Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Б.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл батлагдвал сүүлийн жилүүдэд тогтмол ухарч буй манай улсын хүний эрх, эрх чөлөөний индекс урагшилна. Мөн Монгол Улсын иргэн өөрийн эрх чөлөөгөө хууль тогтоомжийн хүрээнд баталгаатай эдлэх нөхцөл бүрдэнэ. 

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг дагалдаж зургаан хуульд нэмэлт өөрчлөлт орно. Хүний эрхийг багц хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Төрийн болон албаны нууцын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно. 

Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Үүнийг журмаар бус хуулиар зохицуулах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан хийхдээ бүртгүүлнэ гэх ойлголт бий. Жагсаал цуглаан хийх мэдэгдэл өгч бүртгүүлэг. Бүртгэхгүй бол хууль бус гэж үздэг тогтолцоог хална. 

Иргэд, олон нийтийн байгууллага, улс төрийн нам эсвэл, хүчин жагсаал цуглаан хийх шаардлагатай гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Ингэснээр зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй. 48 цагийн өмнө мэдэгдэх нь олон улсын нийтлэг жишиг юм. Учир нь жагсаал цуглаан хийх үеэр бусад иргэний болон нийтийн аюулгүй байдал алдагдах ёсгүй. 

Цагдаагийн байгууллага жагсаал цуглаан хийж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ жагсаал цуглаан хийх журамд хориотой байсан зүйлүүдийг хэвээр үлдээнэ. 

Харин нийтийн авто зам дээр дураараа жагсаж болохгүй. Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авна. Түүнчлэн жагсаал цуглааныг улс төрийн албан тушаалтан албан тараадаг байсныг төрийн захиргааны албан тушаалтнаар гүйцэтгүүлэхээр болсон" гэв. 

Үргэлжлүүлэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар гарах үр дүнгийн талаар "Урьд нь зөвхөн МҮОНРТ-ийн сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй байсан. Харин одоо бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэж энэ хуульд тусгасан. 

Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн ил тод байдлыг хангана. Илт худал мэдээлэл тараах гэдэг эрүүгийн хуулийн гэмт хэрэг байдаг. Худал болон илт худал мэдээлэл гэдгээс болж асуудал үүсэж байсан. 

Бодит байдалтай нийцэхгүй байгаа эндүүрсэн, ташаарсан мэдээллийн олон урсгалаас болж сэтгүүлчийг хавтгайруулж ял шийтгэл оногдуулдаг байдлыг энэ хуулиар багасгана" хэмээн ярилаа.