УИХ-ын өнөөдрийн /2025.01.16/ чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа билээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшсэн юм. Нууц санал хураалтаар Б.Саруулыг 61.1 хувийн саналаар, Ш.Хандсүрэн 61.1 хувийн нарыг дэмжсэн бол Шадар сайд  Т.Доржхандын дүү Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжсэнгүй. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "СЗХ-ны Орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Л.Сонор таныг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа ББСБ, даатгалтай гэх хүнтэй хамаатан гэх юм. Үнэн үү"

Нэр дэвшигч Л.Сонор "Үнэн. Т.Доржханд бол миний авга ах. Гэхдээ намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд нөлөөлөөгүй" гэлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрд олон жил ажиллаж байгаа туршлагатай залуучуудаа төр чиг үүргийнх нь дагуу томилдог. Энэ залуусаа бохир улстөртэй хутгаж, явцуу улстөр хийх шаардлага байхгүй" гэв.

Нэр дэвшигч Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна.