ХЭҮК-оос өнөөдөр /2025.03.20/ УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлсэн дүн шинжилгээний дүгнэлтийг танилцууллаа.

Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийг хийж, нэгдсэн сантай болж, хяналт тавих механизмыг бий болгох, мөнгөн тэтгэмжийг санг бий болгож, тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх заалтын дагуу тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тэтгэврийн доод хэмжээг 2025 онд зургаан хувиар нэмж, 397.5 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа тэтгэмжийг 30 хувиар нэмсэн талаар ХЭҮК-оос мэдээллээ. 

Мөн хорих ангиас суллагдахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэх заалтын дагуу эргэлт уулзалтын шинэ байр барьж, урсгал засварыг хийсэн байсан бол бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, машин, байраар хангах, хэлмэрч, хувийн туслагч авахад нь төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж, төлбөр татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох заалтаар УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү эмэгтэй улстөрч болон хөгжлийн бэрхшээлтэй улстөрчийг нэв дэвшүүлсэн нам эвсэлд тодорхой санхүүжилт өгөх хуулийн зохицуулалтаар 891 сая төгрөгийг олгохоор СЕХ-ны даргын төсвийн багцад тусгасан байна.

Ер нь УИХ-ын 37 дугаар тогтоол 2024 оны тавдугаар сарын 2-нд батлагдсан. Энэ хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хүний нөөц шаардагдана. Гэхдээ тайланг нэгтгэж үзэхэд 2024 оны сүүлийн хагас жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэсэн. Мөн есөн арга хэмжээний хувьд төсөв санхүүг нь хэсэгчлэн шийдэж, хууль тогтоомжийн төслөө өргөн барьсан байсан. Тухайлбал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, зөвлөгөө мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэсэн байна. Мөн боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих төв ажиллуулах, туслах багшийн орон тоог нэмэх, цогц арга хэмжээг авах ажил үр дүнд хүрсэн бол гэр бүлийн харилцаан дахь жендерийн харилцааны байдлын талаар анхаарах шаардлагатай байна. Өсвөр насныхны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тусгай санхүүжилттэй болсон байна. Хорих ял эдэлж, суллагдсан хүмүүс нийгэмд дасан зохицоход нь туслах механизм дээр 70 хувийн ахиц гарсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх судалгааг хийх, хөрөнгө оруулалтыг хийх ажил цахим хөгжил, харилцаа холбооны яам дээр хийсэн байна. Мөн хэрэгжилт хангалтгүй байсан 10 арга хэмжээнээс дурдахад, хөрсний болон усны бохирдлыг бууруулах ажил хангалтгүй байгаа гэв.