Шадар сайд С.Амарсайхны тушаалаар байгуулагдсан УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна.

Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө. Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.