Цаг үеийн асуудлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Энэ үеэр гал түймрийн гамшиг ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн юм. 



Сүүлийн таван жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагад объектын гал түймрийн 15,300 орчим дуудлага бүртгэгдсэн. Гал түймэрт 247 иргэн түлэгдэж, 310 иргэн өртөж нас барсан харамсалтай мэдээлэл бий. 

Гал түймрийг жилийн дунджаар авч үзвэл:

Онцгой байдлын байгууллагад жилд дунджаар 3,000 орчим удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, эдгээрт 1,200 орчим гэр байшин өртжээ. 

Объектын гал түймрийн дуудлагыг нутаг дэвсгэрээр ангилбал: 

  • 60 гаруй хувь нь аймаг, орон нутагт
  • 40 орчим хувь нь Улаанбаатар хотод гарчээ.

Бүртгэгдсэн гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, хашаа, орон сууц, гэрт гарчээ. 

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл: 

  • 53 орчим хувь нь санамсар болгоомжгүй байдлаас
  • 36 орчим хувь нь цахилгаантай холбоотой хохирол бүртгэгдэж байна.

Санамсаргүй байдал гэдэг нь:

  • Лаа
  • Чүдэнзний гал
  • Үнс, нурам
  • Пийшин зуух
  • Яндангийн цонолт
  • Гагнуур
  • Хүүхдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй. 

Цахилгаан хэрэгслийг буруу хэрэглэх, гэмтэлтэй техник хэрэгсэл ашиглах зэргээс шалтгаалж объектын гал түймрийн шалтгаан нөхцөл бүртгэгдсэн дүнтэй байна.

2025 он гараад 490 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид ажилласан. Гал түймрийн 57.8 хувь нь нийслэлд гарчээ. 

Статистикаас дүгнэлт хийхэд: 

  • Улаанбаатар хотод гарч байгаа объектыг гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу монгол гэрт гарсан. 
  • Байшин хорооллын тухайд гал түймрийн 50 орчим хувь нь хогийн бункер сувагт гарсан байгаа юм.