэй гэж харж байгаа.

 

-Галт тэрэг аль хэдийн хөдөлчих­сөн гэж албаныхан тайлбарлаж байгаа. Том зургаар нь харвал эрсдэл өндөртэй байгаа энэ үед бид яах ёстой вэ?

 

-Энэ гэрээг эцэслээд соёрхон баталчихвал бид хүмүүсийн тоглоом болно. Тиймээс маш сайн, нарийн судалгаа хийх ёстой. Хөнгөн гоомой хандаж болохгүй чухал асуудал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Монголчууд дараагийн Киргиз болж болохгүй. Киргизэд олон үйлдвэр дампуурсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс амьдралын эрхээр Москва хотод дэлгүүрийн худалдагч хийж байна. Статистик тоо харж байхад 1.5 сая Киргиз хүн дэлгүүрт ажилладаг гэсэн байна лээ. Дэлгүүрийн худалдагч нь Киргиз нийлүүлж байгаа хүн нь Киргиз, жолооч нь Киргиз байгаа юм. Зургаан сая хүн амтай улсын 1.5 сая нь Москвад ажиллаж, амьдарч байна. Тэд нар чинь хэлтэй учраас яваад өгч байгаа юм. Харин монголчууд ийм хүнд байдалд орвол хаашаа явах вэ гэдэг асуудал тулгарна гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг маш эелдгээр энэ удаад хойшлуулах хэрэгтэй.

 

 

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин