Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улс Францын талтай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ болж Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой юм. Монголын за бол андгай хэмээх эцэг дээдсийн маань үг байдаг. Энэ бол монголын парламенттай нээлттэй хэлцэл хийх хялбар биш ч гэсэн нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.

Бүгд Найрамдах Франц Улс бол бидний гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Тогтолцооны шинэчлэлийн дүнд байгуулагдсан хамтарсан засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа.

Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг их сэргэлтийн авчрах эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс хийж чадлаа" хэмээв.