Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон. Улмаар түүнд анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

П.Батчулууны өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж, түүнд оноосон ялыг хэвээр үлдээжээ. 

Хэргийг тодруулбал, иргэн Б 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр “Тоёота” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн. Иргэн А Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр нас баржээ. Амь хохирогч тархины үхэлтэй болсон нь тогтоогдсон тул ар гэрийнхэн нь түүнийг амьгүй донор болгохыг зөвшөөрсөн байна.

Автын осолд орсон, тархины үхэлтэй донороос хоёр бөөрийг эргэн тойрон дахь судастай нь, элгийг бүтнээр нь мөн судаснуудын хамт авсан тухай эмч П.Батчулуун өмнө хэлж байсан. Тэрээр "Эд, эрхтнийг шилжүүлэн авахдаа судас, шөрмөсийг ч давхар авах зайлшгүй шаардлага үүсдэгийг ар гэрийнхэнд нь тайлбарласан. Гэхдээ би буруу тайлбарлаж, алдаа гаргасан байна, та бүхнээс уучлалт гуйя" гэж байв.