С.Эрдэнэбат: Монголд гадаадын ажилтнууд оруулж ирж болох ч ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байхыг дэмжихгүй
2024/12/20
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь ирэх оны төсөвтэй хэр уялдаж байна вэ?
-Монгол Улсын 2025 оны төсөв нэлээн чанга төсөв болсон. Алдагдалгүй төсөв анх удаа баталъя гэдэг зарчмын байр суурин дээр Ерөнхийлөгч хориг тавьж, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн олонх ч эргэн авч үзье гэж шийдсэн. Эдийн засаг өсөөд, төсөв тэлж байна. Зургаан хувь гэдэг нийгмийн хамгийн эмзэг хэсэг, зөвхөн цалин, тэтгэврээр амьдардаг хүмүүсийн цалин хөлс, орлого, бодит худалдан авах чадварыг хэвээр хадгална гэсэн үг шүү дээ. Үүнийг хасахгүй байя гэсэн. Зарим хүмүүс “долдугаар сарын 1” болгоё, эсвэл нэмэхгүй байя гэсэн байр суурьтай байна. Зургаан хувь гэдэг ирэх жил инфляцийг зургаан хувьд барина гэсэн төсөөлөлтэй холбоотой юм билээ. Тэтгэвэр хуультай. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд би үйлдвэрчний эвлэлд байхдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн Ажлын хэсэгт ажилласан. Ер нь Монгол Улсад шударгаар ажил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс маань наад захын амьжиргаагаа залгуулах, хэн нэгнийг царайчилж хардаггүй тийм л тэтгэвэр авах ёстой. Тэр утгаараа нэгдүгээр сарын 1-нээс шууд нэмдэг байя, инфляцийн түвшинтэй уялдуулж түүнээс дээш хэмжээгээр нэмэх ёстой гэж хуульчилж өгсөн.
-Зургаан хувь гэдэг бага л даа. Ахмадууд аль болох адилхан нэмэгдэл авахыг хүсдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Зургаан хувь гэдэг хангалттай өндөр хувь биш. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс инфляциа дагаад өсдөг байх жишиг тогтож, хуулийн анхны үйлчлэл бий болж, үр дүнг нь үзэх гэж байна.
Цаашдаа эдийн засгийн өсөлт, төсвийн байдал, нийгмийн даатгалын сан зэргээ харгалзаад тэтгэврийг нэмээд явах ёстой. Үнэнийг хэлэхэд, ахмадуудын маань 80 гаруй хувь нь зургаа, долоон зуун мянган төгрөгийн тэтгэвэртэй. Ахмадуудаас олон санал ирж байна. Гурван сая төгрөгийн тэтгэвэртэй хүн зургаан хувь гээд 180 мянган төгрөг, 700 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнд 40 мянган төгрөг нэмэгддэг. Үндсэндээ бараг тав дахин ялгаатай болоод байна гэж. Энэ нь цаанаа ямар мессэж өгч байна вэ гэвэл нэгдүгээрт, чи нийгмийн даатгалдаа аль болох илүү мөнгө төлвөл ирээдүйд илүү авна гэдэг зарчмаа барих нь зөв. Зарим тохиолдолд Засгийн газар хувь дээр нэмэх нь жигд мөнгөн дүн ч гэдэг юм уу, нийгмийн эмзэг хэсэгт бүгдэд нь ижил хэмжээтэй нэмэх гэсэн сонголтыг хүртэл хийдэг байсан. Цалин мөнгө ялгаа байхгүй ингэж нэмэгдэх ёстой. Энэ жилийн дөрөвдүгээр сараас цалин хөлс нэмсэн, төсөвт том ачаалал үзүүлж байна гэдэг талаас нь хүмүүс харж байх шиг байна лээ. Ямар ч байсан миний хувьд саналаа аваад үлдсэндээ таатай байна.
-Том том мега төслүүд ирэх онд хэрэгжихээр төсөвт тусгагдсан. Ирэх жилийн төсвийн төлөвлөлт, үр өгөөжийн талаар та ямар бодолтой явна вэ?
-Мэдээж сонгуулийн дараахь эхний жил. Утаатайгаа тэмцмээр байна. Эрчим хүчээ дэмжмээр байна. Эдийн засгаа дэмжиж, хилийн боомтуудаа нээлттэй болгомоор байна. Валют олгодог эх үүсвэрээ олон болгохыг дэмжиж байна. Мега төслүүдээс заримыг нь дэмжиж байна. Зарим нь төсвөөс хамааралгүй. Манай төсөв дийлэхгүй, гаднаас оруулж ирье гэдэг байдлаар зарим төслүүдийг УИХ хойшлуулсан. Иргэдийн цалин хөлс, худалдан авах чадварыг хангах ёстой. Нөгөө талаар төсөв жижиг дунд үйлдвэрлэл, ер нь бүх компани, аж ахуйн нэгж байгууллагуудад үр өгөөжөө өгдөг байх ёстой.
-Сүүлийн үед “гуя дагаж хүзүү” гэдэг шиг нэг хуулиуд батлахдаа ямар нь мэдэгдэхгүй баахан хуульд баталдаг болсон. Намрын чуулган эхэлснээс хойш бидний анхаарал тэр бүр хандуулж чадаагүй ямар хуулийн төсөл батлагдсан бэ?
-Сая дагаж оруулж ирсэн төслүүдэд нэг хувийн татварын асуудал орлоо. Компаниудын татварын хөнгөлөлтийн асуудал. Өөрөөр хэлбэл, компаниуд нийгмийн сайн сайхны төлөө ажил хийсэн тохиолдолд орлогын нэг хувийн хөнгөлөлт эдэлнэ. Энэ хувь бол их шүү. Магадгүй зарим компанийн хувьд 100 тэрбумаар ч тоологдох хэмжээний орлогын татвар байгаа. Бас аж ахуйн нэгж байгууллагуудын төсөв дагаж орж ирээд, татварын ачааллыг бууруулж байгаа нэг хэлбэр. Нөгөө талдаа нийгмийн сайн сайхны төлөө. Гэхдээ би энийг нугалаа гарах вий гэдэг талаас нь харж байна.
-Та одоо аль салбарт түлхүү анхаарал хандуулах шаардлагатай гэж бодож байна вэ?
-Ойрын хугацаанд боловсрол, эрүүл мэнийн салбарт маш сайн төсөв хөрөнгө тавьж өгөхгүй бол амаргүй байна. Жирийн ард иргэдэд үйлчилж байгаа эмнэлэг, сургуулийн хувьд ялгавар их байна. Хүүхэд хаана ч, хэний ч гэр бүлд төрсөн байж болно. Гэхдээ зарим хүүхэд 5, 10 сая төгрөгийн цалинтай багшаар хичээл заалгадаг. Дийлэнх нь бараг хоёр сая хүрэхгүй буюу тав дахин бага цалинтай багшаар хичээл заалгана гэдэг боловсролын цаад ялгаа улам холдох аюул байгаад байгаа юм. Эмнэлэг ч мөн ялгаа байхгүй. Улсын сургуулиудаас хувь руу шилжиж байгаа brain drain буюу “тархины гоожилт” гэсэн ойлголт бий. Энэ нь цаанаа боловсрол, эрүүл мэндийн ялгаа, мөн нийгмийн ялгарлыг улам өдөөчих вий гэж санаа зовж байна.
-Төрийн алба сонгуулийн дараа намын хүмүүсээр дүүрдэг. Намын харьяаллаар халж, сольдог жишиг тогтсон. Эндээс ажилгүйдлийн даатгал олгохоос эхлээд маш их зардал гарч байна. Яаж өөрчлөх вэ?
-Төрийн албанд дандаа бүтэхгүй, юм хийдэггүй хүмүүс байдаг гэж ярьдагтай би зуун хувь санал нийлэхгүй. Ажил хөдөлмөр хийгээд, төрийн бодлогыг зөв авч яваа төрийн сайн албан хаагч нар бий. Харин улстөрчид хэт улстөржиж, хэт намчирхсан байдлаар төрийн албыг самарч, санах ойгүй болгодог, сайдад үнэнч зүтгэж л байвал тэр хүний чадалтай, мэдлэгтэй, тууштай ажиллах хамаагүй гэдэг. Тэр хүмүүсийг дарамталж шахаж, ажлаа хийх нөхцөлийг нь бий болгохгүй байдлаас болж төрийн албыг санах ойгүй болгох байдал сүүлийн 30 жил үргэлжиллээ. Би сая УИХ дээр хэлсэн. Сонгуулийн дараа жил татвар төлөгчдийн төлдөг ажилгүйдлийн даатгалын мөнгөний тал нь зөвхөн төрийн албанаас халагдсан хүмүүсийн тэтгэмжид явдаг байхгүй юу. Ажлаас халагдсаны мөнгөөс эхлээд төрийн албанаас давхар өчнөөн мөнгө гарч байгаа нь үнэн. Хувийн компани чадварлаг ажилтнаа хэзээ ч баяртай гээд явуулахгүй. Тогтоож барихын тулд байр өгч үзнэ, урамшуулж, дэмжиж үзнэ. Гэтэл төрийн алба дээр ирсэн зарим дарга нар хэт сэтгэлгүй, хамгийн чадалтайгаас нь эхлээд дарамталж шахаад халдаг. Тийм учраас бид даатгалын асуудал дээр ч аль аль талаас нь харна.
-Та Монголын үйлдвэрчний эвлэлийг удирдаж байсан. Гадны орнуудын туршлага судалсан байх. Тэд албан хаагчдаа тогтвортой ажиллуулах, авч үлдэх тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?
-Сингапур улс хамгийн чадалтай хүмүүсээ төрдөө тууштай, шударгаар ажиллуулсан. Төрийн албан хаагчийнхаа эрх ашгийг хамгаалдаг болсон. Түүний төлөө Үйлдвэрчний эвлэл, төр засаг нь хамтын гэрээ байгуулж, нэг сайн ажилтнаа алдсан тохиолдолд тухайн албан хаагч давхар хариуцлага хүлээдэг болох зэргээс эхлээд улс хөгжсөн байна. Манайд харамсалтай нь төрийн албанд 15, 20 жил ажилласан чадалтай, хэнд ямар хуулийн дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгийг ягштал мэддэг албан хаагч олон бий. Ажил хийдэггүй, аялдан дагаад, хийсэн болж харагддаг байж болохгүй. Би иргэдэд хамгийн ойр ажил үйлчилгээ үзүүлдэг хамгийн чадалтай, мэдлэгтэй хүн олон байгаасай гэж боддог. Тэр утгаар цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг барьж авч үзэх гээд хичээж байна.
-Өнөөдөр Монголд нэг цагийн хөдөлмөрийн хөлс хэдэн төгрөгөөр тооцогдож байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд цагийн 4900 орчим төгрөг л байгаа юм. Энэ үнэхээр бага. Өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлс 4000 төгрөг буюу хоёр хуушуурын мөнгө гэж бодохоор үнэхээр өрөвдөлтэй байгаа юм. Яагаад залуучууд гадаад руу яваад байна вэ. Солонгост нэг цагийн хөдөлмөрийн хөлс хамгийн доод тал нь долоон ам.доллар байна. Яг үнэнийг хэлэхэд, Монголд нэг жил ажилласны оронд Солонгост очоод нэг сар ажиллачихъя гээд хүмүүс яваад байна. Тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авч үзэх хэрэгтэй гэж бодож байгаа юм.
-Утаа, агаарын бохирдол монголчуудыг туйлдуулж байна. Ханиад томуу хүрсэн ч эдгэхгүй байна. Танд Улаанбаатарт хордож үхэхэд ойрхон санагдаж байна уу?
