Менингококкын халдварын эсрэг вакцины талаар сэтгүүлчид өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн захирал Э.Анхбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 5-нд анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас эрчимтэй ярьж, 2,000 тун вакцин худалдан авсан. Ирэх долоо хоногт Монгол Улсад бууна. Батлагдсан тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд тархвар зүйн заалтаараа вакцин хийнэ.

Манай улсад дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй. Жилд ойролцоогоор менингитийн 10 орчим тохиолдол бүртгэгддэг. Сүүлийн 2022, 2023 онд тус хоёр, 2024 онд дөрвөн тохиолдол батлагдсан. Нас баралт байгаагүй. 2025 онд нэг тохиолдол батлагдаж, маш хүнд байдалтай байсаар харамсалтай нь эндлээ.

Хамгийн сүүлд менингококкын халдварын эсрэг вакцин 2022 онд хийгдсэн. 2023, 2024 онд худалдан авалттай холбоотой асуудал гарч, вакцин орж ирээгүй" гэв. 

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд вакцин нэмж авах, урвалж оношлуурын бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг танилцуулсан байна. Хуралдаан өндөрлөсний дараа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.