Санг сайдаар удирдуулж болохгүй
18 цагийн өмнө
Сан хэмээх үгийн тайлбар тайлал нь “ариулан тахих” гэсэн утгатай үг ажээ. Тухайлбал, “Эзэн сан” гэдэг үгийг эрт дээр үеэс “Далд эчнээ биднийг байнга харж толилон суугаа Чингис хааныг ариулан тахина” хэмээх утгатай үг гэж бичсэн байх юм.
Тэгэхээр шашны агуулгаар эхэлж тольдвол цэвэр ариуны утгыг тээдэг юм байна. Харин арай албажуулсан утгаар авч үзвэл тодорхой зорилгоор, тодорхой зохион байгуулалттайгаар бий болгосон хуримтлалын тухай ойлголт болон хувирна. Тэгэхээр олон арван жилийн турш Төр тэрхүү зохион байгуулалтыг авч явж ирсэн нь тодорхой. Жишээлбэл, сан гэх ойлголтын тухай хайж үзэхэд улсын мэдлийн өмчид холбогдох эд хөрөнгө буюу улсын сан (улсын өмч хөрөнгө) гэж томьёолсноор гарч ирнэ. Энэ ойлголт ялангуяа манай олон нийтийн ухамсарт эдүгээ ч гүн гүнзгий шингээстэй явдаг. Манайд төрийн байгуулсан сангууд гэж л бий.
Мэдээж манайд тэрбумтнууд бий гэх ч яг сонгодог утгаараа төрсөн хөрөнгөтнүүдийн тухай ярих боломж тун хэцүү. Энэ нь үндсэндээ Төрийн дэмжлэггүйгээр амжилтаа байгуулсан хувийн компани, группүүд байхгүй л гэсэн үг. Хамгийн эхэнд жагсдаг тэрбумтнууд нь гэхэд улсын зардлаар хайгуул хийж нээсэн орд газрууд дээр боссон, Төрийн зүгээс хувийн хэвшлийнхнээр хийлгэсэн том төслүүд, тендерүүд дээр давуу эрхтэй тоглож хөлжсөн, төрийн өмчийг хувьчлах үеэр мэдээлэлд ойр байдлаа ашиглан их хэмжээний хөрөнгийг гартаа оруулсан зэрэг л түүхтэй. Тэдний маань түүхийг айлын мундаг хүүхдүүдтэй харьцуулах боломжгүй л дээ. Учир нь манайх чөлөөт зах зээлд шилжээд ердөө гуч гаруй жил болж байна. Маш залуу түүх.
Тэгэхээр Билл Гейтс болон түүний экс эхнэр Мелинда Гейтс нарын үүсгэн байгуулсан “Bill & Melinda Gates Foundation” сан шиг, Уоррен Баффеттын сан шиг улсдаа битгий хэл дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа аварга сангууд шиг сан яаж байх билээ. Үнэндээ эх орондоо томоохон дэмжлэг үзүүлчих тэнхээтэй хувийн хэвшлийнхний үүсгэсэн сан одоогоор бидэнд байхгүй. Харин ч улсаа илүү монждог ёс суртахуунгүй панз л хөгжсөн. Ер нь илүү гүн өндийж харвал манайд өгөх, хуваах, дэмжих соёл бүр цаанаасаа байхгүйтэй адилхан. Энэ тухай өгүүлэх нь миний өнөөдрийн зорилго биш болохоор ингээд орхиё.
Тэгэхээр сангийн тухай авч үзвэл өнөөдөр манайд Төрийн сангуудын хөгжлийн талаар л ярих болж байгаа юм. Монгол Улсад Баялгийн сан гэх ойлголт ч нэн шинэ ойлголт. Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болоод дөнгөж нэг жил л болох гэж байна.
Өчнөөн жил яригдаж, зөрчилдөж, тэмцэлдсэний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөн барьж, Г.Занданшатарын удирдсан парламентын үед Монгол Улс сая нэг Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон нь энэ. Уул уурхайн томоохон төсөл дээр ирээд л энэ ойлголт яригддаг, үр дүн байхгүй явж ирсэн. Байгалийн баялаг бол шавхагддаг баялаг. Тийм болохоор энэ цаг үедээ үрээд, талаад дуусгадаг биш, ирээдүйдээ “юм” болгож үлдээх гэсэн тэмүүлэл нь энэ хуулийн гол үзэл санаа юм. Одоо эргээд жилийн өмнөх рүү харахад парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцсөний үндсэн дээр энэ хууль батлагдсан ч дөнгөж 39 хувийн саналаар батлагдаж байсан гээд бодохоор бас л манайхны байж байгаа царай хэцүүхэн л санагддаг. Гэсэн хэрнээ Монголын бүх баялагт хэдхэн гэр бүл эзэн суусан тухай хорсол нь нийтийн сэтгэл зүйд амь бөхтэй оршдог. Ийм л сонин хүмүүс шүү дээ, бид.
Өнөөдөр уул уурхайн томоохон төслүүдийн түрүүч хөдөлж, экспортын төмөр замын гарцууд нэмэгдсэнээр манай улсын ДНБ өсч байна. Жилдээ анх удаа 70 гаруй сая тонн нүүрс экспортолж, зэс, төмрийн хүдэр гэх бусад байгалийн баялгийн экспорт ч нэмэгдлээ. Л.Оюун-Эрдэнийн “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг батлагдахад хэлсэн “Эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрийн босгоор давуулахад энэ хуулийн гол зорилго оршиж байгаа юм шүү” гэсэн үгний үнэ цэнийг өнөөдөр үнэлэх хүмүүс цөөн харагдавч хожим хэрхэн дүгнэгдэхийг алдарт цаг хугацаа л харуулах биз. Бид баялгийн сангийн хуультай орнуудаас, тэр дундаа дэлхийн хамгийн том баялгийн сан болох “Норвегийн баялгийн сан”-г иш татах дуртай. “Норвегийн баялгийн сан”-гийн нийт хөрөнгийн хэмжээ нь өнгөрсөн жилийн эхний улирлын байдлаар гэхэд нэг их наяд 548 тэрбум 145 сая 71 мянган ам.доллар байсан. Энэ нь нэг иргэнд ойролцоогоор 270 мянган ам.доллар ногдож байна гэсэн үг. Уг нь бид дэлхий дээрх хамгийн сайн жишгийн нэг болох энэ загварыг эх орондоо бий болгох гэж хичээж яваа юм.
Ийнхүү хүч тавин байж сууриа тавилаа. Юм бий болж, үр дүн гарч эхэлсэн нь факт. Тэгэхээр одоо бид түүнд тавих хяналтын тухай нухацтай ярих хэрэгтэй байна. Энэ талаарх бидний туршлага маш муу. Манайд аливаа сангууд ямархуу замаар сажилдгийг бид сайн мэддэг болсон. Ерөнхийдөө хуулинд баялгийн сангийн төсвийг нь УИХ батална. Засгийн газар бол зөвхөн удирдлагын бодлогыг батална гэж заасан. Удирдлагыг хэн томилно тэр “эзэн” сууна гэсэн үг. Тэгэхээр бодлого хэрэгжүүлэгчийг томилж байгаа субьект нь Засгийн газар байх нь гэж ойлгож байна. Засгийн газрыг хэн бүрдүүлдэг юм. Улстөрчид бүрдүүлдэг. Тэр тусмаа өнөөдөр хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа болохоор хэд хэдэн намаас оруулж ирсэн эрээвэр хураавар нөхдүүд гүйцэтгэх засаглалын багийг бүрдүүлж байна. Энэ бол хаа хаанаа хэцүү нөхцөл байдал. Төрийн өмчит компаниудыг удирдаж байгаа гүйцэтгэх захирлууд сөрөг хүчний шахалтаар томилогдож байгаа албан тушаалтнуудтай ам хэлээ ололцоход бэрх байгаа талаар ярьцгааж л байна. Төрийн ажлын ямар ч туршлагагүй, өлөн, дээрээс нь намын нэр барьсан савсаг амбицууд ажилд багагүй садаа болж байгааг хамтарсан засагт орсон намууд эрхбиш дотроо ярих ёстой. Учир нь энэ бол Монголын Төр. Ямар ч хор шар, амбиц энэ босгоны өмнө зогтусдаг байх учиртай.
Нөгөө талаас нь нийгмийн хяналт ч илүү хурц, илүү мэдрэг байх зайлшгүй шаардлагатай юм. Жишээ нь, хэвлэл мэдээллийнхэн бид энэ үүргийн өндөр хувийг өөр дээрээ авч явдаг. Тэгэх ч ёстой. Түүнийгээ ухамсарлаж ч байгаа.
Эргээд сангийн тухай яриа руугаа оръё. Санг улстөрч удирдвал юу болдгийг бид мэднэ. Муугаа ил ярья. Үнэндээ манай бүх сан тоногдсон. Сайд нь сангаа тоночихдог. Монголын сангуудаас номын сан, эмийн сан хоёр л ард түмэнд үлдсэн гэж хүртэл шоглодог болсон. Үнэн хэрэг дээрээ номын сан нь ч бас тоногдоод дууссан гэдэг. Эмийн сан хувийнх болохоороо л тэсч байна гэж ардууд хоржоонтойгоор ярьдаг болтол сангийн нэр хүнд шороотой хутгалдсан.
Ийм болтол дампуурч, ойлголтын хувьд үнэгүйдсэн зүйл бол сан юм.
Уул уурхайн баялгаа хууль эрх зүйн орчинтой болгох гэж Монгол Улсын Засгийн газар олон удаагийн оролдлого хийж байсан. 2006 онд уул уурхайн орлого төсвийн өндөр хувийг эзэлж, ДНБ-ий голлох бүтээгдэхүүн болсон. Анх удаагаа ашигтай ажилласан гэсэн үг. Анх удаа төсвийн илүүдэлтэй гарч, Хөгжлийн сан байгуулж байлаа. Дараа нь 2009 онд Монгол Улсын Хөгжлийн санг хүчингүй болгож, “Хүний хөгжлийн сан”-гийн хууль гэж баталсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор ард иргэдэд амласан нэг сая төгрөгийг бэлнээр, өндөр настан, оюутнуудад бэлэн бусаар олгосон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн. Хоёр жилийн дараа буюу 2011 онд төсвийн шинэчлэл хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Төсвийн тогтворжуулалтын санг байгуулсан. 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай болон Тогтвортой байдлын тухай хуулийг баталж, улмаар Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. 2016 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн 65 хувийг ирээдүйд зориулан хадгалж, 2030 он хүртэл ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгээд 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг гурван үндсэн сантайгаар баталсан юм. Энэ нь :
1.Ирээдүйн өв сан. Энэ нь төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг ирээдүйд зориулж хадгалдаг сан.
2.Хуримтлалын сан. Стратегийн ордын нийт 34 хувийн ногдол ашгийг цуглуулж, эндээсээ иргэдэд шууд хүртээн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, орон сууц гэх мэтэд зарцуулдаг сан юм.
3.Хөгжлийн сан. Энэ нь тогтворжуулалтын сантай уялдуулж холбосон, төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлдэг сан. Гол мега төслүүдийг санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, ирээдүйдээ зориулж хадгалах, одоо цагтаа хэрэглэх, хөгжлийн том хөшүүрэг болох төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэсэн гурван гол зарчмаар ажиллах юм. Ажиглагчид одоо л голдиролдоо орлоо хэмээн дүгнэцгээж байгаа ч бидэнд хэний гарт хадгалуулж, хэнээр захиран зарцуулуулж байгаа юм бэ гэдгээс болоод үл итгэх, хардах хандлага үүсээд байна. Энэ бол нэг талаас “юм”-тай болсон хүний араншин ч нөгөө талаас хаширсан , цөхөрсөн иргэдэд хар аяндаа орж ирж буй сэрэмж шүү дээ.
Үнэндээ “Үндэсний баягийн сан”-гийн бодлогыг Засгийн газар барих юм байна. Яахав дээ, ялсан намын даргад уул уурхайгаас олж буй орлогынхоо 34 хувийг өгч байна л гэсэн үг юм байна шүү дээ…гэж харж байгаа, хэлж байгаа хүн олон байна. Ийм юман дээр л эцэс төгсгөлгүй хар сэр цэцэглэж, өөд уруугүй гүжир гүтгэлэг өрнөдөг. Энэ бол манайд жам болсон зүйл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл хулгай хийгээгүй лидерт л олддог тэмцэх боломжоо ашигласан. Одоо энэ сангийн удирдах эрхийг хөндлөнгийн, мэргэжлийн, улс төрөөс ангид бүтцэд шилжүүлж, нэр цэвэр явах өөр нэгэн чухал боломжийн эзэн болох уу, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Эс тэгвэл бусадтайгаа адилхан “хулгайч” л болж дуусна. Анхнаасаа эрүүл тогтолцоотой, ард түмний хяналттай, нам лам, хулгайч сайд, гишүүдээс хол явж чадвал иргэд энэ үнэ цэнд итгэх болно. Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх…гэсэн эрхэм заалт чинь ингэж байж “амьд” оршино.
Чингэж гэмээнэ хичээн зүтгэж батлуулж чадсан хуулинд чинь заасан:
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх;
Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;
Ил тод, нээлттэй байх, үр ашигтай байх, бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх гэх мэт амин заалтууд чинь хэрэгжинэ.
Уул уурхайн орлогоо баялгийн санд хуримтлуулж, хөрөнгө оруулах замаар өсгөн үржүүлж, одоо ба ирээдүйдээ тэгш хүртээх энэ бодлогыг ард түмэн дэмжиж байгаа. Талархан хүлээж авсан. Тийм ч учраас сонгуулиар ахин эрх барих хугацааг тань сунгалаа гэж харсан.
Төрд байгаа эрх мэдэлтнүүд нь төрийн сангуудыг тонодог хар ул мөр нэгэнт тогтчихсон болохоор иргэд санг сайдаар удирдуулж болохгүй гэж үзэж байгаа юм. Аргагүй шүү дээ. Эрх баригч намын хулгайч нар төрийн сангуудыг хэрхэн яаж сүйрүүлдгийг сүүлийн хоёр жил бид хангалттай харсан.
“Хүний хөгжил сан”-гийн түүхээ арай мартчихаагүй биз. 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5 сая, АН үүнтэй нь барьцаж “Эрдэнийн хувь” нэрээр нэг сая төгрөг тус тус амлалт өгөн сонгуульд орцгоосон. Ингэж мөнгөөр даллаж байж МАН нь 45, АН нь 28 суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулцгааж байв. Амлалтандаа шахагдацгаан, арга буюу “Хүний хөгжил сан”-г байгуулсан. АМНАТ болон стратегийн ордуудын ногдол ашгаар сангаа санхүүжүүлж эхэлсэн. 2010 онд “Хүний хөгжил сан”-гаар дамжуулаад иргэн бүрд “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг тараах Засгийн газрын тогтоол гарсан, үргэлжлүүлээд 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл өнөө сангийнхаа мөнгийг оюутнуудад төлбөрөөр, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшдөд бэлнээр, иргэдэд сар бүр 21 мянгаар цувуулаад тараасан. Адаг сүүлдээ алдарт “Хүний хөгжил сан”-гийн зарлага нь орлогоосоо хамаа намаагүй даван талийсаар, эцэстээ 1.7 их наядын өрөнд баригдаж дууссан. Авсан оюутнууд нь ч одоо мартсан. Сан самрагдсан шорвог түүх ингээд зурайж байна. Цаашаа ч өчнөөн юм болсон. Ийм болохоор бид итгэж чадахгүй байгаа юм. Бидний шагшдаг “Норвегийн баялгийн сан” чинь удирдлага нь улстөрчдөөсөө хараат бус, санхүүжилт бүх юм нь шилэн шүү дээ. Гэтэл бид сайн жишиг рүү нэг алхаад л ар дээр нь улстөрчид гэдэг чононуудаасаа нөлөөллийг нь салгаж чадахгүй юм бол сангийн хэрэг байхгүй.
Үнэндээ Засгийн газар өнөөдөр тусгай сангуудынхаа паянг яая гэж байгаа. Сан руу гараа дүрээгүй хүн эрх мэдэлтнүүд дотроос олоход бэрх болсон. “Боловсролын зээлийн сан”-гаас 300-400 сая ам.долларын зээл авч гадаадад суралцсан зээлдэгч нарын бүртгэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. Яагаад гэвэл эрх мэдэлтнүүдийн хамааралтай этгээдүүд учраас. Гэтэл дотоодын их, дээд сургуульд тус сангаас зээл авч суралцсан ардын хүүхдүүд зээлийн мэдээллийн сангийн хар дансанд бүртгэлтэй байж л байх жишээтэй. Энэ хоёр хэсгийн авсан зээлийн хэмжээ харьцуулагдах боломжгүй зөрөөтэй. Тэнгэр газар шиг зөрөөтэй. Ингэж даварсан учраас, дарласан учраас бид итгэж чадахгүй байгаа юм. Ингээд зогсохгүй одоо Засгийн газрын тусгай сангуудын нэр усыг нь хөөрхөн өөрчлөх мэтээр гөлөг төөрүүлэх ажиллагаа ч явуулах гэж оролдож байгаа нь улам хорсол зэвүүцэл төрүүлж байна.
Засгийн газрын дэргэд өнөөдөр өдий төдий тусгай сан ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын сан;
Боловсролын зээлийн сан;
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
Засгийн газрын нөөц сан;
Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
Ирээдүйн өв сан;
Кино урлагийг дэмжих сан;
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
Нийгмийн даатгалын сан;
Нийгмийн халамжийн сан;
Соёл, урлагийг дэмжих сан;
Спортыг дэмжих сан;
Төсвийн тогтворжуулалтын сан;
Улсын авто замын сан;
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
Хөдөө аж ахуйг дэмжих сан;
Шинжлэх ухаан, технологийн сан;
Эрүүл мэндийг дэмжих сан;
Эрүүл мэндийн даатгалын сан;
Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан;
Хүүхдийн төлөө сан;
Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан гээд… Архидан согтуурахтай тэмцэх сантай байгаад нэмэр хаана байна. Архин далайд улам живж байна. Эрүүл мэндийн даатгалын сан мөн л тоногдсон, удирдлагууд нь орон шоронд орсон мэдээлэл цацагдаж байна. Боловсролын зээлийн сан борчууд бидэнд лав хамааралгүй сан. Боловсон хулгайч нар нь үр хүүхдүүд юутай хээтэйгээ хусчихсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан жирийн бидэнд хэзээ ч хамаатай байгаагүй. Гишүүд тоночихсон. Хөдөө аж ахуйг дэмжих сан МАН-ын хулгайч нар дамжуулж орогнодог буруу гарын газар болоод сөнөсөн. Цааш нь яривал цаас хүрэлцэхгүй.
Сан манайд самрагдаж дуусдаг ийм л өв үлдээжээ. Тэгэхээр санг сайдаар удирдуулж болохгүй.
Сан хэмээх үгийн тайлбар тайлал нь “ариулан тахих” хэмээсэн утгатай үг болох тухай нийтлэлийн эхэнд би дурьдсан. Тэгэхээр санг ариун авч явах ёстой юм байна. Сайтар сахин хянаж байх ёстой юм байна. Үүний тулд улстөрчдөөс ангид, шилэн байлгах учиртай. Эс тэгвээс сангийн хэрэг гэж байхгүй.
Зочин · 17 цагийн өмнө
TSAGN SEXSDEX80955877