-Тийм ээ. Утаа тортгийн асуудлыг ярихгүй байх аргагүй. Дэлхийн бүх оронд хотжилтын өвчин түгжрэл, бохирдол бий. Манай улс түгжрэл, агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүр орж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал гэж бий. Бүх компани, аж ахуйн нэгж ажилтныхаа аюулгүй байдалд анхаар, эрсдэлээс хамгаал, нөхөн сэргээх хэрэгтэй. Ажилтан зөвхөн цалин харж ажил хийдэггүй юм шүү. Өөрөөр хэлбэл, тэр хүнд хамт олны таатай уур амьсгал чухал. Эрүүл мэнд, аюулгүй байдалд маань анхаарч байна, миний ажлын орчин сайн байна гэдэг энэ олон хүчин зүйлийг харгалзаж ажилтан тогтож ажилладаг. Хуучин социализмын үед нэг хүн амьдралынхаа туршид дөрөв орчим ажил сольдог байсан бол одоо арав орчим ажил сольж байна. Анх ажилд ороод, таван жил болж байгаа залуу таван ажил сольчихсон байна.
-Үүний гол шалтгаан юунд байна гэж та хэлэх вэ?
-Би хөдөлмөрийн эдийн засагч хүн. Энэ нь цаанаа юу хэлж байна вэ гэхээр бид хүн капиталын хувьд маш үр ашиггүй зардал гаргаад байгаа юм. Тэр хүнийг дөрвөн жил бэлдээд, өөрийн компанийн ноу хаугаа сургасан байхад жижиг үл ойлголцлоос болоод гараад явчихдаг. Энийг үндэсний хэмжээнд хөдөлмөрийн хүн капиталын алдагдал гэж ярьдаг. Мөн хэдэн зуун ам.доллараар гадаад, дотоодод маш сайн бэлдсэн төрийн албан хаагчийг нэг дарга ирэнгүүтээ яв гээд явуулчихаж байна. Үүний цаана дахиад сургалтын зээлийн сан зэрэг олон хэлбэрээр сурч ирсэн мөнгө нь дагаад гараад явчихаж байгааг ерөөсөө харахгүй байгаа юм. Хувийн компанид бол өөр. “Энэ хүнийг 30 мянган ам.доллараар сургасан. Манай компанийн ноу-хау байгаа” гэж үздэг. Тэгэхээр хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
Манай зарим ёс зүйгүй төрийн түшээд төрд хамгийн сайн хүн байх ёстой, энэ хүнийг алдсанаараа Монголын төрд тийм том орон зай гарна. Энэ хүний тархинд маш том дата бааз, компьютерээр орлуулашгүй мэдээлэл технологи, ноухау байгаа гэдэг талаас нь хараасай. Миний харах өнцөг бол энэ.
-Засгийн газар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь шүүмжлэл дагуулж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх гэдэг томьёоллоор оруулж ирвэл би дэмжихгүй. Үндэсний аюулгүй байдлаасаа авахуулаад үндэсний ажиллах хүчнээ нэн тэргүүнд дэмжинэ гэсэн бодлого Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Гадаадад ажиллах хүч гаргах өмнөх хуулийн гол концепци нь байгаа юм. Ажил олгогч нартай ярьж байхад үнэхээр манай улсад ажиллах хүчний хомсдол байна. Хүн амын пирамидын циклийн үеэс болоод 250 мянган орчим иргэн шинээр төрөх байсан. Бага төрөлтийн үе буюу 1990-2005 оны хооронд ийм “цонх” гарчихсан юм. Бүх орон зарим салбартаа хугацаатай, хэмжээтэй, хувьтай байдлаар ажлын байрны төлбөрөөс нь хөнгөлөх, квотыг нь жаахан нэмэх байдлаар ажиллах хүчний асуудлыг зохицуулдаг. Би сая Солонгосын хөдөлмөрийн агентлаг дээр очоод ирсэн. Монголоос 4000 гэрээт ажилтан л авах квоттой гэж байна. Тавиад сая хүнтэй улс. Гэтэл манайх гуравхан сая хүнтэй. Гадаад ажилтныг хэмжээ хязгааргүй авна гээд байвал яах вэ, маргааш өглөө бүх компани хэдэн мянган ажилтан оруулаад ирвэл яах вэ.
