Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн удирдлага, жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ
13 цагийн өмнө
Прокурорын байгууллагаас өнөөдөр 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг мэдэгдлээ.
Хэргийн талаар тодруулбал Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан. Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.
Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дагнан явуулж, Нийслэлийн Прокурорын Газар(НПГ)-аас хяналт тавьжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Б, тухайн компанийн жолооч Н.Р нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас
- тухайн үед замын хөдөлгөөнд зорчиж явсан дөрвөн энгийн иргэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хаагч буюу нийт долоон хүний амь насыг хохироосон
- ослын улмаас таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан
- нэг хүнд хүндэвтэр гэмтэл учирсан
- иргэдийн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдэгдсэн юм.
Улмаар "Дашваанжил" ХХК-ийн удирдлага болон ажилтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
- 11.3 буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах
- 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор 11.8 тэрбум төгрөг учирсан гэх тооцоолол гарчээ.
Харин Патрол загварын машины жолоочийн талаар сэтгүүлч тодруулж асуухад НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Мөрдөн шалгах ажиллагааны явцад найман төрлийн нийт 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Яг осолтой холбогдолтой буюу техникийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан.
Хавтаст хэрэгт цугласан эдгээр шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтад тулгуурлан осол гарахад Патрол машины жолоочийн буруутай үйлдэл байхгүй, харин "Дашваанжил" компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдолтой осол гарсан гэх дүгнэлт хүрсэн" гэлээ.
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 8 цагийн өмнө
DYRN XUSEMJLEED80955877SEXSY
Зочин · 13 цагийн өмнө
SEKSYGR XALYYTSTL UILCHLD80955877