Улаанбаатар хотын авто замын 176 уулзвар, гарцыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон есөн дүүргийн дэд төвтэй холбосон болохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

"Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын "Зогс" шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлснээр автотээврийн ослыг бодитоор бууруулна.

Ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдаж, түгжрэлийг бууруулах үндсэн нөхцөл бүрдэж байна" гэв.

Зөвхөн хотын төвд бус гэрлэн дохиотой уулзвар бүрд буюу Баруун салаа, Зүүн салаа зэрэг захын хорооллын гэрлэн дохиотой уулзваруудад камер суурилуулжээ.