Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд бөөгнүүлэх “стратеги” байна уу?
өчигдѳр
Уг нь Монгол Улс Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болоод есөн сар гаруй болж байна. Өнгөрсөн оны сүүлчээр гурван санд “юм” орсон. Монгол Улсын бүх иргэн “амталгаа” хийгээд амжсан. Нэг үгээр, Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжээд эхэлсэн.
Яахав, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хийхдээ зарцуулалтын тал дээр нэлээд сайн анхаарчээ. Хуулийг санаачилсан Засгийн газраас “…Гурван сантай байна. Тус тусдаа үүрэгтэй байна. Хуримтлал үүсгэнэ. Эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж болно. Улсын хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэж танилцуулсан.
Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн санд мөнгө нь орвол зарцуулалт дээр нь асуудал гарахааргүй хууль хийгээд баталчихсан. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийг орлого төвлөрүүлэгч хэмээн хуулиар өргөмжилсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүрийн өмнөөс баялгийн хувьцааг эзэмшиж, Үндэсний баялгийн санд хөрөнгө хуваарилах онцгой үүрэгтэй байгууллага болсон. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12.7-д “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын лиценз эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж заасан. Угтаа энэ нь “…Бүх стратегийн орд Үндэсний баялгийн санд хамаатай” гэдэг хатуу заалт байгаа юм. Тиймээс 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш УИХ-ын 2007 оны тогтоолоор “Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий орд” хэмээн зарлагдсан 15, сүүлд нэгийг нэмээд 16 ордын 34 хувь шууд Үндэсний баялгийн санд хамаатай болчихсон. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК тэр хувийг эзэмшигчээр бүртгэгдэх учиртай болж байгаа юм.
Харамсалтай нь энэ бүртэл өнөөдрийг хүртэл хийгдээгүй л байна. Тэр байтугай, стратегийн ордыг эзэмшдэг хувийн хэвшлийнхэн “…Бизнесийг маань дээрэмдэх гэж байна” гэсэн агуулга бүхий зүйлүүдийг ярьсаар цаг авч байна. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар ч ямар нэг ордоос 34 хувийг авсан талаар хэлж дуулгасан зүйл алга. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 2024 оны есдүгээр сарын сүүлчээр “…Нийт 16 стратегийн ордоос долоо нь төрийн эзэмшилд, ес нь хувийн эзэмшилд байна. Мэдээж хэлэлцээ хийж, шийдвэр гарна. Тиймээс дээрх есөн ордыг ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд руу албан бичиг илгээж хэлэлцээрт урина. Өргөн агуулгаар харахад бид хэлэлцээ хийх ёстой. Анхнаасаа буруу явж ирсэн учраас ийм байдалд хүрээд байна. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зарчим руу шилжинэ” гэсэн юм.
Н.Учралын хэлсэн төрд үлдсэн долоон орд нь Оюу толгойн зэс, молибдений орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Эрдэнэтийн зэс, молибдений орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Асгатын мөнгөний орд байна. Харин Нарийнсухайтын нүүрсний орд, Мардайн ураны орд, Дорнодын ураны орд, Гурванбулагийн ураны орд, Цагаансуваргын зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын орд, Гацууртын алтны орд хувийн хэвшил, хувь хүмүүст очжээ.
Долоон ордоо хөдөлгөх яахав, байгаа юм учиртай. Хамгийн гол нь хүнд очсон есөн ордоо яаж авах нь энэ Засгийн газрыг “шүд”-ийг өвтгөсөн асуудал мөнөөс мөн болжээ.
