Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. 

2025 оны хоёрдугаар сарын 22-ны Бямба гарагаас сар шинийн баярыг хүртэл буюу хоёрдугаар сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болоод байгаа юм. 

Цагийн хязгаар болон бүсчлэлийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өглөө. 

Хоёрдугаар сарын 22-27-ны өдрийг дуустал нийт зургаа хоногийн хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд тэгш сондгойгоор явуулна. Өвлийн бүсчлэл дээр Таван шарын уулзвар, МИС-ийн уулзвараас 19 үйлчилгээний төвийн Дунд голын зам, мөн Махатма Гандигийн гудамж, урагшаа И-мартын уулзвар хүртэлх замууд нэмэгдсэн байна. 

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.

Зарим тээврийн хэрэгсэл буюу гадаадын зочин, төлөөлөгч, айлчлал, дипломат байгууллагын машин, хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий машин, сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын унаа зэрэг хавсралтад заагдсан автомашинууд хязгаарлалтад хамаарагдахгүй юм. 

Сар шинийн баяртай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүдийн орчимд замын хөдөлгөөний ачаалал үүсэж, түүгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн хурд удааширсан учир эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгч байхыг анхааруулав.