-Монгол Улс урд хөршийн ажиллах хүчнээр дүүрэх байх даа?
-Хятадууд нэг их орж ирэхгүй дээ. Яагаад гэвэл хятадуудын дундаж цалин маш өндөр буюу дөрөв, таван сая болчихсон шүү дээ. Магадгүй тодорхой салбаруудад Энэтхэг, Филиппин, Бангладеш зэрэг орны иргэдийг оруулж ирэх байх. Тухайлбал, зун ресторан, зочид буудал, аялал жуулчлалын салбарт ажиллах хүч хомс болчихдог. Тэнд оруулж ирье. Өвөл хугацаатай байгаа барилгын салбарт ийм тоотой хүн оруулж ирье гэдэг байдлаар асуудалд хандах нь зөв. Гадаадын ажиллах хүчийг үйлчилгээний, бүтээн байгуулалтын шугамаар оруулж ирэхийг дэмжинэ. Хэмжээ, хязгааргүй, хугацаагүй гэдгийн цаана ямар эрх ашиг нуугдаад байна вэ, би энийг дэмжихгүй. Энэ талаар олон хүн сонирхож асууж байна. Би үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан хүний хувьд, хөдөлмөрийн эдийн засагчийн хувьд ингэж замбараагүй тавьж болдоггүй юм. Манай монгол ажилчдыг гадаад руу гаргаад, оронд нь 200 ам.долларын бага цалинтай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллах хүн лав дэлхийгээс орж ирэхгүй. Би үүнийг лавтай мэдэж байна. 600, 700, мянган төгрөгөөр ажил хийхээр, гэр бүлээ орхиод гадаадаас орж ирэх хүн байх уу. Гадаадаас ажиллах хүч орж ирнэ гэхээр байр, хоолноос эхлээд олон асуудал тулгардаг. Гэхдээ хэмжээ хязгаартай л байх ёстой.
-Монгол Улсад гадаадын ажиллах хүч оруулж ирэх тухай заалт бүхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа байх аа?
-Тийм ээ. Одоогийн хууль тийм муу хууль биш, гадаадаас ажилтан оруулж ирэх нээлттэй байгаа шүү дээ. Аж ахуйн нэг байгууллагууд 14 хоног зар тавиад, ажилтан олдохгүй бол гадаадаас ажиллах хүч авах тухай хүсэлт гаргах эрхтэй. Төлбөрөөс нь тодорхой хэмжээгээр хөнгөлөх тухайд ярьж болно. Засгийн газарт энэ хэмжээг тогтоох бүрэн эрх нь байдаг. Хамгийн том асуудал хүний нөөцийн асуудал. Гадаадад бараг 200 гаруй мянган монгол иргэн байна. Зарим компаниуд бэлэн ажилтан нэхэхээс илүү ажилтнаа бэлдэж авах юм байна. Би ажилтнаа тогтоож барих юм байна. Миний ур чадвар, харьцаа хандлага хэрэгтэй юм байна гэдгийг хэдийнэ ойлгосон байна. “Шинэ баян чээж өвчтэй” гэдэг шиг саяхныг хүртэл манай компаниуд цалинг нь өгдөггүй, ажилтныг боол мэтээр зарцалдаг, дээрээс нь тэднийг яаж ч загнаж зандарч болно гэж боддог байсан.
-Өнөөдөр хувь хүний хөгжил, өөрөө өөртөө орлого олох бүх боломж нээлттэй байна?