Тэгвэл Н.Учрал дараа нь дахиад он солигдохын өмнөхөн “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина” гэж мэдэгдэв. Энэ яг л 2015 оны өдийд С.Баярцогтын УИХ руу барьж орсон хуулийн төсөлтэй агуулга адилтай байгаа юм л даа. Тодруулбал, арван жилийн өмнө, 2015 оны хоёрдугаар сарын 11-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байв. Тэр үед С.Баярцогт “…Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг. Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийн тогтоосон ордуудад төрийн зүгээс хувь эзэмшиж оролцох, улмаар тухайн компанийн менежментэд оролцоо багатайгаар төлөөллөө хэрэгжүүлэх, ногдол ашиг хүртэх, зарим талаар өнөөгийн нөхцөл санхүүгийн талаас өндөр өртөг, эрсдэлтэй хяналтаа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлууд ажиглагдаж байгаа юм. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх үр өгөөжийг аль болох тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байлгах, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх үүднээс төрийн эзэмшлийн хувь эзэмшил, түүнд хүртэх үр өгөөжийг орлуулах шаардлага үүсэж бий болж байгаа юм. Дээр дурдсан шаардлагуудыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын лиценз эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах тохиолдолд ашиглалтын лиценз эзэмшигчээс стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Ашиглалтын лиценз эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах, эсвэл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах сонголтыг хийх эрх нээлттэй болох юм” гэсэн танилцуулгыг хийж байв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “…Бид нар УИХ-ын 57 дугаар тогтоолыг гаргахдаа “…Одоо 34 хувь байна, энд Хөрөнгө оруулалтын гэрээ хийгджээ. Харин оруулсан хөрөнгөө нөхсөний дараа 50 хувь байх юм шүү дээ” гэсэн шүү дээ. Энэ болгоныг яагаад харгалзахгүй байна вэ” гэж асуухад С.Баярцогт “…5.3, 5.4, 5.5 гэдэг бол “…Төрийн эзэмших хувь хэмжээг 34 хувь, 50 хувь хүртэл дандаа гэрээгээр тохиролц” гэсэн заалт байгаа юм. УИХ “…Оюу толгой дээр 34 хувиар тогтоо, тэгээд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хүртэл хувь хүргэх талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хий” гэсэн чиглэл өгч байсан. Үүний дараа Цагаансуваргын ордын асуудал орж ирсэн. Цагаансуваргын орд дээр төрийн оролцоо “0” байгаа. Ийм маягаар орд болгон дээр өөр өөрөөр орж ирж байгаа учраас төрийн эзэмшлийн хувь хэмжээг огт авахгүй байхын оронд тодорхой хэмжээний нөөц ашигласны төлбөрийг УИХ тогтоогоод, тэр тогтоосон хэмжээний дотор хэлэлцээрийн үр дүнгээр тогтоох тухай ийм асуудал байгаа юм” гэсэн. Дараа нь Д.Дэмбэрэл “…Цагаансуваргыг бид нар “…Засгийн газар мөнгө байхгүй” гэдгээр далим болгоод хөнгөлүүлсэн шүү дээ. Та нар тэгж тайлбарласаар байгаад, уг нь “…Тодорхой хувь эзэмшинэ” гэдгээ хэлээд хөрөнгө оруулахгүй гэдгээр гаргах ёстой. Оюу толгойн гэрээнд гаргасан 57 дугаар тогтоолоор бол Цагаансуваргыг хэдэн арван жилийн дараа “…Төр 34 хувийг нь эзэмшинэ” гээд орох чинь хуулиар, гэрээгээр нээлттэй шүү дээ. Хөрөнгө оруулахгүй байж болно. Тэрийгээ “0” гэж болно. Энэ хоёр чинь салангид ойлголт байгаа юм” гэж байв. Тэр чуулган дээр ингэж асууж, хариулж байсан нь ч өнөөдрийн байдалтай дүйж л байна. Арван жил өнгөрсөн ч асуудал хэвээрээ л байна гэсэн үг.
Энэ бол Монголын төр Үндэсний баялгийн сантай болоогүй, гэхдээ стратегийн ордууд буюу газрын хэвлийн баялгийг хэрхэн хуваарилах талаар тодорхой алхам хийсэн нь энэ юм. Хамгийн гол нь тэрхүү баялгийн өгөөжийг бүх хүнд хүртээмжтэй байх талаар төр хувь эзэмших, аль эсвэл татвар төлбөрийг хангалттай авах хоёр арга зам байгааг энд ярьж байжээ.
Тэгвэл өнөөдөр ч орд ашиглах ажлыг эхлэхдээ Монголын төр энэ асуултын очоод гацдаг, боддог хэвээрээ байна. Учир нь стратегийн ордуудын лицензийг эзэмшигчид саяхнаас “…34 хувь авах уу, эсвэл хувь хэмжээг орлуулах байдлаар хэлэлцэх үү” гэдэг ажил хэрэгч саналуудыг тавиад эхэлсэн байна. Тиймээс УИХ-аас нэгэнт баталсан Үндэсний баялгийн сангийн хуулийг Засгийн газар хэрэгжүүлэхэд стратегийн ордуудыг бөөгнүүлэх “стратеги” л хэрэгтэй болоод байгаа бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · өчигдѳр
SEKSYGEER VANAGLMR80955877
Зочин · өчигдѳр
SADAR SRKSDN XUCHINDEX ERD80955877