"МОНГОЛ БАЯР-МОНГОЛ БЭЛЭГ" үндэсний үйлдвэрлэгчдийн төвийн бүсийн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
уржигдар
Жижиг, дунд үйлдвэрийн газар Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан сар шинийн баярт зориулан “МОНГОЛ БАЯР-МОНГОЛ БЭЛЭГ” үндэсний үйлдвэрлэгчдийн төвийн бүсийн үзэсгэлэн худалдаа Дархан хотод Залуучууд театр, Найрамдал талбайд 2025 оны 2 дугаар сарын 15-23-ныг дуустал зохион байгуулж байна.
Төвийн бүсийн үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул Аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимтай хамтран түрээсийн төлбөргүй зохион байгуулж байгаа ба үйлдвэр эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдан борлуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Төв, Архангай, Булган, Орхон, Хөвсгөл, Завхан, Дундговь аймгийн 250 гаруй үндэсний үйлдвэрлэгч хоршоо, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид сүү, мах, гурилан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээр оролцож байна.
Мөн үзэсгэлэнгийн үеэр урамшуулалт сугалаат худалдаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зэрэг олон төрлийн арга хэмжээ явагдана.
Цагаан сарын үзэсгэлэнгийн 3 өдрийн хугацаанд гаднах талбайн худалдаа эрхлэгчид 228 сая төгрөг, дотор талбайн үндэсний үйлдвэрлэгчид 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ.