Иргэн Б.Цацралын биед халдсан иргэдийг олж тогтоон СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа
2 цагийн өмнө
Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш үргэлжилж буй жагсаал цуглаантай холбоотой бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Цахим орчинд зарим иргэд цагдаагийн байгууллага хуулийг ялгамжтай хэрэглэж, зарим иргэдийн хууль бус үйлдлийг шалгахгүй байна гэсэн үзэл санаатай холбоотой асуудал явж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн гомдол болон гомдол ирээгүй ч цахим орчинд түгсэн бүх хэргийг шалгаж байгаа.
Иргэн Б.Цацралын биед халдсан иргэдийг олж тогтоосон. Нэр бүхий иргэдийг шалгах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтэст явуулж байна" гэв.
Нэгдүгээр сарын 11-нээс хойш тус жагсаалтай холбоотой 13 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгджээ
Нэгдүгээр сарын 11-нээс хойш тус жагсаалтай холбоотой 13 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 7, зөрлийн 6 гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Гэмт хэргийн шинжтэй:
- Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16,
- Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1
Зөрчлийн шинжтэй:
- Танхайрах буюу Зөрчлийн тухай хуулийн 5.2,
- Хүний биед халдах Зөрчлийн тухай хуулийн 5.3,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасан зөрчлүүд бүртгэгджээ.
Мөн жагсаал цуглааны үеэр иргэдийн хөрөнгийг устгаж гэмтээсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, нэг төрийн тусгай албан хаагчийн савхан яс хугарсан, нэг цагдаагийн албан хаагчийг шатнаас түлхэж унагаасан, төрийн ордон руу бие зассан, нэвтрэхийг санаархах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл жагсагчдын дундаас гарсан байна. Эдгээрийг цагдаагийн байгууллага бүртгэж прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Түүнчлэн бусад иргэдийн эрхэд халдах, зорчих эрхэд саад учруулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд гарсан ба тухайлбал бага насны хүүхэд нь өвдсөн эмэгтэйн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд жагсагчид саад учруулж, эмэгтэйг түлхэж унагаасан. Мөн зорчигч тээврийн хэрэгслийн замыг хаах, эмнэлгийн машины хөдөлгөөнд саад учруулах зэрэг хууль бус үйлдлүүд жагсаалын үеэр гарсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас уг жагсаал цуглааны үеэр хүний эрхийг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг тасралтгүй авч ажилласан байна. Тухайлбал хүний төвлөрөл ихтэй байсан нэгдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн алба хаагчид бага насны хүүхдээ дагуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага насны хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийт 129 иргэнд холбогдох журмын дагуу зөвлөгөө өгч, албаны авто машинаар гэрт нь хүргэх зэрэг үйлчилгээг үзүүлжээ.