-Одоо шинэ үе өөр болчихоод байна. Наад хүмүүс чинь дэлхийтэй танилцаад, мэдээлэл аваад, өөрөө өөртөө ажлын байр бий болгоод, орлогожоод явдаг болсон нь үнэн. Тиймээс ажил олгогч нарт нэг талаас хандлага хэрэгтэй. Нөгөө талаас ажилтнуудыг ч бид мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажилласан хүнд давуу урамшуулал, дэмжлэг үзүүлнэ гэдэг бодлого хэрэгтэй байхгүй юу. Австрали, Америк, Англи, Канад, Япон зэрэг улс орнуудад ажиллаж байгаа чадалтай монгол залуус байна шүү дээ. Монголдоо ажиллая гэхээр “Өө энэнд 2 сая төгрөг өгөхөд л хангалттай” гэдэг сэтгэлгээнээсээ салж чадаагүй үед залуучууд гадагшаа л гарна. Тэнд хүний хөдөлмөрийг үнэлж чадаж байна. Солонгост байгаа монголчууд сард бараг 10 сая төгрөгийн цалин авдаг. Тэд бараг 12 цаг ажиллаж байна. Монголд өнөөдөр ажлаа чанартай хийлгээд, цаг тухайд нь хөдөлмөрийнх нь хөлсийг өгөөд ажиллуулж чадаж байгаа компаниуд байна. Би тэднээс суралцаасай гэж боддог. Үнэхээр жижиг, дунд үйлдвэрлэлд ажиллах, массын хөдөлмөр эрхлэх зэрэгт бидний хийж чаддаггүй тунель ухах ч гэдэг юм уу ажлууд байна. Оюу толгойн далд уурхайн залуучууд говьд 240 км тунель ухчихсан байна лээ. Далд уурхайн ажил зогсохоор тэнд ажиллаж байсан залуучууд эргэж гарч ирнэ. Тэр залуучуудаар 10, 20 саяынх нь цалинг өгөөд ажлаа хийлгэ л дээ. Тэр залуучууд үнэхээр технологи, ноу-хау сурчихсан.
-Оюу толгойн өндөр цалинтай залуус гадагшаа их явж байна. Тэднийг яаж тогтоон барих вэ?
-Хэмжээ хязгааргүйгээр гадны ажилчид оруулж ирье гэдэг байдлаар өрсөлдөх нь яг үнэнийг хэлэхэд, бодлогогүй улсын шийдвэр. Би үүнийг хэт бодлогогүйгээр тавьж байгаа зүйл гэж бодож байна. Ажиллах хүч болох хүн капитал хамгийн үнэ цэнэтэй. Хамгийн үнэ цэнтэй, эх орны баялгийг бүтээж байдаг хүмүүсийнхээ хажуугаар хэмжээ хязгааргүй, төлбөргүйгээр гадны хүч оруулж ирнэ гэж тунхаглаж зарлавал дэлхий гайхах байх даа.
Монголд зөндөө боломж байна. Монгол яагаад гадагшаа гарсан чадалтай хүмүүсээ буцааж дууддаггүй юм бэ. Солонгос, япон залуус гадаад руу яваад, улс нь тэднийг маш хурдан буцаан татсан байхгүй юу. Чамд зээл, газар, лиценз олгоё. Чи яг ийм үйлдвэрлэлийн тийм технологийг сураад ир, бид дэмжээд өгье гэсэн бодлого дутаж байгаа учраас бидэнд ажиллах хүч олдохгүй байна гэж бухимдаад байгаа юм.
Д.Эрдэнэтуяа
Зочин · 2024/12/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/21
DYRN XANI80955877
Зочин · 2024/12/20
MERGJLN VANAGLGCH80955877SEXSEER
Зочин · 2024/12/20
VAWALDI80955877
Зочин · 2024/12/20
TSAGR SHAALGAAD80955877SEKSDEED
Зочин · 2024/12/20
BOOBN XOJ TAWIYYLN ANUSDAAD80955877